БизнесДэлхийЗөвлөгөөНийгэм

16 сая малтай Итали арьс ширний салбараасаа 50 тэрбум евро олдог байна харин Монгол 70 сая малтай 46 тэрбум төгрөг олдог байна

16 сая малтай Итали арьс ширний салбараасаа 50 тэрбум евро олдог байна харин Монгол 70 сая малтай 46 тэрбум төгрөг олдог байна

Монгол Улс 1918 онд нийт 9.6 сая толгой малтай байсан бол 2019 онд 70.9 сая толгойд хүрч, түүхэндээ хамгийн олон малтай болов. Үүнээс жилд 16 сая орчим толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, арьс ширнийх нь 85 хувийг анхан шатны боловсруулалтад оруулж, үлдсэнийг нь зүгээр л гуу жалга руу хаяж байна. Харамсалтай нь, анхан шатны боловсруулалт хийсэн арьсаа ч хамгийн хямд үнээр урд хөршид нийлүүлж байгаа бол 15 хүрэхгүй хувьд нь гүн боловсруулалт хийж, үүнийхээ багахан хувиар нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өчүүхэн орлого олж байна. Дэлхийн арьс ширний салбар 350 тэрбум ам.долларын нөөцтэй бөгөөд арьс, ширэн бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай эко гэдэг утгаараа үнэ цэн нь улам бүр өссөөр буй юм. Өөрөөр хэлбэл бидний үндэсний баялаг болох ХАА-н салбар нь нүүрс, алт, зэснээс дутуугүй орлого авчрах боломжтой. Тэгвэл өндөр хөгжилтэйг нь биширдэг дэлхийн зарим улс орнуудын жишээг харъя.

Арьсан гутал, цүнх үйлдвэрлэдгээрээ дэлхийд алдартай Итали улс нийт 16 сая толгой малтай хэр нь нэг арьсыг бүрэн боловсруулахад 4 евро, нэг арьсаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 40 евро, жилд 50 тэрбум еврогийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлого олж байна. Гэтэл Монгол 70 САЯ ГАРУЙ МАЛТАЙ хэр нь нэг арьсыг бүрэн боловсруулахад 25 цент ч хүрэхгүй орлого буюу жилд 46 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ОРЛОГО олдог нь мал аж ахуйн орон манай улсын хувь дэндүү хангалтгүй үзүүлэлт.

Бодоод үз дээ. 16 сая толгой малаас олж буй ашиг болох 50 тэрбум евро, 70 сая толгой малаас олж буй ашиг болох 46 тэрбум төгрөгийн хооронд асар их зөрүү байна. Монгол Улс арьс ширээ гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолдог болчихвол эдийн засгийн өндөр өгөөж хүртэх боломжтойг харуулсан жишээ.

Түүхий эдийн шавхагдашгүй нөөцтэй атлаа монголчууд бид арьс ширээ хямд үнээр урд хөршдөө худалдчихаад, өөрсдөө арьс шир боловсруулах стандартын шаардлага хангасан ганц аж үйлдвэрийн цогцолборгүй сууна. Гэтэл БНХАУ 6600 гаруй аж үйлдвэрийн парктай, төр засаг нь бодлогоор дэмжин улам бүр хөгжүүлж, хүчирхэгжүүлсээр байна.

Манай улс ганц ч гэсэн аж үйлдвэрийн парктай болчихвол малын гаралтай түүхий эдээ эдийн засгийн эргэлтэд оруулж, жилдээ 3.5 их наяд төгрөгийн орлого олох боломжтой. Өөрөөр хэлбэл, одоо БНХАУ руу нийлүүлж буй үнээс 3-5 дахин өндөр үнээр дэлхийн зах зээлд нийлүүлж чадна. Ингэснээр экспорт 135 сая ам.доллараас 500 сая ам.долларт хүрэх, дотогшоо чиглэсэн валютын урсгалыг нэмэх потенциалтай салбар хэмээн мэргэжилтнүүд судалгаагаа танилцуулсаар байна. Манай улс 1980-1990 онд жилд 5-6 сая арьс ширийг 100 хувь бүрэн боловсруулж, 3.5 сая хос гутал, 600 мянган ширхэг савхин хувцас, 200 мянган нэхий дээл, эдлэл үйлдвэрлэж байсан түүх бий.

Гэтэл одоо арьс, шир боловсруулах 40 гаруй үйлдвэр нь нийт хүн амын тал хувь нь оршин суудаг улсынхаа нийслэлд бөөгнөрч, Төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас хэтэрсэн бохирдолтой ус нийлүүлэн, нийслэлчүүдийн ундны цэвэр усны нөөц, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарладаг болжээ.

Тиймээс төрөөс ХАА-хөнгөн үйлдвэрийн салбарыг цогцоор нь хөгжүүлэх, малын арьс шир бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох ажлуудыг хийсээр байна. Тухайлбал, малын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль баталснаар, Мал эмнэлгийн үйл ажиллагаа идэвхжиж, тус салбарт ажиллаж боловсон хүчин бэлтгэгдэх зэргээр бодлогын түвшинд ажиллаж байна.

Мөн арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргаж, арьс шир, ноос, ноолуур боловсруулж дэлхийн стандартад нийцсэн нэмүү өртөг шингээсэн арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэд хэдэн парк байгуулахаар шийдвэрлэсэн.

Тэдгээрийн нэг бол Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт баригдаж буй арьс, ширний цогцолбор. Тус цогцолборт арьс шир боловсруулах 13, ноос ноолуурын хоёр үйлдвэр байгуулагдах бөгөөд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байсан ч санхүүжилт саатсанаас ажил нь зогсоход хүрчээ. Төр нь бодлогоо тодорхойлчихоод байхад энэ ажлыг эрчимжүүлэх үүрэг хүлээсэн салбарын яам, тамгын газрууд нь амьгүй албатууд мэт л дөмбийж суух юм.

Тус цогцолборын цахилгаан түгээх, дамжуулах дэд станцын барилга, дулааны шугам хоолой татах, ноос угаах, самнах үйлдвэрийн барилгын ажлууд эхэлснээс гадна ноос, ноолуур, бог болон бодын арьс, шир боловсруулах үйлдвэр байгуулах ажлууд өнгөрсөн хавар идэвхтэй өрнөж байсан өнгөрсөн зун ажил урагш ахисангүй. Уул уурхайн баялаг бол шавхагдана. Харин Монголчуудыг үеийн үед тэжээх, сэргээгдэх, шавхагдашгүй баялаг болох малын гаралтай түүхий эд, арьс шир боловсруулах салбараа дэмжих хэрэгтэй байна.

Source : gogo.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close