ЗөвлөгөөЗурхайСонирхолтой

Монгол утга соёл судлаач, доктор Д.Баттогтох: ШИНИЙН 1-НД БҮХ ЮМ ДҮҮРЭН, ШИНЭ БАЙХ УЧИРТАЙ

Монгол утга соёл судлаач, доктор Д.Баттогтох: ШИНИЙН 1-НД БҮХ ЮМ ДҮҮРЭН, ШИНЭ БАЙХ УЧИРТАЙ

Монгол утга соёл судлаач, доктор Д.Баттогтох: ШИНИЙН 1-НД БҮХ ЮМ ДҮҮРЭН, ШИНЭ БАЙХ УЧИРТАЙ

– Манайхан Цагаан сараар их мөнгө зарцуулдаг. Цагаан сарыг тэмдэглэхгүй байж болдоггүй юм уу гэсэн яриа гарах болсон. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Цагаан сараар бүх юм бүтэн, тэгш дүүрэн, түвшин бэлгэдэлтэй, шинэ байх учиртай. Гэтэл амны бэлгэгүй үг хэлж, дутуу гуцуугаа ярих, зоог гүнцэг барих, бэлэг сэлт өгөх гээд зарлага их гарна гэж төвөгшөөх нь ёсоо ёсолдоггүй, ёрыг цээрлэдэггүй хүний л үг, үйлдэл. Монгол ёсонд хүнд өглөг өргөх шиг их буян байдаггүй гэдэг. Сэтгэлийн, эдийн, аюулгүйн, номын гээд олон өглөг байна. Үүнээс эдийн өглөг эзнээ эвддэг гээд нэг их таашаадаггүй. Харин номын өглөг эзнээ хөгжүүлдэг, сэтгэлийн өглөг хүнийг баярлуулдаг, аюулгүйн өглөг хүнийг авардаг гэж үздэг. Тийн атал өглөг буюу бэлгийн зүйлд одоо цагт адгийн өглөг болох эдийн өглөгийг голлох болсон нь тун тоогүй.

Хэндээ ямар бэлэг өгөх нь хувь хүний эрх мэдэл ч монгол ёс бэлгэдлийг бодож зочны гарыг цайлгахдаа алган дээр нь юм тавихгүй, хос болгож хадагтай золгохоос эхлээд бэлгэ өргөлийн зүйлс үнэтэй цайтай, том багадаа бус хүндэтгэл бэлгэдлийн утга агуулсан, тухайн хүний сэтгэлд нийцсэн, ажил мэргэжлийн онцлогийг харгалзсан үнэ багатай ч ёс бэлгэтэй бэлэг байвал зохистой.

Цагаан сарыг тэмдэглэхэд гарах зардал бусад баяраас их байдаг нь зүйн хэрэг. Харин ч төр, иргэний хос ёсны уламжлалт их ёсолгоог тэмдэглэх нь нэгдүгээрт, хуучин жил одож, ирэх шинэ жилийг угтах юм. Хоёрдугаарт, урин цаг, хаврын улиралтай золгосны, гуравдугаарт, аав ээж, ах зах, төрөл төрөгсдөө хүндэтгэн уулзаж золгохын, дөрөвдүгээрт, урт насыг бэлгэдэж нэг нас нэмсний гээд олон баяр давхцаж байна. Тиймээс их зардал гардаг. Зөв зарсаны хэрээр их орлого ордог гэдэг. “Хүн хэрээрээ, тэмээ тэнгээрээ” гэдэгчлэн Цагаан сарыг айл бүр бэл бэнчин, хэр чинээндээ тохируулж, эдийн ихдээ бус, ёс, уламжлал, бэлгэдэл, хүндэтгэлийг бодож сэтгэлийн баян, буянаар тэмдэглэж болно.

Үхрийн том өвчүү тавьж, архи айраг элбэг дэлбэг сөгнөж чадахгүй нэг нь махан зоог, дайллагын шүүс ууцыг орлуулан, тураг махны хүндэтгэл, бэлгэдэл болдог хонины өвчүү, дал, шаант чөмөг, дөрвөн өндөр, сээрийг чанаж, улаан идээ тавьж болно. Мөн архины оронд цагаан идээний дээж сүүгээ амсуулж дайлж болно. Цагаан сараар зүг мөрөө зөв гаргах, жилийн засал номоо хийлгэх, аль болох олон хүний амрыг айлтган золгох, зочныг дайлах, бэлэг сэлт өгөх, үг яриа, үйлдлээ хянаж ам, ажил зөвтэй байвал ирэх шинэ жилдээ тийм л ая зантай болно гэх тул хаанахын хэнтэй ч харших муугүй, халдах дайсангүй, халуун найрсаг, хангалуун чинээлэг, хавтай цэнгэлтэй, хамгийн сайн сайхан, аз жаргалтай амьдарна гэдэгт монгол хүн итгэл төгс байх ёстой.

Цагаан сарыг ойшоохгүй, тэмдэглэхгүй байх эсвэл нэр төдий ёслох, зан авир, үг яриа, үйлдэл бүрээ хянахгүй зоргоор тавих, хорио цээртэйг үйлдвээс тэр жилдээ муу явах, үйлийн үр муугаар боловсорч, цаг бусын дайрлагад өртөх, өвчин шаналал, үхэл зовлон ч ирж мэдэшгүй. Цагаан сарыг тэмдэглэхгүй байхын хор урхаг нь хувь хүн, гэр бүл, улс үндэстэнд ч хохиролтой. Адаглаад ёс заншлаа гээж монголоо алдах, үндэсний бахархал, өвөг дээдэс, үүх түүх, утга соёлоо үл хүндэтгэсэн, үгүйсгэсэн үйлдэл болно. Нөгөө талаар бусдаас онцгойрон ондооших заншил, хойч үе нь соёлоо үнэлэхгүй, үгүйлэхгүй, үл хэрэгсэх, улмаар даяаршилд даган баясвал үндэстэн уусч үгүй болох олон муу үр дагавар гарах вий.

– Цагаан сарын шинийн 1-нд олон цээр хорио, эрхэмлэх сайн үйл байдаг. Үүнийг хүн бүр мэдээд байдаггүй. Тиймээс та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ёстой, төртэй, шашин суртахуунтай монголчууд цагаан сараар үйлдсэн буян нүглийн хувь хэмжээ, чанар чансаа жирийн өдрөөс их байдаг гэж үздэг. Тиймээс зарим хатуу үйл, ёс заншлыг жилжингээ бодож, Цагаан сарын өдрийг хүлээн үйлддэг. Ийм нэгэн зан үйл бол зангираа алдруулах ёс буюу эв бололцох заншил юм. Цагаан сараас өмнө аливаа сэтгэлийн зангилаас, хар хорын хүлээс, дотроо хадгалсан, эв холдсон муу бүхнээ ярилцан зангилаасыг тайлж, ончроог нь алдруулахыг ээдрээ тайлах ёсон хэмээдэг. Цагаан сар нь жилийн нэгэн шинэ эхлэл учир хуучин оны сэтгэлийн хир буртаг, хэрүүл тэмцлийг цэвэрлэн арилгадаг заншилтай. Үүнийг шинэ оны эхлэл, сэтгэл тэнүүн, санаа төвшин, сайхан амьдралын нэгэн учир хэмээн үзнэ.

Ах дүүс, анд нөхөд, ажлын хамт олны дунд ч маргах, хэрэлдэх, муудалцах, үг зөрөх, үл ойлголцох, эв эе хагаран бутрах явдал гардаг. Үүнийг жил өнжүүлэх аваас тангараг тасарч, өш хонзон болж, хүүхэд залуучууд ч өвлөж болзошгүй тул ээдрээг алдруулах ёсыг тайлах нь эрхэм гэдэг. Ер нь сэтгэлийн ээдрээ, ончроог тайлахгүйгээр шинэлбээс шинэ жилийн ажил үйлд урхаг саад болж, зангараг өвчтэй болно гэж цээрлэх тул энэ ёсыг үйлдэхэд хоёр тал ёсоо бодож, харилцан буулт хийж, бие биесээ уучлах сайн талтай. Иймд цагаан сарын бэлтгэл хийхдээ өөрийгөө сайтар хянаж, өмнөх жилийнхээ алдаа оноог дэнслэн шүүж, хэнд хэзээ хаана ёс алдсан, ёр халдаасан муу үйл үйлдэв гэдгээ тунгаан бодох ёстой.

Санаанд орсон муу зүйлээ даруй арилгахын тулд гэрт нь очиж мэнд мэдэлцэн, цай идээ болсны дараа “Тэр үед тийм учир хэргийн тул тантай тэгж эвгүй харилцаж, хоёр биеэ гомдоосон муу явдал боллоо. Хуучин жилийн ээдрээг тайлъя” гэж хэлээд хөөрөг барьдаг. Нөгөө хүн ч санаснаа хэлж хөөрөг зөрүүлдэг. Тэгээд хоёр талын хүний сэтгэл тэнийж, сонин сайхнаа ярилцан сайхан шинэлэхийг ерөөлцөн, бие биеэ урьж золгохоо ярилцдаг байна. Харин одоогийн энэ нийгэмд хүн хүндээ үл итгэх, хардаж сэрдэх, бие биеэ хэмлэн мэрж, хэлэхгүй муу үгээр хэлж гомдоох, хэрүүл уруул өдөөх, атаа жөтөө асааж арсалдан тэмцэлдэх, өш хонзон санах, тэмцэлдэх гээд харилцааны хамгийн муу үйлдлүүд ихэд дэлгэрч байна.

Тиймээс сэтгэлийн сэв, хор хүлээсээ тайлж, цагаан сарын өдөр эв эвдэрсэн, нөхөрлөл холдсон нөгөө хүн дээрээ хэрэг зориг болгон очиж, сэтгэлийн зангилаа, хүлээсээ тайлан хэлэлцэх энэ ёсыг үйлдэж байгууштай. Шинийн 1-нд бүх юм бүрэн бүтэн, тэгш дүүрэн, шинэ байх учиртай гэдэг. Шинийн 1-ний өглөө нар битүүгээр босч, гоёлын шинэ дээл хувцсаа өмсөхөөс эхлээд шинийн цайг дундуур бус дүүрэн уух гээд бүх юм дүүрэн бэлгэтэй, түвшин жаргалтай байх, гэр орон, малын хот хороогоо цэвэрлэх, хог, тоос, хир буртаггүй цэвэр байхыг эрхэмлэнэ.

Түүнчлэн шинийн 1-ний өдрүүдэд айл аймгаараа, ах дүүсээрээ, гэр бүлээрээ, хамт нийтээрээ хаа сайгүй харах мэлмийдээ хаш цагааны өнгөт үзэсгэлэнг үзэж, сонсох сонортоо яруу эгшгийн дуу дуурслыг сонсч, үнэрлэх хамартаа арц хүж, ариун анхилууныг үнэртэж, амтлах араандаа амтат алим жимс, чихэр боов, бал бурмыг амталж, хүрэлцэх арьсаараа хөрс зөөлөн, хөнгөн, нимгэнд хүрч, таван мэдрэхүйгээрээ таван тансагийг хуран мэдэж, үлэмжийн чанар төгөлдрийг үзэж мэддэг бөлгөө.

Шинийн 1-ний өглөөний золголтын цаг бол хамгийн хүндтэй, бэлгэ дэмбэрэлтэй сайн цаг байдаг. Энэ хугацаа үдээс өмнө үргэлжилнэ. Харин үдээс хойш, үдшийн бүрийд эсвэл шинийн 2-нд бэлгэдэл, хүндэтгэлийнхээ хувьд тийм ч сайн цагт тооцогдохгүй. Харин шинийн 3-ны өдрийг шинийн 1-тэй адил хэмээн үздэг нь монголчууд гурвын тоог шүтэж бэлэгшээдэгтэй холбоотой юм. Ийм сайн өлзий дэмбэрэлтэй цагуудад амжиж, аав ээж, төрөл садан, багш, ихэс дээдэс, өндөр настан гээд хамгийн хүндэтгэвэл зохих хүнийхээ амрыг айлтган шинэлэн золгодог. Хэрэв хүү охин, хүргэн бэр нь аав ээждээ цагаан сарын үдэш орой ч юм уу, шинийн 2-нд ирж золговол бэлгэ муу гээд аав ээж нь золгохгүй хойшлуулдаг ёс заншил ч байжээ.

“Зууны мэдээ” сониноор дамжуулан танай хамт олон болон нийт ард түмэндээ нохой жилдээ нохой шиг олз омогтой, олсноо хурааж хумидаг, эзэндээ ээл тустай, нөхөр ханьдаа үнэнч зүтгэн явж шинэ жилээ дүүрэн бэлгэдэлтэй түвшин жаргалтай угтаж, улс гэр хотлоороо эрүүл энх, эрдэм боловсролтой, эд зөөр ихтэй, эв эетэй байхын ерөөлийг айлтгая.

Р.ОЮУН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close