ДэлхийЗөвлөгөөНийгэмСонирхолтой

МОНГОЛ БОЛОН АМЕРИК ХҮҮХДҮҮДИЙН ЯЛГАА

МОНГОЛ БОЛОН АМЕРИК ХҮҮХДҮҮДИЙН ЯЛГАА

МОНГОЛ БОЛОН АМЕРИК ХҮҮХДҮҮДИЙН ЯЛГАА

Хэд хоногийн өмнө 7 настай охинтойгоо өглөө муудалцдаг юм байна. Өглөө сэрээд л утас бариад авч байна. Тэгэхээр нь одоо утас үзэх цаг биш, өглөөнийхөө бэлтгэлийг хий, цайгаа уу гээд утсаа авсан чинь над руу ширүүн харж, уурлаж байдаг шүү. Өглөө дөнгөж сэрснийг ч хэлэх үү, нойрмог, тэгээд хүүхэд үг сонсохгүй болохоор миний ч уур хүрээд явчихлаа. Яахав, нөгөө “чихэнд чинь хэлээд ойлгохгүй бол маханд чинь хэлнэ шүү” гэж зануулж өсдөг үеийн хүн болохоор зангаа тавихгүй бас охиндоо “За, би ёстой турсагыг чинь хуулна шүү” гээд л авлаа (хөөрхий, турсага гэж юу вэ, ээжээ гээд надаас асуугаад л байдагийн). Охин минь дуртай дургүй үгэнд минь орсон ч ер нь “юу хийх нь миний өөрийн асуудал” гэсэн байр суурь жил ирэх тусам л бэхжээд байгаа нь ажиглагдаж байна.

Охиноо аль болох Монгол соёл, сэтгэхүйтэй болгож өсгөх гэж хичээж байгаа ч зуны гурван сар нилээн монголжуу болж ирсэнээ хичээлдээ яваад ихэрээр яг л Америк сэтгэхүйтэй болж өөрчлөгдөх юм. Мэдээж өөрийн гэсэн үзэл бодолтой, амьдралаа өөрийн гартаа аваад явах чадвар хэрэгтэй ч зарим зүйл дээр Монгол ухаан, хүүхэд хүмүүжүүлэх аргын давуу талууд үнэхээр харагдах юм. Өөрөөсөө ахмад хүнийг хүндлэх гэсэн ойлголт энд байхгүй. Том хүний өөдөөс ер нь бол торохгүй үг сөрнө, түүнийгээ хэвийн гэж ойлгоно. Миний амьдрал, миний сонголт, миний эрх чөлөө гэсэн үзэл маш хүчтэй. Тэр нь зарим талаарааа хүүхдүүд буруу замаар орж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үүд хаалгыг нээдэг бол зарим талаараа ээж аав нь хэн байхаас үл хамааран өөрийн амьдралынхаа замыг өөрөө залаад явах боломжтой гэсэн сэтгэхүйг суулгадаг. 18 нас хүрээд л гэрээсээ гарч бие дааж амьдрах шаардлагатай болдог эндэхийн соёлд хүүхдийг өөрөөр нь сонголт хийлгэж өсгөх, алдаж оносон ч чиний л амьдрал гэсэн хатуу зарчмыг багаас нь ухамсарлуулдаг.

Нэг бодлын зөв, нэг бодлын харгис. 18 настай гэрээсээ гарч байгаа хүүхэд юу эсийг хийж байж амьдралаа залгуулах билээ дээ. Бүгд байр хөлслөх, хажуу өрөө хөлслөхөөс л бие даасан амьдралаа эхлүүлнэ. Аав ээжтэйгээ цуг удаан байх бол ичгэвтэр явдал. Дээрээс нь 18-тай хүүхэд хурдхан шиг л бие дааж, хүссэн бүгдээ дураараа хийхийг хүснэ. Зарим нь ингэх явцдаа алдана, зарим нь гайгүй хөлөө олно. Энд ээжийн тухай дуу тун цөөн, харин дурлалын тухай дуу бол түм бум. Энэ нь нийгмийн сэтгэхүйн илрэл. Дурлалын тухай дуунууд нь хөнгөн явдлыг өөгшүүлэхээс авхуулаад үнэнч, ариун нандин хайрын тухай дуу хүртэл түмэн янзаараа л байна даа. Үүгээр юу хэлж байна вэ гэвэл, амьдралд аав ээж тийм ч чухал биш харин гэр бүл чухал гэсэн сэтгэхүй. Монгол уламжлалалар бол аль аль нь чухал. Тиймдээ ч ээж аавыгаа насжаад ирэхээр нэг бол хамт хажуудаа аваад асраад явдаг, нэг бол ойрхон амьдардаг. Энд харин ээж аавтайгаа жилд ганц уулзахтай үгүй байх бол хэвийн л асуудал.

Ээж аавууд ч тийм их хүлээлт байхгүй, хөгшрөөд ирэхээрээ нэг бол асрагч хөлслөнө, нэг бол ахмадын асрамжийн газарт амьдарна даа. Өөрсдөө ээж аавдаа тэгж хандсан учир өөрийнхөө үр хүүхдээс тийм их хайр асрал хүлээдэггүй гэсэн үг. Монгол уламжлалаар өссөн над шиг хүнд бол настайчуулыг харахаар өр өвдөөд л байдаг юм. Тэгээд л заримдаа охиндоо “Чи ээж аавыгаа настай болохоор асрамжийн газар руу явуулчихгүй, ядахдаа ойрхон амьдрахыг бодоорой” гэж одооноос захиастай. 🙂 Охин минь “Тэгэлгүй яадаг юм, ээжээ. Та битгий санаа зов л гэдэг юм”. Эрхбиш, “барцадыг чинь гаргаад өгнө шүү” гэсэн үг сонсож өгч байгаагийн нөлөө юм байлгүй дээ. Хааяа би ээжийгээ санаад ээжийн тухай монгол дуу тавихаар охин маань хэсэг сонсож байснаа хүрч ирээд “намайг төрүүлсэнд баярлалаа, ээжээ” гээд тэвэрч үнсдэг юм. Дуугаар хүүхдийг хүмүүжүүлж бас болноо гэж (ухаан суух тусам зохиолын дуу сонсдог болох шинжтэй шүү, би) За, тэгээд эцэст нь Монгол хүүхдүүдээ ахмадаа хүндэлсэн сэтгэхүйтэй бас өөрийнхөө амьдралд эзэн болох чадварыг хослуулж өсгөх л зөв гэж бодогдож байгаа. Тунг нь тааруулж өсгөх гэж харин их ур ухаан орох шинжтэй шүү. #ТараСолонго #хүүхэд #хүмүүжил

Ц.Солонго

2020.04.10
Вашингтон Д.С.

Source :https://www.facebook.com/TaraSolongo9

МОНГОЛ БОЛОН АМЕРИК ХҮҮХДҮҮДИЙН ЯЛГААХэд хоногийн өмнө 7 настай охинтойгоо өглөө муудалцдаг юм байна. Өглөө сэрээд л…

Posted by Тара Солонго – Өөрийгөө зорьсон аялал on Friday, April 10, 2020

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close