НийгэмСонирхолтой

37-р ТОЧКА киноны тухай сонирхолтой 37 баримт

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй

Монголын кино урлагийн салбарт шинэ хуудсыг эргүүлж, үзэгчдийн өндөр хүлээлт дунд нээлтээ хийсэн “37-р Точка” олон ангит киног мэдэхгүй хүн ховор биз ээ. Сүүлийн ангиа цацаад тодорхой хугацааг өнгөрүүлсэн ч одоог хүртэл үзэгчдийн ярианы сэдэв болсоор байгаа нь уг уран бүтээлийн чансааг илтгэх болов уу. Энэ удаа бид тус киноны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. “37-р Точка” нь Фантастик продакшны анхны телевизийн цуврал бүтээл юм.

2. Найруулагч Б.Тамир нь Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, ардын жүжигчин С.Сарантуяа нарын хүү билээ. Мөн түүний өвөө буюу аавынх нь аав “Их замын эхэнд”, “Моторын дуу” зэрэг киноны дүрээрээ үзэгч олонд танигдсан гавьяат жүжигчин У.Осор бөгөөд эднийхэн үе удмаараа урлагт хүчин зүтгэж буй урлагийн гэр бүл юм.

3. Фантастик продакшны захирал, үндсэн бүрэлдэхүүний нэг болох Можухай буюу Б.Батсайхан нь кинондоо жүжигчний хувиар биш продюсерийн үүрэгтэй оролцжээ.

4. Тус кино нь Монголд анх удаа OTT, streaming үйлчилгээгээр онлайн нээлтээ хийсэн тохиолдол болсон юм.

5. Тус киног Фантастик продакшны 10 жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд продакшны 11 дэх уран бүтээл билээ.

6. Долоо хоногт нэг анги гардаг буюу олон улсын жишгээр цацагдсан олон ангит кино юм. “37-р точка” гарснаар Монголын кино урлагийн салбар энтертайнмент, шоу бизнес тал руугаа хөгжих том түлхэц болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж буй.

7. Нийт хоёр бүлгийн 21 ангитай бөгөөд төгсгөлийн анги нь бүрэн хэмжээний кино байдлаар үзэгчдийн хүртээл болсон. Нээлт нь цар тахлын үед онлайн байдлаар зохион байгуулагдсан нь мөн маш шинэлэг үйл явдал болсон билээ.

8. Тус киноны зарим нэг хэллэгүүд хүмүүсийн ярианд нэлээд дэлгэрээд буй. Жишээ нь: Гадаа хүйтэн байна, ахдаа ганц хийчихээч, Найз минь дээ… гэх мэт

9. Киноны нэрийн 37 гэх тоо нь найруулагч Б.Тамирын утасны дугаарын сүүлийн орнууд бөгөөд манай улсад бодитоор 37 дугаар точка байдаггүй аж.

10. Ерөнхий найруулагч Б.Тамир киноныхоо нэрийг монголчилбол “37-р зөрлөг” хэмээн нутагшуулж болох байсан ч өөр том агуулга байгааг онцолсон байдаг. Тэрээр “Точка гэдэг орос үг ‘цэг’ гэсэн утгыг илэрхийлдэг. Үүгээрээ хүн анх үүссэн цэг дээрээ эргээд заавал очдог гэх санааг илэрхийлэхийг зорьсон” хэмээжээ.

11. Киноны дүрүүдийн зураг бүхий хөзөр худалдаанд гарч байв. Тодруулбал, ноён, хатан, боол, тамга гэсэн дөрвөн төрлийн 16 хөзөрт киноны гол дүрийн Лутаа, Тогосоо тэргүүтэй дүрүүдийн зургийг буулгажээ.

12. Монголын ардчилсан хувьсгалын түүхэн үйл явдлуудтай киноны зохиолыг уяж холбон, зохиолыг илүү сонирхолтой болгосон байдаг.

13. Насны ангиллын хувьд R буюу 18+ бүлэгт хамаарна.

14. “37-р Точка” киноны анхны албан ёсны трэйлэр 2019 оны наймдугаар сарын 28-нд цацагдаж байсан.

15. Үндсэн кино групп 170 хүнтэй, нийт 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байжээ.

16. Зохиолын санаа нь бүр 2008 онд продакшн байгуулагдах үед яригдаж байжээ. Тэр үед Фантастикийнхан ах дүү, анд нөхөд, нөхөрлөлийн тухай, нэг ангит кино хийе гэж ярьж байсан нь эцэстээ “37-р Точка” болон хувирсан байна.

17. Тус киноны Дарханд хийгдсэн олны хэсэг бүхий зураг авалтад 1200 хүн оролцжээ. Харин хотын төвийнхэн болон захын залуусын хооронд болдог зодооны зураг авалтад 400 гаруй хүн хамрагдсан гэнэ.

18. Нэгдүгээр бүлгийн сүүлийн анги болон хоёрдугаар бүлгийн эхний ангийн хооронд яг 37 хоногийн зөрүү байдаг гэнэ.

19. Facebook дэх “37-р Точка сонирхогчдын бүлэг” нэртэй групп 12 мянган гишүүнтэй. Өндөр хүлээлт дунд үнэнч хэрэглэгчдийг үүсгэж чадсан тус группийн гишүүд кинотой холбоотой санаа бодол, ажиглалтаа идэвхтэй солилцдог байна.

20. Гол дүрийн баатруудын 37-р точкаас хотод нүүн ирээд амьдардаг ягаан байр Зайсанд байрладаг гэнэ. Гэхдээ киноны зураачдын баг дотор талыг шинээр засан, нийтийн байрны уур амьсгал бүрдүүлж зураг авалтаа хийжээ.

21. Тогосоогийн дүрийг бүтээсэн жүжигчин Д.Хулан СУИС-ийн дөрөвдүгээр курсэд суралцаж байхдаа уг кинонд тогложээ. Тэрээр ихэр гэнэ.

22. Лутаа, Ялалт, бие давхар Солонго нарын сценийг найруулагч Б.Тамир бараг 10 жилийн өмнө анх төсөөлж байснаа Гэрэг сэтгүүлд ярьжээ. Тиймдээ ч уг хэсгийн зураг авалт хамгийн удаан үргэлжилсэн бөгөөд шөнө дөрвөн цагт авч дууссан гэдэг.

23. Зохиолын анхны хувилбар нь мөнгөнөөс үүдэлтэйгээр тус тусын замыг хөөж буй найман залуугийн түүхийг өгүүлэх төлөвлөгөөтэй байжээ.

24. Киног хоёр жил гаруй хугацаанд хийсэн бөгөөд зохиол бичих ажилд л гэхэд долоон сарыг зарцуулжээ.

25. Зураг авалт, уран бүтээлчдийн багаас гадна бүтэн барилгын бригад энэ кинонд ажилласан байна. Учир нь өнөөдөр 90-ээд оны үе болон бусад түүхэн үеийг харуулах хуучнаар нь авч үлдсэн газрууд тун хомс үлджээ. Иймд кино багийнхан ихэнх хэсгийг шинээр босгож, барьж байсан аж.

26. Тэд Улаанбаатар хотоос гадна Эрдэнэт, Дархан, Налайх, Гордок, Биокомбинат гэх зэрэг газруудад нэмэлт зураг авалтуудыг хийжээ.

27. Бүрэн хэмжээний нэг ангит кинонд 100 орчим сцен авдаг бол уг кинонд 900 орчим сценийг авчээ. Тус киноны хар дүрс, материалууд нийлээд 180 терабайт багтаамжтай болсон гэнэ. (Нэг суурин компьютер ойролцоогоор нэг терабайт, нөүтбүүк хагас терабайтын багтаамжтай.)

28. Мааньтын хорих ангид зураг авалт хийснээс удалгүй тус хорих ангийн барилгыг буулгаж байсан байна.

29. Киноны туршид нийт 3000 мянга орчим жижиг хэрэглэлийг ашигласнаас гадна 100 орчим машин, түүний дотор 30 орчим хуучны машиныг зураг авалтанд оруулжээ.

30. Дарамын эхнэр Долгорын дүрд тоглодог жүжигчин Ж.Амарзаяа нь Лутаагийн дүрийн жүжигчин Б.Барслхагвын жүжиглэх уран чадварын анхны багш нь байжээ.

31. Жүжигчин Э.Алдар дүрийн жижиг хэрэглэл болох сүхтэйгээ ихээхэн дасгал сургуулилт хийсэн бөгөөд сүхээ угсруулан дөрвөн удаа эргүүлж байсан рекордтой.

32. Болдын дүрийн хамраа татаж, мөрөө хөдөлгөх хөдөлгөөн, киноны дурлалт хосууд болох Сувд, Идэр нарын хайрыг бэлгэдэх үнсэлт илгээж буй хөдөлгөөн зэргийг жүжигчид өөрсдөө бодож олжээ.

33. Кинонд нийт 3000 гаруй хувцас ашигласан байна. Олны хэсгийн зураг авалттай үед хувцаснуудаа автобусанд дүүргэн зөөдөг байжээ.

34. Жүжигчин Отгонбаяр Тулгатын дүрд тоглохын тулд 10 кг жин хасжээ.

35. Зодоонтой хэсгүүдэд ашигласан бүх хэрэглэлүүдийг хүнийг гэмтээхгүй, аюулгүй байдлаар шинээр хийсэн байна.

36. Киноны үйл явдал түүхэн цаг үед өрнөдөг ч дүрүүдийн харилцаа холбоо болон түүхүүд зохиолчийн сэтгэлгээнээс бий болсон уран сайхны үйл явдал гэдгийг кино багийнхан онцолдог.

37. Уншигч та бүхэн тус киноны нэг, хоёрдугаар бүлгийн нийт 20 ангийг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэхийг хүсвэл Юнивишнийн Монгол кино багцаас аваарай. Тус үйлчилгээг идэвхжүүлсэн хүн бүр “Ладатай кино-2” хөтөлбөрт оролцож, 2020 оны цоо шинэ загварын Лада автомашины эзэн болох боломжтой юм байна. Source: unread.today

📢 37-Р ТОЧКА киног Монгол багцаас үзээд ЛАДАТАЙ КИНО 2 хөтөлбөрт оролцоорой. Та Фантастик продакшнийн уран бүтээл…

Posted by Univision Mongolia on Wednesday, September 23, 2020

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Санал болгох

Close
Back to top button
facebook
Close
Close