ЗөвлөгөөСонирхолтой

Гадаад хэлийг гадаадад уу эсвэл Монголдоо сурсан нь дээр үү?

Гадаад хэлийг гадаадад уу эсвэл Монголдоо сурсан нь дээр үү?

Энэ удаагийн тэмдэглэлдээ дээрх гарчигтай холбоотой бодлоо бичихээр шийдлээ. Уг нь амралтын өдрөөр бичие гэж бодож байсан ч олон хүмүүс надаас мессэжээр германд хэлний курст суух талаар лавлаж байгаа болохоор арай эрт бичие гэж бодлоо. Доорх бичсэн зүйлс ердөө л миний бодол учраас туйлын зөв, туйлын буруу гэлгүйгээр авах гээхийн ухаанаар өөр өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийгээрэй.

Асуултын хариулт гэвэл мэдээж гадаад хэлийг гадаадад сурсан нь дээр.

Гэхдээ яагаад монголдоо хэлээ сурч болохгүй гэж? Хүмүүс голдуу бушуухан л нутагт нь очоод тэр хэлийг сурчихая, энд сурна гэж байхгүй, дээрээс нь бушуухан л эндээс явж үзэх минь, энд байгаад байвал бүтэхгүй юм байна гэдэг. Би ч бас тийм л бодолтой байсан. Тийм ч учраас германд анхан шатнаас нь эхэлж үзээд C1 хүртэл нь суусан.

Хүмүүсийн надаас хамгийн их асуудаг асуулт нь германд хэлний курс хэд гэдэг вэ? Хэдэн өдөр ордог вэ? гэх мэтчилэн.

Би нэг л зүйлийг зөрүүлээд асууя. Та мөнгөө хэмнэхийг хүсэж байна уу? Эсвэл цаг хугацаагаа хэмнэхийг хүсэж байна уу?

Германд жишээ нь нэг хэлний курсийн нэг түвшин нь хамгийн бага төлбөртэй нь 150 еврогийнхыг би мэднэ. Ер нь хэлний курсийн нэг түвшин германд хамгийн багадаа 250 евро болон түүнээс дээш гээд бодчих хэрэгтэй. Нэг түвшин нь ойролцоогоор 45 хоног орно. Зарим нь 7 хоногийн 5 өдөр хичээллэдэг, зарим нь 7 хоногийн 2-4 өдөр ч хичээллэдэг бий. Мөн орох цагууд нь өглөө, өдөр, орой гээд курс болгон өөр өөр. Хувийн хэлний курсууд маш өндөр төлбөртэй.

Зарим курсууд маш бага цагаар ордог мөртлөө өндөр төлбөртэй, зарим нь голдуу цагаачид дүрвэгсдэд зориулсан байдаг болохоор чанар нь тийм ч сайн биш. Хэдий чинээ хямд байна төдий чинээ бүртгүүлэх хүмүүс нь их байдаг, тийм учраас ч орон тоо нь тийм амар олдохгүй, хамгийн гол нь орохын тулд түвшин тогтоох шалгалт өгч бусад орны герман хэл сурч буй хүмүүстэй өрсөлдөнө. Тэгээд хамгийн өндөр оноотойд нь л орон тоо олдоно. Хэрэв олдохгүй бол дараагийн хэлний курсээ хайна, дараа дараагийнх нь улам л илүү үнэтэй сонголтууд нь үлдэнэ.

Хүмүүс хэлний курсийн төлбөрийн үнийг сонсоод өө бараг монголынхтой ялгаагүй юм байна, энд ийм мөнгө төлж байхаар нутагт нь очоод энэ ижил төлбөртэйгээр заалгасан нь дээр гэдэг. Нэг талаар тийм ч тэдгээр хүмүүс бас нэг зүйлийг санхүүндээ тооцоолохоо мартаад байдаг. Германд ирээд хэлний курст суулаа гэж бодоход сар бүр таниас хэлний курсийн төлбөрөөс гадна дээрээс нь хоол, байр, тээвэр, эрүүл мэндийн даатгал, хувийн нэмэлт урсгал зардалыг төлнө. Энэ талаар миний блог дээрх “Германд амьдрахад өртөг хэр өндөр байдаг вэ?” гэсэн тэмдэглэлээс уншаарай.

Ингээд бодоод үзэхээр санхүүгийн хувьд ганц хэлний курсийн төлбөр хамаатай биш байгаа биз. Монголд маань амьдралын өртөг европын орнуудыг бодвол арай бага. Ядаж л бидний байр, цахилгаан, хоолны зардал германд нэг хүний зарцуулдагаас арай л бага. Тэгэхээр хэлэх гэсэн зүйл маань санхүүгээ хэмнэе гэж бодож байгаа бол монголдоо гадаад хэлээ сайн үз. Ядаж B2, C1 түвшин хүртэл суугаад германд ирээд дахиад нэг түвшин ахиулж суугаад тэгээд хүссэн сургууль энэ тэрдээ орсон нь дээр гэж зөвлөх байна.

Бас нэг зүйлийг анзаарахад нутагтаа жишээ нь B2 түвшин гэсэн сертификаттай, тийм түвшинтэй хүмүүс германд хэлний курст ирээд шалгалт өгөхөд яг бодит түвшин нь голдуу нэг түвшин доогуур байдаг. Гэхдээ бүгд тийм биш л дээ, хувь хүнээсээ л шалтгаална. Гэвч ихэнх нь л тийм байдаг. Жишээ нь та монголд өөрийгөө B1 түвшинтэй, гэрчилгээтэй байлаа гэж бодоход энд ирээд бараг A2-т л суух болов уу.

Гадаадад 20-30 жил амьдарсан гадныхан дундаас огт тухайн орны хэлээрээ бараг ярьдаггүй хүмүүс ч байдаг. Та нар үүнийг сонсоод итгэхгүй л байх. Саяхан л гэхэд нэг турк залуутай юм яриж байтал манай аав энд амьдраад 30 жил болж байна гэхдээ чам шиг ингэж яридаггүй гэсэн. Би ч бас тийм хэлэндээ сайн биш. Жишээ нь хятад хороололд амьдардаг хятадууд тэндээ л амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг, тэдэнд ямар ч тухайн орны хэлээ нэг их эзэмшээд байх шаардлага гардаггүй, мөн зарим хүмүүс хэл сурч, боловсрол эзэмших гэж биш ажиллах гэж ирдэг учраас тэд нар ойр зуурын ажилдаа хэрэглэгддэг хэлээ л эзэмшдэг, илүү сурая гэж боддоггүй.

Хүн бүрийн зорилго өөр. Магадгүй хүүхэд асрагчаар явсан хүмүүст хямд үнээр орчинд нь хэл сурах арай илүү боломжтой байдаг байж магад. Яагаад гэвэл өдөр бүр герман айлтай харьцана. Ярианы хэл нь илүү хурдан сайжрах байх. Гэхдээ би хүүхэд асрагчаар явж байгаагүй болохоор хэлж мэдэхгүй юм, энэ талаар явсан хүмүүс нь илүү дэлгэрэнгүй хэлэх байх.

Нутагтаа гадаад хэлээ сайн сурах ёстой гэдэг дараагийн шалтгаан маань гадаадад А ч үсэггүй ирээд шууд л балрана. Ялангуяа ганцаараа, тухайн оронд таних хүнгүй бол. Яагаад гэж үү? Жишээ нь германд буулаа гэж бодоё. Буугаад л онгоцны буудлын тайлбар, автобус, метроны тайлбар, буудлуудын дуут зарлал, интернэтийн вэб сайтууд, эргэн тойрон тэр чигээрээ герман хэл дээр. Яах вэ англи хэлтэй бол зохицуулаад ойлголцчихно.

Гэхдээ дөнгөж нэг байрандаа ороод л шуудангаар ирэх бүх захиа, хөөцөлдөх бичиг баримтууд чинь герман хэл дээр, байрны гэрээ чинь ч гэсэн герман хэл дээр. Ойлгохгүй байж байгаад за за дүүрсэн хэрэг гээд уншилгүйгээр гарын үсэг зурлаа л бол бандан тас. Сүүлд нь мянга заргалдаад нэмэргүй, яагаад гэвэл та гарын үсгээ зурчихсан. Гарын үсэг гэдэг энд маш чухал. Жишээ нь германд галт тэрэгний буудлын дуут зарлал нь герман хэл дээр зарлагддаг. Заримдаа тэр чиглэлийн галт тэрэг тэдэн минут хоцроно, тэр чиглэл рүү явах болон ирэх галт тэрэгний зам солигдлоо л гэдэг.

Бүгд герман хэл дээр, ойлгохгүй бол тэгээд л галт тэргэндээ сууж чадахгүй. Анхааруулах самбар дээрх бичиг нь ч герман хэл дээр. Өвдлөө гэхэд бас л герман хэл дээр өөрийгөө тайлбарлах болно. Тайлбарлаж чадахгүй бол эмч чамайг ойлгохгүй. Тийм учраас нутагтаа байхдаа тухайн гадаад хэлээ аль болох хичээж байгаад, залхууралгүй, хариуцлагатайгаар сайн сур гэж зөвлөе. Нэг ч гэсэн үг илүү цээжилж, нэг ч гэсэн дүрэм, нэг ч гэсэн хэллэг илүү цээжилж байвал энд ирээд аминд чинь орно.

Би баахан герман хэл гээд жишээ татчихлаа. Өөрийнхөө туулсан туршлага дээрээ үндэслээд л тэр шүү. Гэхдээ ерөнхий санаа нь ганц герман гэлтгүй дэлхийн аль ч оронд нөхцөл байдал нийтлэг иймэрхүү л байх болов уу. Би ч гэсэн энд ирээд удаагүй, герман хэл тийм сайн биш. Ирэх жилээс англи, германаа сайжруулангаа орос хэл бие дааж үзье гэж бодож байгаа. Орос хэлэндээ хэр төгс мундаг болох нь, маш хурдан богино хугацаанд сайжрах эсэх нь чухал биш. Би зүгээр л үүнийг сурч өөртөө таашаал авахыг л хүсэж байна. Миний л бодол.

Стресс дарамт гэдэг хэл сурахад, ер нь юм сурахад хамгийн том саад болдог гэдэгт би санал нийлдэг. Миний хувьд ч гэсэн өөрийнхөө аясаар, аажуу тайван, тааваараа өөртөө таашаалтай маягаар сурах нь илүү зохидог юм байна гэж өөрийнхөө онцлогийг ойлгосон. Тэгэхийн тулд би заавал орос явах ёстой гэж үү? Интернэт дээр өчнөөн сурах бичиг үнэгүй тавигдчихсан, өчнөөн хичээлүүд байна, сонин сэтгүүлүүд бас л интернэтэд үнэгүй, youtube дээр л гэхэд audio, video зөндөө хичээл контентууд байна. Хүн хүсвэл боломжгүй зүйл гэж байхгүй гэдгийг л би ойлгосон. Бидний хамгийн гол алдаад байдаг зүйл маань бид үнэхээр хүсэж байна уу гэдгээ мэддэггүй.

Тийм учраас өөрөөсөө би үнэхээр гадаад хэл сурахыг хүсэж байна уу? гэдгээ чин үнэнчээр асуугаарай. Оюутан байхдаа Jet англи хэлний төвд сууж байсан юм. Би ч нэг их тухайн үед суугаагүй, бас хариуцлагагүй, ухамсарлаагүй, хайнга байсан болохоор ерөнхийдөө л дэмий мөнгө төлөөд л шатаад дууссан. Гэхдээ тухайн үед захирал нь хичээл ордог байсан бөгөөд нэг удаагийн хичээл дээр өөрийнхөө нэг түүхийг яриж байсан. Тэрээр багадаа нэг олимпиадад ороод 2-р байрт бил үү дээ орсон гэсэн. Уг нь түрүүлэхийг хүсэж л дээ. Тэгтэл аав нь түүнд миний хүү –Чи үнэхээр 1-р байрт орохыг чин үнэнээсээ, чин сэтгэлээсээ хүссэн юм уу? гэж асуусан гэсэн. Хүслийн талаарх энэ түүх миний толгойноос одоо хүртэл гардаггүй.

Сүүлд нь би энэ л үгийг сонсох гэж тэр курст сууж дээ л гэж боддог. Англи хэлнээс илүү надад чухал байсан үгс байсан. Сүүлийн үед би хүслийн талаар нилээн боддог болж, хүссэн зүйлээ хийхийг л хичээдэг. Хүссэн хүнд зүтгэл аяндаа л гарч ирээд байдаг. Үүнийгээ ч хэл сурахдаа түлхүү ашиглаж эхэлсэн. Дуртай киногоо үзэж, дуртай номоо унших гээд л. Жишээ нь би аялах дуртай болохоор аяллын холбогдолтой англи, герман хэл дээр мэдээллүүдийг, номуудыг, кинонуудыг, мөн сүүлийн үед шинээр гарсан номуудыг интернэтээс татаж авч уншдаг болсон. Би хэл сурах гэж биш тэдгээр зүйлсийг мэдэхийг хүссэн учраас надад төвөгтэй санагдахаа болисон.

Та нарт ч гэсэн дуртай, сонирхдог зүйлс байж л байгаа. Зарим нь зурах дуртай бол зургийн талаарх номнуудыг уншиж болно, тэр талын интернэт сайтуудын мэдээллийг уншиж болно, наанадаж л википедиа байна. Товч хэлэх гэсэн санаа маань гэвэл хүсэж байна уу гэдгээ өөрөөсөө асуу, хэрэв тийм бол сонирхдог зүйлсээрээ дамжуулж сур. Би ч бас та нартай адил гадаад хэлийг суралцсаар л явна. Хамгийн хурдан, дөт амар зам гэж байхгүй байх, хамгийн гол нь өөртөө тохирсон аргаа л ол. Тэр аргаа олохын тулд бүтэлтэй, бүтэлгүй янз бүрийн аргаар сурч, оролдож л үзэх хэрэгтэй.

Гадаадад уу эсвэл монголдоо гадаад хэл сурах нь гол асуудал биш, хамгийн гол нь Та өөрөө яаж аль өнцөгөөс нь харж, хандаж байна вэ гэдэг сэтгэлгээний хандлага чинь л чухал гэж бодож байна. Эцсийн эцэст бид өөрөө өөрсдийгөө л түгжээд байдаг, чөлөөтэй сэтгэж чадвал илүү олон гарц, хувилбаруудыг олж харна.

Миний хэлэх гэсэн санаануудыг ойлгосон гэж бодож байна. Магадгүй зарим хүмүүс өө мэдээжийн л зүйл бичсэн байна, шал хэрэггүй уншлаа гэж магад. Таны л сонголт, эрх. Миний хувьд хэл сурахад бүтэлгүй болоод байсан маань сэтгэлгээний хандлага, хүсэл, сонирхолуудаас маань л болоод байсан байна гэдгийг сүүлд ойлгосон. Бүх асуултын хариулт толгойнд чинь л бий. Аливааг энгийн хялбар гэж хүлээж авбал энгийн л байх болно, хэцүү бэрх амаргүй гэж хүлээж авбал жижиг асуудал ч хэцүү санагдаад эхэлдэг. Санаанд чинь тэгээд хэцүү гээд буучихсан л бол бодит байдал дээр хэцүү л болчихдог.

Хүсвэл та ч бас бусадтайгаа сэтгэгдэл дээр энэ сэдвийн дагуу өөрийн туршлага, үзэл бодлоо хуваалцаарай.

Source : otgonbatseseer.wordpress.com

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close