LifestyleАялалЗөвлөгөөСонирхолтой

Гадаадад амьдрах сайхан уу?

Гадаадад амьдрах сайхан уу?

Энэ тэмдэглэлийг бичих санаа хэдэн сарын өмнөөс төрсөн. Тэгээд бага багаар тархиндаа төсөөлөн бодсоор л байлаа. Аль талаас нь юу бичих вэ? Бичсэн зүйлс маань хэн нэгний хүсэл, зориг, урмыг хугалчих вий дээ гэж бас дотроо эмээсэн. Тийм учраас миний доорх бичсэн зүйлс зүгээр л миний бодол, хандлага шүү. Би тийм удаан гадаадад амьдарсан хүн биш учраас, хэлсэн бичсэн зүйлсээс минь авахыг нь аваад, хаяхыг нь хаяад л өнгөрөөрэй. Огт уншихгүй хаасан ч болно, таны л эрх.

Тэмдэглэлийн нэрээ эхлээд Гадаад дахь монголчуудын амьдрал гэж өгөх үү хэмээн бодсон ч, хэрэв тэгвэл зөвхөн монголчуудын талаар бичих болно, харин би илүү өргөн хүрээнд аль болох хамруулж бичихийг дотроо бодсон учраас Гадаадад амьдрах сайхан уу? гэж нэрийг нь өөрчилсөн.

2014.10.22-ны өдрийн өглөө гэрийнхээ хаалгаар гарах гээд онгоцны буудал руу явах гэж байсан тэр дүр зураг одоо хүртэл сэтгэлд тод үлджээ. Хүний амьдралд заримдаа мартагддаггүй зүйлс гэж байдаг. Аав маань гал тогоонд аяга шаазан угаагаад зогсож байв, харин би ачаагаа аваад эгч, хүргэн ахтайгаа цуг гарах гээд үүдэнд зогсож байгаад би –Аав хүү нь явлаа хүүдээ баяртай гэж хэлэхгүй юм уу гэв. Аав маань хэдхэн хоногийн өмнө хөлөндөө хагалгаа хийлгэсэн учраас намайг онгоцны буудал хүртэл гаргаж өгч чадаагүй юм.

Аав ирээд хүүгийнхээ нэг хацар дээр үнсээд, эргээд ирэхээр нь нөгөө хацар дээр нь үнсэнээ гэв. Машинд сууж байхдаа би хүргэн ахад –Аав хүн явах гэж байхад аяга шаазан угаагаад, баяртай ч гэж хэлэхгүй юм гэж хэлэв. Тэгтэл хүргэн ах маань –Хөөрхий дөө, хэцүү л байгаа байлгүй, тэгээд л тэгээ биз гэв. Би ч нээрээ тийм юм даа гэж дотроо аавыгаа бодсоор, өсөж төрсөн орон сууцны 5 давхар байшингийнхаа орц, гэрийнхээ цонхыг машины цонхоор сайн харж аваад явсан даа.

Онгоцны буудал дээр ирээд удалгүй Берлин рүү нисэв. Онгоц газардах гээд Берлин хотын дээгүүр өнгөрч байсан тэр дүр зураг одоо хүртэл нүдэнд харагдаж байна. Би герман руу хувийн шалтгаантайгаар, бас хэлний курс, цаашлаад сурах талаар бодож явсан. Одоо энд ирээд бараг 2 жил хүрэх гэж байна. Яагаад ч юм Берлиний Бранденбургийн хаалгыг харсаныг эс тооцвол бусад зүйлс нь нэг их сэтгэл хөдөлгөөгүй. Би заримдаа хүмүүсийн нийтлэг сэтгэл хөдөлдөг зүйлс дээр баярладаггүй, харин өөр жижиг мэт зүйл дээр баярладаг болохоор нэг танидаг ах маань хүртэл Poker Face гэж шоглож байсансан.

Германд ирэхэд их сургуульд хамт сурч байсан найз маань онгоцны буудлаас тосож авсан тулдаа гайгүй төөрөлгүй өнгөрсөн. Дараагийн очих хот маань нилээн зайтай байсан тул автобусандаа суугаад Баасан гаригийн шөнө очсон бөгөөд буугаад яаж захиалсан дотуур байрлуугаа очих, дээрээс нь герман хэлгүй яаж учраа олох талаар мэдэхгүй, хүмүүсээс англиар асуусаар яаж явахаа мэдэн метронд суугаад арай гэж дотуур байраа олтол хариуцсан хүмүүсээс хэн ч байдаггүй, хаана хонохоо мэддэггүй, яадаг юм билээ гээд шөнийн 22 цагийн орчимд тэр хавиар байж байтал нэг вьетнам оюутан байхаар нь англиар энэ хавиар хонох газар байгаа болов уу гэтэл хотын төв хавьцаа л буудал байж магад гэв. Юу ч гэсэн тэр дотуур байрны оюутны нэрс дунд монгол нэр байгаа эсэхийг гүйлгэж харсан боловч тиймэрхүү нэр ус харагдсангүй.

Тэгэхээр нь буцаад метронд суун хотын төв рүү явав. Билетээ авчихаад метронд суугаад явж байтал шалгагч ирээд билетээ гээд зангав, би тэгэхээр нь билетээ үзүүлтэл өөдөөс германаар баахан юм яриад байлаа, уучлаарай би германаар яридаггүй гээд англиар хэлтэл, нөгөө шалгагч нь англи хэл мэддэггүй, тэгээд үл ойлголцсон байдал үүсээд, ямартай ч би дотроо за ямар нэгэн асуудал гарч дээ гэдгийг гадарлав. Тэгэж байтал хажууд сууж байсан оюутан бололтой нэг бүсгүй надад тусалж англи, германаар орчуулж өгөв. Тэгтэл асуудал юунд байсан бэ гэвэл би билетээ авсан мөртлөө, тэрэн дээрээ тамга даруулаагүй байв.

Хэрэв тамга даруулаагүй бол тэр нь билет аваагүйгээс ялгаагүй бөгөөд торгуулах ёстой. Би орчуулж өгч бүй бүсгүйд би мэдээгүй, дөнгөж л энд германд ирээд байна гээд учир байдлаа хэлэв. Бүсгүй ч шалгагчид хэлтэл нөгөөдөх нь торгох ёстой л гэв, метронд байсан хүмүүс ч миний талд байгаа бололтой, угаасаа мэдээгүй юм чинь түр орхичихгүй юу даа, наад хүн чинь гэхдээ билет авсан л байна ш дээ гэж байна хэмээн бүсгүй надад орчуулав. Удалгүй би бүсгүйн хамт шалгагчтай цуг метроноос буув. Ямартай ч надад торгуулийн хуудас бичээд явлаа.

40 еврог тэдэн сарын тэдний дотор төлөх хэрэгтэй гэсэн бичиг. Шалгагч –Уучлаарай, бичихээс өөр арга байсангүй, хэрвээ бичихгүй өнгөрвөл дараа дараагийн хүмүүст, олон хүмүүсийн дунд муу үлгэр дуурайл болох учраас гэв. Юу ч гэсэн энэ хуудсаа аваад ирэх 7 хоногт байгууллагын оффис дээр очоод уулзаад үз, тэд тусалж магад гэв. Би ч за л гэв. Ингэж л миний герман дахь амьдрал эхэлсэн юм даа. Дараа нь энэ торгуулиа төлсөн л дөө. Ажилтанууд нь ойлгож байна ойлгож байна, гэхдээ та төлөх ёстой л гэсэн. Тэр өдөр нь буудал олсон боловч, арай үнэтэй санагдсан учраас галт тэрэгний төв буудал дээр ачаагаа барисаар сандал дээр хонов.

Дараа нь хожим нэг удаа дахиад л галт тэрэгний буудлын хүйтэн сандал дээр өглөөний нарны дулаан элчийг хүлээн цагийг минут минутаар тоолон унтсан ч, унтаагүй ч биш маягтай хонож л байсан. Дараа нь нэг өдөр буудалд хоноод тэгээд шууд Даваа гаригийн өглөө дахиад дотуур байр, хэлний курс руу явсан. Аз болж хэлний курс яг дотуур байртай ойролцоо байв. Хэлний курсдээ шалгалт өгтөл тэнцсэнгүй. Юу ч гэсэн хэд хоногийн дараа дахиад ир, хэрэв орон тоо гарвал хүлээж авая гэв. Гэхдээ баталгаатай биш. Ямартай ч дотуур байрандаа орж аваад жаахан унтаж амрав. Гэхдээ л дотуур байр маань бохир, интернэт маш муу, таалагдсангүй. Германы банкинд данс нээлгэсэн байсан боловч данс нээлгэхэд төлөх ёстой нэмэлт 50 еврог нь төлөөгүй байсны улмаас данс идэвхжээгүй, бас дансаа нээлгэхийн тулд бүртгэлийн газар нь очиж бүртгүүлэн албан ёсны хаяг авах ёстой гэв.

Тэр газрыг нь олдоггүй, арай гэж олтол буруу оффис руу нь оччихсон, хамгийн гол нь нэг хөгшин настай ааштай хүн ажиллаж байсан бөгөөд зөвхөн германаар яридаг. Би германаар яридаггүй, хэл нэвтрэлцдэггүй. Ирэх 7 хоногт нь дахиад л очлоо. Тэгтэл бас нөгөө хөгшин сууж байна, би яах ёстойгоо мэдэхгүй байна гээд англиар тайлбарлатал бас л ойлгодоггүй, ашгүй нэг англиар яридаг герман залуу байхаар нь тайлбарлуулж аваад гараад дэргэдэх оффис руу нь очих ёстой гэдгийг ойлгов. Хэлний курс дээр тааралдаж танилцсан нэгэн монгол охин байсан бөгөөд тэрэнтэй хамт дараа нь цуг явав. Амьдралд сайн хүмүүс үргэлж тааралддаг.

Дээрээс нь шуудангаар баахан герман хэл дээр гэрээ, анкетууд ирчихсэн. Ойлгодоггүй. Удалгүй хэлний курс маань ч бүтэж, тэгээд аажим аажмаар юмнууд жигдэрч эхлэсэн. Ингэж учраа олох гэж, зүг чигээ олох гэж будилж явсаар эхний 14 хоног бол ер нь л юм мэдэхгүйн, хэл нэвтрэлцэхгүйн улмаас санхүү, цаг хугацааны шаталттай л байсан. Гадаадад амьдарна гэдэг бүх зүйлийг шинээр эхлүүлнэ л гэсэн үг. Хэл, орчин, хүмүүс, соёл, бүртгүүлэх, гэрээ, хоол унд, даатгал төлөх, виз сунгуулах гээд л… Бүх зүйлийг дахин эхлэх, дасах, зохицуулах хэрэгтэй болдог. Одоо нэг үеэ бодвол бас ч гэж учраа олж хаана юу байгааг, яах ёстойгоо гадарладаг болсон.

Ер нь хүн наанадаж 1-2 жилийн дараа л тухайн орчиндоо бүрэн дасаж, орчиноо мэдэрдэг, ойлгодог юм байна гэж сүүлд бодсон. Миний хувьд бүтэлтэй, бүтэлгүй гээд олон л алдаа оноо хийсэн. Эцсийн эцэст тэр бүгдээс хүн суралцаад л явдаг. Гадаадад өндөр барилга, эртний уран хийцтэй түүхэн сайхан байгууламж, нийтийн тээврийн тав тух, зохион байгуулалт гээд л олон сайхан зүйлс байгаа ч хүн гэдэг амархан уйддаг болохоор хэдхэн 7 хоногийн дараа энэ бүхэн энгийн л мэт санагдаж эхэлдэг. Ихдээ л 1 сарын дараа иймэрхүү зүйлс сонирхолыг татахаа болино.

Бид ер нь яагаад гадаад явдаг юм бэ? Мөнгөтэй болох гэж, өнгөрсөн бүтэлгүй амьдралаа өөрчлөх гэж, өөрийгөө өөрчилж сорих гэж, байр машин тансаг хэрэглээтэй болох гэж, өндөр боловсрол эзэмших гэж, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө илүү боломж бололцоотой орчинд өсгөх гэж үү? Бид юуны төлөө хамгийн хайртай хүмүүсээсээ хагацан барин гадаад явдаг юм бэ? Энэ асуултад таарсан хариулт гэж байхгүй байх. Хариултыг та өөрөө л өгч чадах байх.

Миний хувьд дээр шалтгаанаа дурдсан. Дээрээс нь магадгүй нэг жишээн дээр энэхүү асуултуудад бас нэгэн хариултын хувилбарыг өгч болох юм гэж бодлоо. Монголд байхад танихгүй дугаараас хааяа дуудлага ирнэ, тэгэхээр нь авахаар тэр хүн мөн үү хэмээн өөдөөс асуудаг, тийм хүн байхгүй гэж хариулахаар –Үхээч, пизда минь гэж хараана. Иймэрхүү явдал хэд хэдэн удаа тохиолдсон, сүүлдээ бүр танихгүй дугаараас ирсэн, дугаараа нууцалсан дуудлагыг хүлээж авахаа ч болисон.

Нийгэм ийм их бухимдалтай, бухимдалаа яаж тайлахаа ч хүмүүс мэдэхгүй, огт танихгүй дугаар луу залгаж тоглоом гэх юм уу шоглоом гэх юм уу тийм байдлаар хараалын үг хэлж, зугаацах гэх юм уу ингэж бухимдалаа тайлж байна гэж бодохоор бидний нийгэм ямар болсоныг тайлбарлалтгүй. Интернэтээр хүртэл энэ олон бухимдлын өнгө аясыг харж болно. Магадгүй ийм бухимдалтай орчиноос зарим хүмүүс дайжихыг хүсдэг. Магадгүй би ч бас тэгсэн байж болох.

Гэхдээ дээрх шалтгаануудын зарим нь миний хүсээгүй зүйлс байсныг одоо ойлгосон. Монголд хүмүүс бүгд л гадаад явна, гадаад хэл сурна гэдэг. Яг үнэхээр тэр хүн үүнийг хүсэж байгаа юм уу? Эсвэл зүгээр л нийгмийн массын нийтлэг хандлагаас болоод бид хүссэн ч, хүсээгүй ч тийм бодол толгойд суугдаад байна уу гэж би сүүлд бодсон. Жишээ нь яагаад англи хэл сурах ёстойгоо ч ойлгохгүйгээр бидний зарим нь англи хэл сурах гэж хошуурдаг. Хүн болж төрсөний бүхий л амьдралын утга учир, хийх ёстой зүйлс нь хэл сурах мэтээр бид хүлээж авдаг болсон юм уу даа.

Би ч бас ийм л байсан. Гэхдээ энэ бүхэн тийм биш юм байна гэдгийг ухаарч ойлгоход багагүй алдаа, цаг хугацаа надад хэрэгтэй байжээ. Зарим үед дотроо хөгжилтэй орны хэл нь хүртэл иргэдийнхээ амьжиргааг залгуулж байгааг хараад атаархдаг. Жирийн америк, герман, франц, испани хүмүүс хаа нэг улсад очоод эсвэл тухайн орондоо цагийн багш хийгээд эх хэлээ заачихна. Тэр улс орны хэлийг сурах гэж хүмүүс тэр оронд нь мөнгө төлж очиж сурч байдаг. Мэдээж бүх гадаад иргэд ингэдэггүй л дээ, мөн хэн дуртай нь заагаад байдаггүй, тодорхой шалгуур мэргэшил шаардагддаг л биз. Гэвч миний хэлэх гэсэн санааг ойлгосон гэж бодож байна.

Гадаадад хүн удаан амьдрахаар их ганцаарддаг, шаналдаг, санагалздаг, эргэцүүлдэг. Аажим аажмаар ганцаардал хүнийг чимээгүй болгож, амьдрах хүслийг нь унтрааж, урам зоригийг мохоодог. Эхлээд ганцаараа байх сайхан санагдана, аяндаа үргэлж ганцаараа хоолоо иднэ, өглөө сэрээд ганцаараа, орой унтахдаа ганцаараа, өвдсөн ч ганцаараа, сэтгэлээ уудлахыг хүссэн ч ганцаараа. Нэг ахын ярисаныг сонсож байсан. Хааяа гэрээ санахаараа интернэтээр google maps орж street view-гээр нь гэрээ харж, тэр гудамжуудаараа явж байна гэж төсөөлөн бодож хардаг гэсэн.

Гэхдээ одоо үед интернэт, facebook, skype бас ч гэж холыг ойртуулж учруулдаг нь яамай. Би өмнө нь энэ бүхэн байхгүй байхад гадаадад амьдардаг хүмүүс хайртай дотны хүмүүсийнхээ царайг харахгүй, дуу хоолойг сонсохгүйгээр тэр олон жилийг яаж өнгөрөөдөг байсан юм болоо гэж боддог. Хичнээн шаналж, сэтгэлээр унаж, гутарсан ч гэлээ гадаадад байгаа нь ч тэр, эх нутагтаа байгаа нь ч тэр нэг нэгнийхээ санааг зовоохгүй гэсэндээ бүх зүйл сайн байна л гэж хэлдэг. Миний хувьд ч хэдий сэтгэл санаа тавгүй, бүтэлгүйтсэн, бэрхшээлтэй байсан ч гэсэн гэрийнхэнтэйгээ ярихдаа дуу хоолойгоо аль болох засаад зүгээр байгаа мэт ярихыг хичээдэг. Гэрийнхэн маань ч бас надтай ярихдаа тэгдэг л байх.

Германд ирээд удаагүй байхдаа хөлбөмбөг тоглож байгаад хөлөө гэмтээчихэв. Эндхийн даатгал хийлгэж арай амжаагүй, монголд хийлгэсэн олон улсын даатгал маань байсан, гэхдээ тэр нь хэр хүчинтэй бас үр дүнтэй үйлчилдэгийг нь мэдэхгүй болохоор эмнэлэг орохыг хүссэнгүй. Баруун талын хөлний шагайн хэсгээр хавдаад гишгэж ч чадахгүй байв, тэгэхээр нь шууд интернэт ороод судалж өөрийгөө оношилж, өөртөө эмчилгээ хийв. Ямар ямар шинж тэмдэг, яаж эмчилэх, гам барих гээд л. За ямартай ч зөөлөн эд нь гэмтсэн байна, хугараагүй бололтой гэсэн онош тавив. Тэгээд өөрийнхөөрөө эмчилсэн болоод эдгээсэн гэхдээ түүнээс хойш удаан гүйх, удаан хугацаагаар түргэн алхах гэх мэтчилэн хөлөндөө хэт их ачаалал авч чадахаа болисон, тэгэхээр л өвдөөд байдаг болсон.

Гэх мэтчилэн мөнгөө хэмнэж байна гээд тэсэж туулах зүйлс багагүй. Эмнэлэгт үзүүлсэн бол би хэдэн евро төлөх байсныг ёстой бүү мэд. Мөн ганцаардал дээр нэмээд хэлэхэд шоронд байдаг хүмүүсийг орчиноос нь тусгаарлаж өрөөнд хоридог нь сэтгэл зүйн маш том дарамт тэр хүнд болдог юм байна даа гэж ойлгосон. Зарим гадаадад байдаг оюутнууд, залуус ганц нэг удаа амиа хорлох тохиолдол гардаг. Мэдээж тэр нь олон шалтгаантай. Голдуу л сэтгэлзүй, хувийн асуудал, хайр сэтгэлээс болдог болов уу. Гадаадад хичнээн гадна дотны танил, найз нөхөд байлаа ч тэдэнтэй сэтгэлээ уудалж ярилцах хэцүү, зарим нь сонсохыг хүсэхгүй, зарим нь тэгж сэтгэлээ уудалж чамтай харилцан ярилцахгүй.

Уулын мод урттай богинотой гэдгийн адилаар сайн муу, үзэл бодол, санаа сэтгэл нийлэх хүмүүс бас тааралгүй л яах вэ. Анзаараад байхад гадаадууд хоорондоо их найзалдаг юм шиг санагддаг, яагаад гэвэл нэг нэгнийхээ юу мэдэрч байгааг ойлгодог болоод тэр байх.

Та нар анзаарвал youtube дээрх монгол дуунуудын доор байх сэтгэгдэлүүлийг уншвал голдуу л гадаадад байдаг монголчуудын эх нутгаа санасан сэтгэгдэлүүдийг л олж харах болов уу. Заримдаа надад бид нэг нэгнээ гадаадад амьдардаг монголчууд, монголд байгаа монголчууд гээд хуваагаад, талцаад үзэн ядаад байдаг юм шиг санагддаг. Зарим хүмүүс –Аан муусайн гадаадад байдаг монголчууд, мөнгөний төлөө, эх орноо орхиод явсан юмнууд –Аан монголд байгаа монголчууд аймаар бүдүүлэг, ёооё тэр бухимдал стресс гээд л аль аль тал нь л нэгнээ муулсан өнгө аястай анзаарагддаг. Яагаад??? Бид нэг нэгнээ муулах, үзэн ядах ямар хэрэгтэй юм бэ??? Үзэн ядлаа гэж бодоё, тэгээд эцсийн үр дүн, ашиг нь юу вэ гэдгийг л бодох хэрэгтэй. Хүмүүс гадаад руу ажиллахаар явж буй монголчуудыг боолын хөдөлмөр хийхээр явлаа л гэдэг. Боол гэдэг бол уг нь тэс өөр ойлголт шүү гэж би боддог.

За яах вэ тэгж нэрлэлээ гэж бодоход боолын хөдөлмөрийг зөвхөн монголчууд хийж байгаа юм гэж үү? Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй гэх орнууд руу азиас, африкаас, өмнөд америкаас гээд дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун сая хүн ажиллах гэж очиж байна. Өндөр хөгжилтэй гэх орны иргэд хүртэл шинэ амьдрал эхлүүлэхээр шинэ улс орныг зоридог. Бид заримдаа өөрсдийгөө л дэлхий дээрх хамгийн муу муухайг хийж байгаа үндэстэн шиг харааж, муулж, зүхэх юм. Товчхондоо хүнээр зүйрлүүлбэл хүн өөрийгөө шүүмжлээд л, би чадахгүй, би болохгүй байна, би хамгийн муу нь, би хамгийн адгийн шаар нь гээд л сэтгэлдээ бодоод байвал яаж өөдлөх вэ тэрэнтэй л адил.

Ингэлээ гээд үндэстэн дундаа байгаа муу зүйлсээ битгий зас гэж байгаан биш, гэвч бид хамгийн адгийн муу муухайг хийгээд байгаа хүмүүс биш шүү дээ. Нөгөө талаар гадаад руу ажиллах хүчний асуудал бол улс төртэй холбоотой. Би улс төрч, нийгэм судлаач, эдийн засагч биш ч гэлээ өндөр хөгжилтэй орнууд бусад орнуудыг сул дорой байлгаж тэднийг хямд ажиллах хүч болгодог мэт санагддаг.

Аялах дуртай миний хувьд мөнгийг нэг их хуримтлуулаад байдаггүй. Бараг олдсон мөнгөө л аялалд зарцуулаад дуусгасан. Сүүлийн аялалаас хойш мөнгөгүй болоод, одоо нутаг буцах тийзний ч мөнгөгүй болсон хүн олдсон ажил болгоныг чадхаараа хийсээр л явна. Мөнгөн хуримтлал үүсгээгүйг нөгөө талаас нь бодвол хариуцлагагүй байдал байх. Хүн ер нь юу ч үгүй болсон үедээ илүү ухааждаг, тэвчээрдэг болдог, толгой нь илүү ажилладаг юм шиг санагддаг. За энэ ч яах вэ хэхэ, би энд одоогоор нэг шоколадны үйлдвэрт ажилладаг юм. Ердөө л 7 хоногийн 2-3 өдөр, заримдаа 5 өдөр 6-14 цагийн хооронд. 5.30 гэхэд очиж бүртгүүлсэн байх шаардлагатай, 14.30 гэхэд цагаа уншуулж гарах ёстой. 5.30-д очихын тулд өглөө үүрээр 3.30 гэж босно. Нэг талдаа очих хугацаа нь 1 цаг орчим. Цай ундаа уусаар үүрийн 4.15 гэж гарна. Тэгээд ердөө л үйлдвэрийн 8 цагийн ажил тараад л ядарсан орж ирж байхдаа, солонгост амьдардаг монголчуудыгаа бодохоор их өрөвддөг. Тэд маань үүнээс ч илүү хүнд хөдөлмөрийг, илүү олон цагаар хийдэг гэдгийг бодохоор л…

Монголчууд маань, ер нь дэлхийн бүхий л үндэстэнгүүд дэлхийн олон улсад сурч, ажиллаж, цагаачилж, гадаад хүнтэй гэр бүл болж, харлаж, хулгай хийж, биеэ үнэлэж, залилан хийх гэх мэтээр янз бүрээр л амьдарч байгаа. Гадаад хүнтэй суусан бүсгүйчүүдийг зарим хүмүүс явдалтай, монгол цус бузарласан гэсэн маягтай хүлээн авдаг. Тэгтэл үнэхээр сэтгэл нийлээд сууж байгаа хүмүүсийн амьдралд хөндлөнгөөс хамаагүй тэгж хэлж болохгүй гэж бодож байна. Огт хүсээгүй байхад нь тэр бүсгүйг хүчилж авч суучихаагүй л бол бид хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэсэн байр суурьтай миний хувьд байдаг. Хүн бүр л өөр өөрийн гэсэн сонголтоор амьдарч байгаа. Хулгай хийж амьдарч байгаа гэдэг хүмүүсийн талаар хүмүүсээс дам сураг дуулж л байсан.

Зарим хүмүүс эх орныхоо нэрийг гутаалаа гэдэг. Нэг талаар тийм, гэхдээ бид хэдийгээр тэр хүмүүс тийм зүйл хийсэн ч тэдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар бидний мах цусны тасархай, ураг төрлийн хүмүүс шүү дээ. Монгол улс гэдэг бол нэг гэр бүл. Гэр бүлд хэдийгээр хэн нэгэн нь алдаа хийсэн ч гэлээ тэр хүн тухайн гэр бүлийн гишүүн, хайртай хүү, хайртай ах, хайртай дүү нь байсаар л байдаг. Эх хүн хүүхэд нь хэдийгээр хүн алж гэм хийсэн ч хүүхдээ хайрласаар л байдаг биз дээ. Түүнтэй л адил бид эдгээр хүмүүсээ хэдийгээр хэцүү ч гэлээ уучилж хүлээж авах хэрэгтэй. Улам цааш түлхээд л байх юм бол энэ хүмүүс биднээс холдсоор л байх болно.

Human гээд нэг баримтат кинон дээр нэг залуу нулимс дуслуулан яриж байв. Тэр залуу нэгэн эмэгтэйгийн хүүг алчихсан бөгөөд тэр залууг шоронд байх хугацаанд нь тэр эмэгтэй үргэлж эргэж санаа тавиж, шоронгоос гарахад нь хүртэл гэртээ байлгаж уучилж, хайрласан гэсэн. Тэр эмэгтэйгээс ямар их тэсвэр, хайр, уучилах сэтгэл, сэтгэлийн тэнхээ гарсаныг төсөөлж би чадахгүй. Энэ үнэхээр амаргүй. Гэхдээ боломжгүй зүйл биш, үүнтэй адил бид ч бас яагаад нэг нэгнээ бага багаар уучилахад суралцаж болохгүй гэж. Амаргүй ч гэлээ хамтын сайхан амьдралын төлөө яагаад оролдоод үзэж болохгүй гэж.

Бас удаан хугацаагаар гадаадад байсан хүмүүс хайртай хүмүүсээсээ хол байхаар гэр бүл салж, үр хүүхэд нь ч эцэг эхээсээ хөндий өсөх тохиолдол багагүй байдаг. Хамгийн хэцүү нь хэн нэгэн хайртай дотны хүмүүс өөд болоход очиж чадахгүй, алс хол шаналан суугаа хүмүүсийг харахаар үнэхээр хэцүү байдаг. Тэр хүмүүсийн харууссан яриаг сэтгэл шимшрэн сонсож байсан. Тиймэрхүү тохиолдолд миний дотор Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн –Элэг нь бүтэн хүн гэж байдаггүй ээ гэдэг үгс үргэлж бодогддог. Хүний амьдрал гэдэг бас хатуу, сэтгэлийн тэнхээ их шаардах үе олонтаа. Хараар ажиллаж, амьдарч байгаа хүмүүс үнэхээр амаргүй. Дуртай газарлуугаа, хүссэн үедээ ч явж болохгүй, сэтгэл дотроо байнгын түгшүүр, хараа хяналттай явдаг байх.

Гадаадад амьдарч буй монголчуудын талаар янз бүрийн л түүхүүд сонссон, хэдийгээр одоо бодоход сонирхолтой, хөгжилтэй, инээмээр мэт санагдавч тухайн үед тэр хүмүүст ямар амаргүй байсан бол оо гэж боддог. Зарим хүмүүс европын орнууд шенгений бүстэй болоогүй байхад хил гаргадаг гэх хүмүүст мөнгө төлж нууцаар хил давж байсан гэсэн. Дам яриагаар бол бараг нэг улсын хил гарахад 1000 евро орчим төлж байсан гэл үү, тэгээд мөнгөө төлчихөөд тэр хүмүүс нь хилийн ойролцоох нэг хээр газар буулгаад тэр зүг рүү гүйгээрэй, хэдэн цаг яваад тэр улсын хил гарна, цагдаад баригдвал тэгж хэлээрэй гэдэг байсан гэж сураг дуулсан. Ер нь бол бүх эрсдэлээ өөрсдөө л үүрнэ. Бичиг баримтгүйн улмаас шоронд ч хүртэл хоригдоно.

Тэгтэл энэ бүх зүйлийг тэр хүмүүс гэр бүл хайртай дотныхоо хүмүүсийн төлөө зориг гарган хийсэн. Надаас ийм зориг л лав үнэндээ гарч чадахгүй байх. Нэг германд амьдардаг монгол эмэгтэйн талаар бас сонсож байсан. Тэр бүсгүй германы нэгэн эмнэлэгт хүүхдээ төрүүлсэн бөгөөд хэд хоногийн дараа ч гэл үү сувилагч хүүхдийг нь авч яваад буцааж авчиралгүй нилээн удсан гэсэн. Нөгөө бүсгүй германаар сайн яридаггүй, дээрээс нь хүүхдийг нь яагаад удаагаад байгааг гайхсан гэсэн, удалгүй сувилагч нар ирээд таны хүүхдийг тусгаарлалаа гэсэн. Яагаад гэвэл та хүүхдэдээ гэмтэл учруулсан байна гээд монгол хүүхдүүдийн хөх толбыг үзүүлсэн гэсэн. Монгол бүсгүй тайлбарлахыг хүссэн боловч хэл сайн нэвтрэлцээгүй, тэгээд их эмч нь нэг юм ирээд ашгүй тэр хүн монголчууд ийм хөх толботой төрдөг юм гэж сувилагч нартаа тайлбарлаад, эргээд сувилагч нар нь юм мэдэхгүйн улмаас өөрсдөө асуудалд орсон гэсэн.

Бас скандинавын нэг оронд нэгэн монгол хүүхдийг цэцэрлэгт байхад цэцэрлэгийн багш нь цагдаа дуудаад хүүхдийг нь эцэг эхээс нь тусгаарлачихсан гэсэн. Цэцэрлэгийн багш нь хөх толбыг нь хараад эцэг эхчүүд нь хүүхдээ зодсон гэж бодсон. Энэ асуудал явсаар шүүх дээр очоод аз болж шүүгч монгол хүүхдүүдийн талаар мэддэг болж таараад үл ойлголцол арилж зүгээр өнгөрсөн. Харин цэцэрлэгийн багш эцэг эхэд нь түрүүлж хэлэлгүйгээр цагдаа дуудсан, тэр хүмүүст цаг хугацаа, сэтгэл санааны хохирол үзүүлсэн хэмээн банга хүртсэн гэж дуулсан.

Бас солонгос руу монголд хөдөө хээр байхдаа шууд бараг хот ч орж үзэлгүйгээр сөүлд буусан хүмүүсийн тухай, бакалтайгаа, бас солонгосын цагдаа нар монголчуудыг танихын тулд хөөе гэж дууддаг талаар. Энэ бүхэн ердөө л миний сонссон дам ярианууд шүү. Яг ямар хүмүүс байсныг мэдэхгүй юм, энэ мэтчилэн олон зүйлс болсон, болдог байх. Тэр бүгдийг мэдэхгүй болохоор ямартай ч сонссоноо энд бичлээ. Хэрэв өөр түүхүүд мэддэг бол түүхийн эзний нэр усыг дурдалгүйгээр бусадтайгаа хуваалцаарай.

Австрид аялж яваад автобусанд нэг афганистан ахтай юм яриад сууж байв. Тэр хүн Автсрид 3 жил ажилласан бөгөөд одоо германд амьдардаг эхнэр хүүхэдрүүгээ очиж байна гэв. Би австри руу дахиж явахгүй, яах вэ цалин германыг бодвол арай дээр ч гэр бүлээ их санаж байна. Ганцаараа яах вэ байгаад мөнгө олоод байж болно, гэхдээ хүний сэтгэл хэдий хэр удаан тэсэх вэ, гэр бүлтэйгээ бол хаана ч амьдарна гэж хэлж байсан санаанаас гардаггүй юм. Ер нь хүмүүсийг гадаад руу мөнгөний төлөө ажиллахаар явж байгааг буруутгах аргагүй. Жишээ нь жирийн нэг герман улсын иргэн цэвэрлэгч хийгээд сард хамгийн багадаа 1500 еврогийн цалин авна.

Энэ нь монголд бараг нэг өндөр албан тушаалтны авдаг цалин гэсэн үг, магадгүй тэрнээс ч илүү байх. Мэдээж эндээсээ байрны түрээс, эрүүл мэндийн даатгал, татвар, хоол хүнс гээд багагүйг төлнө. Тийм учраас л олон орны иргэд өндөр хөгжилтэй орон руу эрсдэл үүрэн байж итгэл найдвар тээн ирдэг. Тэгтэл бодит байдал тийм байдаггүй. Ажил тийм амар олддог гэж үү? Наанадаж хэлний мэдлэгээс эхлээд аливааг хийж чадах тухайн хүний чадваруудаас хамаарна. Гадаадад ямар ч ажил олсон гэсэн монгол хүмүүс яагаад сайн хийгээд байдаг юм бэ гэвэл нэгдүгээрт ажилаа алдахыг хүсдэггүй, бас амьдрахын тулд ажил хийх ёстой гэдгээ ухамсарладаг.

Тийм учраас тэвчиж шүд зуун хөдөлмөрлөдөг. Тэгтэл монголд яагаад ажил байгаа мөртлөө хийдэггүй юм бэ? Бид ажлыг голдогоос гадна, цалин бага болохоор бас тийм зүйл хийж доош орохгүй гэж боддог. Монголын нийгэм орчин, гэр бүл, найз нөхөд, хүрээлэл нь ч тийм хандлагатай. Би их сургууль төгссөн юм чинь цэвэрлэгч, худалдагч, хүргэгч хийхгүй. Хэрэв тийм юм хийгээд явбал хүмүүс муу хэлнэ. Эцэг эх нь ч их сургуулиа төгсчихөөд тийм ажил хийгээд байхдаа яадгийн гэнэ. Би ч бас ийм л бодолтой байснаа нуугаад яах вэ. Гадаадад бол хэн ч харахгүй учраас хамаагүй, ичиж зовох зүйлгүйгээр тэр хүн хоолоо олж идэхийн тулд хөдөлмөрлөдөг. Үүнээс би юуг эргэцүүлсэн бэ гэвэл монголдоо бид хүн ажил хийж л байгаа бол тэр хүнийг муулах хэрэг байхгүй.

Ямар ч эрдэм мэдлэгтэй, чадалтай байсан ямар ч ажил хийж байсан хамаагүй муулах хэрэггүй. Энэ бол тэр хүний л амьдрал, тэр хүний л сонголт. Харин ч ажил хийж, хөдөлмөрлөж, зүтгэж байгаа хүнийг дэмжих хэрэгтэй. Тэгтэл бид өнөөдөр нийгэмдээ худлаа хэлсэн, хахууль авсан, луйвар хийсэн хүмүүсээ магтах хандлагатай байдаг. Тийм учраас ерөнхийлөгчөөсөө эхлээд нийт ард иргэддээ ажлыг гололгүй хийцгээе, ажилтай хүнийг шүүмжлэлгүй дэмжицгээе гэж уриалмаар юм даа гэж санагддаг. Ажил хийж байгаа хүний сэтгэл тайван, өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болдог. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг гэдэг үг байдаг байхаа. Яг иймэрхүү дүр зураг ганц монголд ч биш дэлхийн бүхий л улс оронд бий. Ер нь гадаадад хүмүүс ихэвчлэн хүүхэд асрагч, цэвэрлэгч, гал тогоонд аяга таваг угаагч, хоол бэлтгэгч, зөөгч, настай хүн харах, нохой салхилуулах, үйлдвэрт ажиллах, ачигч зөөгч, жолооч, пицца хүргэгч гэх мэтийг эхлээд хийдэг, аяндаа хөлөө олоод цаг хугацаа өнгөрөхийн хэрээр арай өөр түвшиний ажлууд хийж эхэлдэг санагддаг.

Гэхдээ энэ талаар илүү олон жил болсон хүмүүс дэлгэрэнгүй ярих байх. Ер нь монголчууд дундаас дээд тал нь 20 гаран жил гадаадад амьдарсан хүн байх шиг анзаарагддаг. 1990 оноос хойш л гадаад руу гарсан хүмүүс болов уу. Зарим удчихсан хүмүүсийг хараад, мөн уулзахаар одоо нутаг буцах арай болоогүй ээ, энэ хүүхдүүдийнхээ боловсролын төлөө эндээ хэсэг үлдэнээ, зарим хүмүүс монголдоо очихоор эмчлүүлж чадахгүй болохоор эндээ үлдэж эмчилгээнд хамрагдаж байхаас өөр аргагүй гэх мэт олон л шалтгаанаар хүмүүс тэндээ удаан хугацаагаар байдаг.

Тийм учраас бусдыг мэдэхгүй байж битгий хамаагүй яриж байгаарай. Facebook дээрээ хичнээн сайхан зураг хөрөг тависан ч зарим хүмүүс бодит байдал дээр сэтгэл дотроо хоосорчихсон л байдаг, хичнээн гунигтай байна гэж байгаа ч хэзээ нэг өдөр тэр хүнд инээх өдөр ирдэг л юм. Харин зарим хүмүүсийг хараад тэр хүн гуниг зовлонд автаж шаналж явааг харсаар байж юу болсын гэж зовлонг нь улам сэдрээгээд байдгийг би ойлгодоггүй. Зүйрлэбэл биендээ хүнд шарх авчихсан хүний шархан дээр нь гараараа дараад өвдөж байна уу, зүгээр үү гээд тавлаад асуугаад байгаатай л адил.

Би солонгосуудыг энд ирээд ажиглаад байхад хоорондоо их сайн мэдээллээ солилцдог, хуваалцдаг хүмүүс юм байна даа гэж бодогдсон. Тэд нэг нэгэндээ арга туршлагаа харамгүй хуваалцдаг санагдсан. Мэдээж бүгд тийм биш л дээ. Харин бид тийм бил үү? Монголчууд голдуу тэгж яридаг, гадаадад очвол монголчуудаасаа хол байгаарай, монголчуудаасаа сэрэмжлээрэй л гэж нэг нэгэндээ захицгаадаг. Энэн дээр хэд хэдэн жишээ дурдая гэж бодлоо. Гадаад руу зуучилж байна гэсэн монгол дахь байгууллагууд бараг зүв зүгээр үнэгүй байдаг урилга гэх мэтийг 400 доллар гэх мэт үнээр зарж зуучилдаг, зуучилах ч гэж дээ мөнгийг нь аваад л нэг урилга өгсөн болоод л болоо. Бараг тэр хүн нь өөрөө бүх юмаа хөөцөлддөг. Саяхан гэхэд л нэг facebook-ийн танил маань мессэж бичээд нэг орон руу хүүхэд асрагчаар явах гээд нэг газар бүртгүүлээд зуучлуулсан гэсэн.

Нөгөө газар нь тэгтэл 3 сая төгрөг авсан гэсэн. Тэгсэн мөртлөө бараг юу ч хийгээгүй. Мэдээж хүн бизнес хийлгүй л яах вэ, бас тэр байгууллага байрны түрээс, ажилчдын цалин, үйлчилгээ гээд мөнгө авалгүй л яах вэ. Гэвч зүгээр л үнэгүй юмыг энэ мэтчилэн хэд дахин нугалж хүн шулна гэдэг бол зүгээр л луйвар. Нөгөө талаар зуучлуулж байгаа хүмүүс нь юм мэдэхгүй, мэдээлэлгүй байгаа учраас ийм байдалд ордог. Өнөөдрийн байдлаар гадаад руу өчнөөн л олон хүн ажиллахаар, сурхаар явсан, явж байна. Тэгтэл тэр хүмүүс бусаддаа мэдээллээ хэр хуваалцдаг вэ? Тун цөөн, бүр маш цөөн хүмүүс л ганц нэг блог дээрээ бичиж байгаа харагддаг.

Бусаддаа мэдээллээ хуваалцдаггүй, бичдэггүй шалтгаан нь би л болчихсон юм чинь бусад нь хамаагүй гэж боддог, бас бусаддаа муугаа үзүүлэх дургүй монгол бардам зан, хувийн амьдралаа бусдад тоочихыг хүсдэггүй ичимхий зан нөлөөлдөг байх. Жишээ нь би саяхан “Германд амьдрахад өртөг хэр өндөр байдаг вэ?” гээд энгийн л нэг тэмдэглэл бичихэд тэрнийг уншсан хүний тоо хэдэн мянга, хэдэн зуун share facebook дээр хийгдсэн байсан. Германд амьдардаг өчнөөн л олон монголчууд байдаг, энэ зэргийн энгийн мэдээллийг яагаад нэгэнтэйгээ өдий болтол хуваалцаагүй юм бэ гэж бодсон. Магадгүй хуваалцсан тэр мэдээллүүдийг нь би олж хараагүй байж ч болно.

Бид нэг нэгэндээ бодит мэдээллийг аль болох чадлаараа хуваалцах хэрэгтэй, тэгвэл энэ бүх нэг нэгнээ луйвардах байдал багасах болов уу. Бид мөнгөнөөс өөр зүйл харахаа боличихсон тийм сохорчихсон хүмүүс биш гэж итгэдэг. Бас зарим хүмүүс монголоос чех рүү түр шенгений виз аваад, тийшээгээ очоод цааш өөр орнууд руу харладаг гэсэн. Тэнд хүлээж авч зуучилж байгаа монгол хүмүүс нь тэр хүмүүсээсээ их хэмжээний мөнгө авч, түр хаа нэг буудалд байрлуулдаг тухай ч сонссон. Гэвч мөнгийг нь авчихаад нэг их тусалдаггүй, хэл мэдэхгүйг нь далимдуулж луйварддаг ч гэж дам яриа сонссон. Ер нь виз гаргана гэдэг хүмүүст найдаад, хандаад хэрэггүй л гэж хувиасаа зөвлөх байна.

Надаас зарим хүмүүс мессенжэрээр герман орны талаар лавлаж асуудаг, би чадхаараа л мэдэх хэмжээгээрээ л хариулдаг. Зарим хүмүүст тэр болгон хариулж чаддаггүй, яагаад гэвэл би өөрөө тэрийг хийж үзээгүй туршаагүй учраас хүнд буруу мэдээлэл өгөөд хүний амьдралд хохирол учруулчих вий дээ гэж санаа зовдог. Нөгөө талаас хүмүүс өөрсдөө аль болох биеэ дайчилж сайн эрэл хайгуул хийж судлах хэрэгтэй. Үнэхээр хүсэж л байгаа бол өөрөө л хичээх хэрэгтэй, өөртөө итгэдэг, өөртөө тусалдаг хүнд л бусад хүмүүс тусалдаг юм шүү.

Монголд яагаад гадаадад амьдарсан, суралцсан хүмүүсийг ажилд түлхүү авах гээд байдаг ажил олгогчидийн шалтгааныг заримдаа би боддог юм. Магадгүй гадаадад байсан хүмүүс цаг хугацаа, амьдралын үнэ цэн, утга учрыг илүү тунгааж ойлгосон болохоор л тэгдэг болов уу. Гэхдээ энэ миний л бодол. Гол нь гадаадад байсан хүмүүсийн сэтгэхүйн хандлага их бага хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Мэдээж энэ дундаас зарим хүмүүс сөрөг талруугаа өөрчлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Би гадаадад юу сурч ойлгож авсан бэ гэдгийг өөрөөсөө асуух үе цөөнгүй.

Цаг хугацаа гэдэг ямар үнэ цэнтэй чухал юм бэ гэдгийг л би ойлгосон. Өмнө нь өдөр хоног өнгөрөөд л байдаг байсан. Харин одооноос цаг хугацаагаа яаж илүү үр бүтээлтэй ашиглах вэ, яаж илүү хийж бүтээх вэ, яаж илүү сэтгэх вэ гэдэгт анхаарал хандуулдаг. Амьдрал гэдэг чинь үнэ цэнтэй, утга учиртай юм байна. Хамгийн гол нь би юу хүсэж байгаагаа, юу хийх ёстойгоо, хаана байх ёстойгоо, юу хийж чадахаа ойлгосон. Энэ л миний хамгийн том ололт байсан, магадгүй өөрийнхөө дотор хайж явсан зүйлсээ таниж эхэлсэн, олсон ч байж болох.

Хийлч Дээгий эгчийн TV 25-ийн Амжилт нэвтрүүлгээр орсон яриаг үзэж байхад –Гадаадад амьдарч чаддаг хүн гэж байна, чаддаггүй хүн гэж бас байна. Миний хувьд бушуухан сургуулиа төгсөөд л харихын түүс болсон гэдэг үгийг сонсоод нээрээ ч бас тийм гэж бодсон. Миний хувьд удаан хугацаагаар амьдарч чаддаггүй төрөлд нь хамаарах хүн бололтой.

Эцэст нь хэлэхэд энэ тэмдэглэлээрээ гадаад руу битгий яв гэж байгаа юм биш, гадаад муухай гэж хэлэхгүй. Хамгийн гол нь юм гэдэг сайнтай муутай, эрээнтэй бараантай, аль болох бодит байдлыг тооцоолж гадаад руу яваарай л гэсэндээ бичсэн юм шүү. Ядаж л бараан талыг нь бага ч гэсэн мэдээд, тооцоолоод очвол сэтгэл зүйн бэлтгэлтэй байх болов уу гээд. Ялангуяа залуучуудад хандаж хэлэхэд гадаад руу урт хугацаагаар амьдарна гэж төлөвлөж ирж байгаа бол шийдээ гаргахаасаа өмнө гэрийнхэнтэйгээ, аав ээжтэйгээ, хайртай дотны хүмүүстэйгээ сайн ярилцаж байгаад шийдвэрээ гаргаарай.

Хэдийгээр эцэг эх чинь чиний туулах гэж буй энэ замыг туулаагүй байж болно, гэвч тэр хүмүүсийн амьдралын туршлага гэдэг чи бид нарынхаас илүү байгаа учраас аав ээжийнхээ үгийг анхааралтай хүлээж авч сонсоорой. Зөрүүд байж болно гэхдээ тэнэг байж болохгүй. Би их зөрүүд ч байсан, тэнэг ч байсан, миний алдааг битгий давтаарай. Хэрэв боломжтой бол эхлээд богино хугацаагаар тэр орон руугаа очиж үзээд үнэхээр би гадаадад удаан хугацаагаар амьдарч, ажиллаж чадах уу гэдгээ сориж, анзаарвал зүгээр мэт санагдсан.

Ингэж явах мөнгө санхүүгийн бололцоо жирийн монголчууд бидэнд хүнд учраас нөгөө талаас бас хэцүү. Миний хувьд нэг ч гэсэн монгол хүн, нэг ч өдөр болтугай гадаад руу очиж үзээд юм үзэж, амьдралаа эргэцүүлээсэй гэж боддог. Гадаадад очоод хүний үзэл бодол, хандлага бага ч гэсэн өөрчлөгдөнө, энэ нь эргээд бид сайхан амьдрахад хэрэгтэй. Бид ганцаараа амьдраагүй, бид хамтдаа амьдарч байгаа, нэг ч гэсэн хүн амьдралыг өргөн хүрээнд харж байвал л бидний нийгэм, амьдрах орчин маань аажим аажмаар сайжирч өөрчлөгдөнө. Магадгүй зарим нь намайг энэ залуу юун ч ичихгүйгээр далан булчирхайгаа тоочдог юм бэ гэж бодож магад.

Би яагаад аль болох дэлгэрэнгүй сэтгэлээ нээж бичдэг вэ гэвэл хэзээ нэг өдөр би үхнэ. Огт байхгүй болно, та ч бас. Тийм учраас зарим зүйлсийг хэдий удна гэж хадгалах юм бэ? Тэгэхдээ тэргүй үхэхээс хойш би өөртөө энэ бүхнийг хадгалаад яахын, нэг ч гэсэн хүнд хэрэг болвол сайн л биз. Мэдэж, ойлгосон зүйлээ хадгаллаа, бусдаас нуулаа гээд ямар мөнх амьдрах биш. Хүн үхлийн талаар бодохоор 2 янзын бодол төрдөг болов уу гэж бодсон.

Амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж, үнэ цэнгүй болдог.

Амьдрал илүү үнэ цэнтэй, утга учиртай болдог.

Эхний хувилбарыг нь би өсвөр насандаа мэдэрч байсан, гэхдээ тэр үеэ давж туулсан, амар байгаагүй. Туулсан, давсан учраас, эцэст нь ойлгосон учраас одоо надад амьдрал илүү үнэ цэнтэй санагддаг. Юу хүсэж байгаагаа сайн анзаар. Ямар шийдвэр гаргах нь таны эрх, үүрэх хариуцлага нь ч мөн л адил таных. Хүн ер нь эцсийн эцэст амьдралд харамсах үе зөндөө гардаг. Одоо би заримдаа юунд илүү харамсдаг вэ гэвэл –Цагийг ашиглаагүйгүйдээ, хийж оролдож үзээгүй дээ, зүгээр суусандаа харамсдаг. Хийж үзсэн хүн харамсдаггүй, хийж үзээгүй хүн илүү харамсдаг юм байнаа л гэж одоогоор би боддог болсон.

Энэ тэмдэглэлийг уншсан гадаадад амьдарч байгаа монголчууддаа бүгдэд нь аз жаргал, эрүүл энхийг хүсье. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай, хүсэлтэй зорилготой байгаарай, та бүхэн гэр бүлдээ, эх орондоо их тус хүргэж байгаа шүү.

Амьдрал бол энгийн. Хэн нэгэн надаас эх орон гэж чиний хувьд юу вэ гэж асуувал –Эх орон гэдэг бол гэр, хайртай хүмүүс, эх орон гэдэг бол хэзээ ч чамаас оршин суух зөвшөөрөл виз шаарддаггүй. Ердөө л энэ гэж би хариулна. Би зарим зүйлсдээ хүрсэн, зарим хүсээгүй зүйлсдээ цаг зарцуулсан юм байна гэдгээ ойлгож тэр зүйлээ орхихоор шийдсэн. Тийм ч учраас удахгүй гэртээ хариж аавдаа очиж нөгөө хацраа үнсүүлэнэ дээ. Зарим хүмүүс амжилтын талаар их яридаг, ухарч болохгүй, шантарч болохгүй, зоригтой бай гэж сургадаг. Тэр ч тийм.

Гэхдээ амьдрал алдаагаар, харууслаар, гунигаар, баяраар, сэтгэлээр, ухаарлаар дүүрэн байдаг. Үргэлж урагшаа явна гэж байхгүй магадгүй заримдаа нэг алхам ухраад дараагийн 2 алхам хийхдээ бэлдэх үе ч гарна, чигээрээ явалгүй баруун эсвэл зүүн талаар нь явж болно, эсвэл бүр орхиод өөр замаар ч явж болно. Эсвэл хийж байгаа зүйл чинь хүсээгүй зүйл чинь байвал тэрийгээ орхиж болно. Үнэхээр хүссэн зүйл чинь мөн байвал хичнээн түүнийгээ орхиж, хаясан ч нэг мэдэхэд хэсэг хугацааны дараа та өөрийн мэдэлгүй тэрэнтэйгээ зууралдчихсан л байх болно. Харин хүсээгүй зүйлс чинь байсан бол дахиж тэрийгээ оролдох ч үгүй.

Үүнийг яагаад бичээд байна вэ гэвэл гадаадад байгаа зарим хүмүүс зорилгодоо хүрээгүй болохоор нутаг буцаж чаддаггүй, очихоор хүмүүс муу хэлнэ, шоолно гэж боддог ч байж болох, тэр хамаагүй, хүнд алдах онох зүйлс байлгүй л яах вэ. Алдаанаасаа юм сурсан л бол тэр чинь ололт гэж би боддог. Сонголт шийдвэр хүсэл нь үргэлж танд байгаа. Таны л сонголт.

Цаг гаргаж, тэвчээртэй уншсанд баярлалаа. Нэмээд хэлэхэд сэтгэгдэлийн хэсэгт дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчууд маань гадаадад амьдрах ямар байдаг талаарх туршлага, үзэл бодол, тухайн орны талаарх бодит мэдээллээ бусадтайгаа хуваалцаарай гэж хүсье.

Бүгдэд нь дахин аз жаргал сайн сайхныг хүсье.

Source : otgonbatseseer.wordpress.com

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close