LifestyleАялалЗөвлөгөөСонирхолтой

Хүнд яагаад хүсэл, сонирхдог зүйлс байх хэрэгтэй вэ? Аялал надад хэрхэн нөлөөлсөн бэ?

Хүнд яагаад хүсэл, сонирхдог зүйлс байх хэрэгтэй вэ? Аялал надад хэрхэн нөлөөлсөн бэ?

Би багадаа тийм ч сониуч хүүхэд байгаагүй, зурагт, кино их үздэг байлаа. Хобби гэхээр бага байхдаа сонин дээрх уран сайхны киноны постер болон жүжигчидийн зургуудыг, дууны үгнүүдийг хайчилж аван цуглуулдаг байсан. Бас тийм ч их гадагшаа гарч гэрээсээ хол явдаггүй хүүхэд байсан бөгөөд манайх 100 айлд байдаг болхоор холдлоо гэхэд сэлбийн гол эсвэл бүр цаашлаад ганц нэг удаа байрныхаа хүүхдүүдтэй цуг туул гол орно эсвэл ямар ч хамаагүй автобусанд ганц нэг удаа туулайчлан суун хотоор тэнэнэ. Тийм ч их сонирхдог зүйлсээ олоё гэж өөрийгөө хүчилж байгаагүй, айхтар их ном уншиж эрэл хайгуул ч хийж байгаагүй.

Юутай ч баримтат кинонд л их дуртай байсан, одоо ч тэр. Тэр бүр гэрээсээ хол явдаггүй ноомой байсан хүү өнөөдөр дэлхийгээр аялах дуртай болсон гэхээр хүний амьдрал гэдэг тааварлашгүй сонин юм шүү. Сүүлийн үед нэг улсаас нөгөө улс руу очиж аялах, аялах хүсэл маань бараг нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү явах гэж байгаа юм шиг л санагддаг болсон. Нэг үгээр хэлбэл бусад хүмүүс шиг ямар хол юм бэ гэх мэтчилэн тэгж бодохоо болисон. Магадгүй нас залуу, цус шингэн, амьдралын туршлага бага болхоор тэнэг байж болох юм.

2007-2011 онд байгалийн аялал жуулчлалаар ХААИС-ийг төгсчихөөд –Би юу сурав аа гээд өөрөөсөө асуулт асууж байснаа маш их санадаг. Би тийм ч сайн сурлагатай оюутан байгаагүй. Бас энэ мэргэжлийн утга учрыг ч олоогүй, ёстой юугаа ч мэдэхгүй бацаан байсан. Одоо ч амьдралд мэдэхгүй зүйлс их л байх юм. Уг нь дунд сургуульд байхдаа улс төр, нийгмийн чиглэлээр сурая гэж бодож байсан ч өөрийн бэлтгэл дутуугаас болоод хүссэндээ орж чадаагүй, тэгхээр нь зөзө сургуульгүй байж байхаар гээд л хаа олдсон руугаа ороё гээд ХААИС руу орж билээ. Тэгтэл эргээд өнөөдөр бодоод байхад энэ бүхэн хувь тавилан байжээ гэдгийг ойлгосон.

Магадгүй энэ л мөчөөс эхлээд би аялалтай холбогдож эхэлсэн байх. Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Харин оюутан байхдаа Амай ахтай танилцсан нь миний хувьд амьдралын хамгийн том эргэлтийн цэгүүдийн нэг болсон гэж өнөөдөр би дотроо дүгнэдэг. Хүн бүрт л төрөх, хөлд орох, яриж эхлэх, цэцэрлэгт явах, сургуульд сурах, ажилд орох, хайр сэтгэлийн холбоо, ажил хийх гээд энэ бүхэн нь хүмүүсийн нийтлэг тохиолддог амьдралын эргэлтийн цэгүүд. Тэр дундаас Амай ахтай танилцсан нь миний амьдралын хамгийн чухал үеүдийн нэг байсан.

Хэрвээ танилцаагүй байсан бол өдийд би үүнийг бичээд сууж байхгүй байсан, мөн өнөөдрийн байдлаар 25 орноор аялахгүй байсан, товчхондоо миний нүд нээгдэхгүй байсан. Би Амай ахаас их сургуульд сураад ч ойлгоогүй олон зүйлийг сурч, ойлгосон. Энэ талаар ирэх 7 хоногт дэлгэрэнгүйгээр нэгэн тэмдэглэл болгож бичих болхоор ингэсгээд түр орхиё.

2013 онд анх Амай ахтай цуг аялалд явсанаас хойш аялал миний амьдралын хамгийн чухал хэсэг юм байна гэдгийг анзаарсан. Энэ цагаас эхлээд л аялал миний амьдралын томоохон хэсэг бараг албан ёсоор болж хувирсан. Аялалд сонирхолтой болсоноос хойш хаашаа ч хамаагүй аяламаар, шинэ газар оронтой танилцамаар, шинэ хүмүүстэй уулзмаар санагдаад, нэг үгээр хэлбэл хөлд нь хий орчихсон хүн шиг л. Өнөөдөр надаас чиний хобби юу вэ гэж асуувал хамгийн түрүүнд би –Аялал л гэж хариулна. Үүнийг ойлгодог болсоноос хойш аяллын талаарх өөртөө олдож болох бүхий л нэвтрүүлэг, кино, видео, зураг, ишлэл, мэдээлэл, номыг сонирхон судалдаг болсон. Аяладаг болсоноос хойш гэрэл зураг, хоол, шашин, барилга байгууламж, түүх, загвар, видео, уран зураг, ан амьтан, байгаль сонирхож эхэлсэн. Жишээ нь европын орнуудаар аялж байхад хаа сайгүй тааралдах сүмүүдийг хараад яагаад энэ барилга нь ийм байгаа юм бол, яагаад энэ хүмүүс энэ шашныг шүтээд байгаа юм бол гээд сүүлдээ өөрийн эрхгүй бодож эхэлсэн.

Бас энэ тэндэхийн мод, ургамлыг хараад ямар гоё юм бэ, энэ юу гэдэг нэртэй, ямар учиртай ургамал юм бол гээд л. Өмнө нь оюутан байхад ургамлын хичээл ордог байхад баахан л ургамлын латин, англи, монгол нэр цээжлүүлээд л байдаг байсан ч тухайн үед сайн ойлгоогүй, арай ч уначихалгүйхэн шиг тэнцсэн болж дуусгаж билээ. Тэгтэл одоо энэ бүхнийг сонирхож эхэлж байдаг нээрээ хэхэ. Аялал надад бас нэг тус болсон зүйл нь гадаад хэлний мэдлэг. Би тийм мундаг гадаад хэлтэй хүн биш, хэл мэддэг хүмүүс нь намайг хараад өө хөөрхий л гэж хэлэх байх хэхэ.

Англи, германаар ерөнхийдөө ярина, сонсоно, уншина, ойлгоно. Хэдэн жилийн өмнө хэл сурахын тулд сонирхдог зүйлсээрээ дамжуулан сур гэдгийг сонсож, уншиж байсан. Тэгтэл тэрийг одоо л ойлгож байна. Аяллын холбогдолтой кино, мэдээлэл, номыг уншиж байхдаа өөрийгөө хэл сургах гэж байна гэж боддоггүй, зүгээр л аяллын талаар уншиж, судалж мэдэх нь надад таатай байдаг учраас танин мэдэх хүсэл л байдаг. Аяллын талаар мэдээллээ ч олж авна, давхар хэлний мэдлэгээ ч дээшлүүлнэ. Өмнө нь шалгалтанд л бэлдэж хэл сурдаг, юм сурдаг байсан бол одоо тэгэхээ болисон.

Зүгээр л би үүнийг мэдмээр байна. Тэгээд л болоо. Би юмыг цээжилдэг хүн биш, харин өөртөө уусгадаг, шингээдэг. Яг л ус шиг. Би аливааг харах өнцөгөө л өөрчилөх хэрэгтэй гэж өөртөө хэлдэг. Аливаа зүйлийн яагаад гэдэг зүйлийн хариултыг өөртөө ухаж ойлгоогүй цагт, өөртөө бат итгэн үнэмшээгүй цагт би тэр зүйлийг даган дуурайдаггүй. Зарим хүмүүс өө тэгдэг гэнэлээ гээд л янз бүрийн зүйлсийг даган дуурайгаад байдаг, тэгээд би яагаад энэ ингэдэг юм бэ гэхээр –мэдэхгүй тэгдэг л гэнэ лээ гэж хариулдаг.

Харин би яагаад гэдгийн учир утгыг нь ухамсарлаж ойлгосон цагтаа л тэр зүйлийг хүлээж авч өөртөө уусгадаг. Аялал хүнийг их эргэцүүлэн бодуулдаг, ажигч гярхай, сониуч болгодог. Парист Луврийн музейг үзчихээд өөрийгөө их л голоод гарч ирж билээ. Зарим нэг голлох бүтээлүүдийн сургийг сонсож, баримтат киноноос ерөнхий танин мэдэхүй авч байснаас биш, урлагийн талаар ямар ч мэдлэггүй, ойлголтгүй юм байна даа гэдгээ ойлгож, их бодлогошироод гарч ирсэн. Уран зураг надад их таалагддаг. Дэлхий дээр яагаад хуучны уран зургууд алдартай өндөр үнэтэй байдаг вэ гэвэл би хувьдаа ингэж боддог –Дээр үед гэрэл зураг гэж байгаагүй учраас тэр хүн ямар хүн байсан, тухайн үед ямар үйл явдал болж байсан гэдгийг таних, мэдэх гүүрнүүдийн нэг нь уран зураг учраас тэр байх.

Энэ миний л бяцхан ойлголт, тэрнээс мэргэжлийн хүмүүс бүр өргөн хүрээнд дэлгэрэнгүй сайхан хариулт өгөх байх. Заримдаа өөртөө надад зурах авъяас байсан ч болоосой тэгсэн бол сэтгэлд байгаа зүйлсээ зургаар илэрхийлэхсэн гэж боддог. Гэхдээ зурах авъяасгүй ч гэлээ гэрэл зураг дарж сэтгэлдээ мэдэрч байгаагаа илэрхийлэхийг хичээдэг. Ирэх жил гэхэд ямартай ч өөртөө нэг аппараттай болно гэж шийдсэн. Байгалийн зураг дарж байхдаа –Байгаль гэдэг хамгийн үзэсгэлэнтэй модел дээрээс нь яаж ч дарсан үргэлж сайхан, үргэлж тайван гэж хэлдэг. Миний хувьд байгалиас гадна бараг баримтат гэрэл зургийн төрөлд илүү дуртай.

Сонирхдог зүйлс гэдэг хүний амьдралыг бас авардаг гэж би боддог. Хүн сэтгэлээр унасан, итгэл алдсан, айдастай үедээ сонирхдог зүйлсээ хийж эхлэхэд тэр бүхэн нь арилдаг. Аялал надад яг л ингэж тусладаг. Аялалаас аяллын хооронд би өөрчлөгдсөөр л байдаг. Хааяа сэтгэлээр их унасан, яахаа мэдэхгүй болсон үед минь аялал л намайг эмчилдэг. Нэг үгээр хэлбэл би сэтгэлээ эмчилэхийн тулд хааяа аяладаг. Миний амьдралд бүх зүйл болохгүй байгаа юм шиг гарах гарцгүй үедээ би тэр зүйлээ орхиод шууд л аяладаг. Тэгээд эргэж ирээд тэдгээр асуудлууд маань ямар амархан байсныг ойлгодог. Бүр аялаж чадахгүй үедээ интернэтээр дэлхийн гайхалтай газруудын талаар аяллын видео үзэж, өөртөө -Отгоо амьдрал ийм удам том гайхалтай шүү гэж сануулдаг.

Миний бодлоор амьдрал гэдэг үргэлж, урагшаа дээшээ явах биш хойшоо, хажуу тийшээ, доошоо, тойрч эсвэл бүр хаяад огт өөр тийшээ ч явж болно. Амьдралд тогтсон дүрэм байхгүй, дүрэм гэж зөвхөн нийгэмд л бий гэж боддог. Хамгийн гол нь яг үүнийг хүсэж байна уу гэдгээ л өөртөө мэдрэх хэрэгтэй. Тэр зүйлээ орхилоо гээд чамд сэтгэл чинь тавгүй мэдрэмжийг төрүүлж байна уу, эсвэл аз жаргалтай амгалан мэдрэмжийг төрүүлж байна уу? Үнэхээр хаяж орхисон ч гэсэн хэсэг хугацааны дараа хүсэл чинь төрөөд л байвал дахиад л өөрийн эрхгүй хийгээд эхлэнэ.

Өөрийнхөө хувьд хамгийн чухал ойлгосон зүйлсийн нэг нь хүсэл гэдэг хамгийн чухал юм байна. Хүсэл төрөөгүй цагт хийх хэрэггүй гэж өөртөө хэлдэг. Хүслийг чинь төрүүлж, сэтгэлийг чинь догдлуулж байгаа тэр л зүйлээ оролд, сонирх, хий гэж өөртөө ойлгуулж, суулгаж, шингээсэн.

Аялал надад бас нэг зүйлийг ойлгуулсан. Тэр бол өөрийгөө хүлээн зөвшөөр гэдэг ойлголт. Би өөрийгөө хүлээн зөвшөөрч эхэлсэн. Зарим хүмүүсийн хэлдэг тэг ингэ гэсэн зөвлөгөөнүүд, номон дээрхийг шууд л өөртөө хүчээр суулгах гээд байдаг. Тэгтэл хүн бүр өөр, онцлогтой. Урьд нь би ч бас л тийм байсан. Тэгэж засах гээд өөрийгөө илүү дордуулсан. Яагаад гэвэл тэр нь миний шинж чанарт тохирохгүй, зүгээр л нийтлэг массын сэтгэхүйд зориулсан.

Би жижиг зүйлд анхаарал хандуулдаг юм байна, заримдаа сэтгэлийн хөөрлөөр бодлогогүй шийдвэр гаргадаг юм байна, ухаандаа гэхээс илүү мэдрэмжиндээ захирагддаг юм байна, нэг зүйлтэйгээ удаан зууралддаггүй болсон бол дараагийн шинэ зүйл, үргэлж шинэ мэдрэмжийг эрэлхийлдэг юм байна гэх мэт өөрийн шинж чанараа хүлээн зөвшөөрдөг болсон. Миний алхаа гишгээ, үс засалт, хувцас, царай, харц, мэдрэмж, төсөөлөл, гуниг, харуусал, баярлах мэдрэмж энэ бүхэн тэр чигтээ л би юм байна. Цаг барихыг хичээдэг, заримдаа юманд хэтэрхий их ач холбогдол өгдөг нь бас л миний өөрчлөх хэрэггүй чанар юм байна.

Цаг барих тал дээр нэг зүйл бодож явдагийн. Зарим хүмүүс цаг барилгүй бусдыг хүлээлгэдэг. Тэгтэл тэр хүн чамд өөрийнхөө амьд явах цаг хугацаанаасаа зарцуулж байхад түүнийг нь үл тоож байгаа нь ёстой үл хүндлэл. Бидний амьдрал цаг хугацаагаар хэмжигддэг хязгаартай. Тэр хүнтэй би уулзахгүйгээр өөр дуртай зүйлсээ хийгээд амьд явах цаг хугацаанаасаа таашаал аваад явж болох байсан ч, тэр хүнийг хүндлээд амьдралынхаа цагийг зарцуулж байна шүү дээ.

Өөр сонирхол гэвэл ном унших. Яагаад ном уншдаг вэ гэвэл аливаад илүү ул суурьтай хариулт олохыг хичээдэг, бас өөр ийм хувилбар гарц байдаг юм байна гэдгийг олж хардаг. Манайхан ном унш, ном унш л гээд уриалаад байдаг гэхдээ яагаад хүн ер нь ном унших ёстой юм бэ гэдгийг тэр бүр тайлбарлаад байдаггүй.

Сүүлийн 1 жилд өөрийнхөө амьдралыг одоо л эхэлж, амьдралын амтыг мэдэрч эхэлж байна гэж бодсон. Яагаад гэвэл дэлхийн амьдрал, хүний амьдралын эрээн бараан, сайн сайхан зүйлс бүгд л тэр чигээрээ гайхалтай юм байна гэдгийг мэдэрч, хардаг, ойлгодог болсон. Өмнө нь алдаа хийхээс айдаг байсан бол алдаа гэдэг байх ёстой зүйл, харин ч юм сурдаг, алдаа гэж яг үнэндээ байдаггүй юм байна гэх мэтийг өөртөө ойлгосон. Энэ бүхнийг номноос унших нэг өөр гэхдээ хүн өөрөө туулаад, ухаж ойлгоод, сэтгэл оюундаа шингээнэ гэдэг тэс өөр мөн чанартай. Ринчен гуайн номон дээрээс нэг үгийг би одоо хүртэл мартдаггүй юм. “Амьдарч суралц”. Тэр хүн номноос бүх зүйлийг сурдаггүй юмаа, ном бол ердөө л нэг өчүүхэн хэсэг нь, харин амьдралаас их зүйлийг сурдаг юмаа гэсэн утгатай хэлсэн.

Юу бичих гэж байгаад сүүлдээ юу юу руу ч хадуураад орчихов доо хэхэ. Уучлаарай.

Товчхондоо юу хэлэх гээд байна вэ гэвэл сонирхдог зүйлсээ олж хар, мэдэр тэгээд түүнийгээ хийж эхэл, аяндаа тэр нь дараа дараагийн амьдралын сонголт боломжуудтай учруулдаг юм байна. Аялал гэхэд намайг харах өнцөгөөс гадна, олон сайхан сонирхол нэгтэй дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүстэй уулзуулж учруулж өгч байдаг.

Амьдралыг би хүчлэхээ больж зүгээр л хүслээ, сонирхолоо дагаад, тэр гайхалтай мэдрэмжүүдээ төрүүлж байгаа зүйлсийг л хийгээд байдаг болсон. Өнөөдрийн энэ бүхнийг ойлгоход аялал маш том түлхэц үзүүлсэн.

Сүүлийн хэдэн сар сэтгэлдээ нэг кино хийх санаа тээгээд яваад л байгаа. Ирэх жил кино зохиол хэрхэн бичдэг талаар судалж, түүгээрээ өөртөө хувьдаа жижигхэн кино зохиол бичихээр шийдсэн. Кино болж чадах эсэхийг нь мэдэхгүй ч, мэргэжлийн хүн нь биш ч, зүгээр л би хийхийг хүсэж байна, бүтэмжтэй байх эсэх нь хамаагүй би хийхийг л хүсэж байгаа, тэр нь л чухал. Заримдаа өөрийгөө философийн ухаанаар сурахгүй яасан юм болоо гэж боддог хэхэ. Гэхдээ болохгүй зүйл байхгүй, сурдаггүй юмаа гэхэд хүсвэл философийн номнуудыг уншиж ойлголт авч болно. Хүслээ дага, тэр нь хаа нэгтээ хөтөлж аваачна…

Би энэ тэмдэглэлээрээ өөрийгөө мундаг ухаантай болгож харагдуулах гэсэнгүй, зүгээр л сэтгэлд байдгаа л уудалж бичлээ. Одоогоор би нийгэмд мундаг энэ тэр амжилт ч гаргаагүй, магадгүй надаас ахмад, эсвэл үеийн мундаг залуус миний бичсэнийг уншаад инээд нь хүрэх л байх. Гэхдээ тэр нь чухал биш, хамгийн гол нь би сэтгэлээ уудалж бичсэндээ л надад сайхан байна. Сүүлд номон дээрээс уншсан нэг үг санаанаас гарахгүй байгаа “Хэн бичнэ, тэр үлдэнэ, хэн ярина тэр нь үлдэхгүй” гэж…

Хүний амьдралд өчнөөн сонголт бий тэндээс хүсэл, сонирхолоо дагаад л сонголтоо хийгээд амьдарсаар л байх болов уу. Энэ тэмдэглэл дээрх миний юу хэлсэн, бичсэн нь ч бас яг үнэндээ чухал биш гол нь юуг та өөртөө мэдэрч байна вэ гэдэг нь л чухал. Би өөрийнхөө ойлгосон зүйлээ л бичсэн, та эндээс тэс өөр ойлголттой байсан ч болно, энэ нь таны л сонголт, хүсэл шүү дээ. 🙂

Source : otgonbatseseer.wordpress.com

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close