ДэлхийНийгэмОдуудСонирхолтой

Хөгжмийн тоймч М.Чарьлтон “The Hu” хамтлагийн тухай бичсэн ШҮҮМЖ нийтлэгджээ

Хөгжмийн тоймч М.Чарьлтон “The Hu” хамтлагийн тухай бичсэн ШҮҮМЖ нийтлэгджээ

-ГАДАГШ ГАРЧ, ӨӨРИЙН ХӨГЖМИЙН ХИЛИЙГ ЗӨРЧИН ҮЗЭЭРЭЙ ГЭЖ ЗӨВЛӨХ БАЙНА-

Австралийн алдарт хөгжмийн зохиолч, тоймч Мич Чарьлтон урлаг судлаачдын дунд алдартай нэгэн. Тэрээр The Hu хамтлаг “Gereg” цомгийн талаар шүүмж, магтаал нийтлэл нийтэлжээ.

Мич Чарьлтоны ШҮҮМЖ

Gereg цомог

Уран бүтээлч: “Хү” хамтлаг

Огноо: 2019-09-13

Төрөл: Метал

Лабль: Eleven Seven Music

Хөгжимд хил гэж үгүй, хязгаар гэж байхгүй. Бразилд Сепултюра, Германд Раммштайн, Австралид Эй-Си Ди-Си, харин одоо Монголд “Хү” байна.

Дорно, Өрнө халз тулгарсан газраас та бидэнд одоохондоо хөгжмийн ертөнцөд буй бүхнээс тэс өөр, жинхэнэ язгуурыг авчирч байгаа нь энэ. Эдгээр Монгол залуус ой тойнд багтамгүй аялгуугаараа дэлхий дахинд өөрсдийн соёлоо таниулж байна. “Хү” хамтлаг, басхүү, тоглож байгаа хөгжмийг таалахын тулд дуулж байгааг заавал бүрэн ойлгох ёстой бишийг ч баталж байгаа юм.

Эхнээсээ эцэс хүртлээ толгой савчуулахад хүргэх “Гэрэг” цомог нь хэмнэллэг сор туурвил мөн. Дэвслээ цохилго нь цомгийн ноён нурууг босгож, харин дорнын аялгуу нь эл хөгжимлөг оргилуун араатныг ороон торгоож, тогтоон барих мэт. Хэви метал рок хөгжмийг хөөмэй болон Монгол ардын зэмсэгтэй зохируулсны сацуу өөр олон сонин өнгө аясыг нийтгэж өгсөн учраас энэ цомгийг нэгэнтээ эхлүүлсэн л бол хөөмэйн эгшиг, хөгжим зэмсгийн авиа аялгууг дуустал нь сонсохоос өөр аргагүй.

Бүх бүтээлийн ард дэвсэц цохилго явах нь өрнийн хөгжмийн нийлэмжийн хүрэх хязгаар, үүнээс чинагш атар харь орчин ажээ. Ойр зуур судалсны хувиар Монголын язгуур хөгжмийн зэмсгүүдийн нэрийг олсон нь Морин хуур, товшуур, төмөр хуур бөгөөд хамтлагийн дөрвөн гишүүн бүгд сонгодог хөгжмийн боловсролтой, мөн анхны энэ гоц цомгоо гаргахын тулд ихээхэн шаргуу ажилласныг олж мэдэв.

Энэ цомог бүхэлдээ маш аргил найруулгатай байгаа нь хөгжмийн зэмсгийн дуугаралтаас болсон байж мэдэх ч, өнөөгийн дет метал буюу рок цомогтой харьцуулахад эгшиглэгээнд нь тийм цэвэр царгиа байхгүй мэт санагдана. Чухамдаа, энэ нь ч аятай санагдах бөгөөд өөрсдөө ч үүнийг зорьж, үүгээрээ ч илүү жинхэнэ язгуур чанараа тодотгож байна. Хү-гийн хөгжим цаанаа эртний баларлаг, адгууслаг шинжтэй нь “Сепултюра”-гийн “Язгуур” (Roots) цомгийг эрхэдгүй сануулж, сэтгэлийг хөндөн доргионо. Ерөөс хөгжим нь хүмүүний мэдрэмжийг хөглөхийн тулд л бүтээгдсэн ч, ийм чанар нь эдүгээ ховордоод байгаа билээ.

Чанга, сул аль ч дуугаралтаар сонсоход ялгалгүй сонор мялаах цомог элбэг таараад байдаггүй. Гэтэл “Гэрэг”-ийг яаж ч сонсож болохуйц юм. Энэ цомгийг бясалгалын эсхүл йога дасгалын ангид дэвсгэр аялгуу болгон тоглуулж байгаагаар төсөөлж болохын зэрэгцээ энэ хэмнэлд дургин доргиж, дэвслэн түрхэрч буй хүн далайг ч бас зураглаж болно. Хэдий энэ цомог нягт хэмнэлд тулгуурлан боссон атал олонлог, эрчимлэг чанартай, тухайлбал “Их Чингис хаан”, “Эх хунгийн дуун” зэрэг дуу нь аялгууны хувьд удаан аажуу ч бүхэлдээ төгөлдөр орчныг цогцлоож чадах аж. Харин “Шөөг Шөөг” гэдэг дуу нь цомгийн хамгийн доргио дуу, энийг сонслоо л бол өөрийгөө яаж ч чадахгүй, энэ дуу өөрийг чинь барьж аваад хүссэнээрээ бөхөлзүүлж тонголзуулна.

Миний зүгээс та бүхэнд гадагш гарч, өөрийн хөгжмийн хилийг зөрчин, энэ цомгийг сонсоод үзээрэй гэж зөвлөх байна. Хэдийгээр юу дуулж байгааг ойлгохгүй байж болох ч, зөвхөн зах зух нь л гэж мэд. Ийнхүү, би вээр “Хү” хамтлаг далайг гатлан, домог түүхээ гал голомтод маань хүүрнэж өгөхөөр шийдэх болтугай, амьд тоглолтыг нь үзэх сэн хэмээн найдаж сууна! Үзэгчид хэрхэн доргиж буйг харахаас гадна эдгээр зэмсгээр хэрхэн хөгжимдөж хуурдаж, зэмсэг “амьдаараа” хэрхэн дуурьсдгийг үзэхийг хүснэ” гэжээ

ОРЧУУЛСАН: Г.Дэлгэрмаа Source : isee.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close