Нийгэм

Архи, согтууруулах ундааг долоо хоногийн ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

Архи, согтууруулах ундааг долоо хоногийн ням гараг бүр худалдахгүй байх санал гаргажээ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульанх 2000 онд батлагдсанаас хойш өнөөг хүртэл 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ удаа ямар өөрчлөлт оруулахаар ажиллаж буй талаар уг хуулийн төслийг санаачлан боловсруулж буй УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа төслийн үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулж, тэдний саналыг авч, төсөлд тусгах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буйгаа хэлсэн.

УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан, боловсруулж буй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Б.Жаргалмаа гишүүн танилцууллаа. Тогтвортой хөгжлийн зорилгын “Эрүүл амьдралыг баталгаажуулах, бүх насныхны сайн сайхан байдлыг дэмжих” гэсэн 3 дугаар зорилтын хүрээнд мансууруулах бодисын хэрэглээ болон архины хортой хэрэглээг бууруулах; 2020 он гэхэд зам тээврийн ослын шалтгаант гэмтэл, нас баралтын тоог тал хувиар бууруулах дэд зорилтуудыг дэвшүүлсэн.

Дэлхий даяар 2016 онд нийт хүн амын талаас илүү хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд архи уугаагүй бол 2.3 тэрбум хүн архийг тогтмол хэрэглэдэг байна. Нэг хүнд ногдох архины хэрэглээ 6.4 литр байна. Архины хортой хэрэглээ 3 сая хүний (нас баралтын 5.3%) нас баралтын шалтгаан болдог тоо баримт байна.

Манай улсад спиртын 6, архины 26, шар айрагны 12, нийтдээ архи, согтууруулах ундааны 44 үйлдвэр байгаа бөгөөд энэ нь 2012 онд 75 байсантай харьцуулахад үйлдвэрийн тооны хувьд буурсан үзүүлэлт. Гэхдээ Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр нэг хүнд ногдох архи, дарсны хэмжээ

  • 2011 онд 10.6 литр,
  • 2015 онд 7.2 литр байсан бол
  • 2019 онд 8.5 литр,

Шар айрагны хэмжээ

  • 2011 онд 28.1 литр,
  • 2015 онд 25.3 литр байсан бол
  • 2019 онд 28.8 литр болж, манай улс нэг хүнд ногдох архины хэрэглээ Ази тивд дөрөвдүгээрт бичигджээ.
    Дээрх тооноос харахад үйлдвэрийн тоо буурсан ч архи, согтууруулах ундааны хэрэглээ төдийлөн буураагүй байна.

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгож, зохицуулалтын утга, агуулга, нэр томъёог тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд тус хууль өнөөг хүртэл 20 жил гаруй хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөхдөө 8 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан хэдий ч, нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо, согтууруулах ундааны нийгэмд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй байгаагаас харахад тус хуулийн зохицуулалт нь бодит байдалтай нийцээгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон, зайлшгүй зохицуулах ёстой харилцааг хамарч зохицуулаагүй гэх үндэслэлтэй талаар дурдсан байна.

Судалгаагаар сурагч-өсвөр үеийнхний 29.1 хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн, 12.9 хувь нь согттол хэрэглэж үзсэн төдийгүй тэдний эцэг эхчүүдийн 39.8 хувь нь архи, согтууруулах ундааг хэрэглэдэг, оюутан залуучуудын 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг, 70.6 хувь нь баар, диско клубт хэрэглэдэг, оюутнуудын сургууль, амьдарч байгаа орчноос 100 метр хүрэхгүй газар яваад архи, согтууруулах ундаа авч болдог байна. Үүнээс гадна архины хэрэглээний талаарх хандлагыг тодорхойлох судалгаанаас харахад 15-24 насны хүүхэд залуучуудын 56.5 хувь нь сүүлийн нэг сарын хугацаанд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хариулж, 40.0 хувь нь монголчууд архи, согтууруулах ундааг нэг дор их хэмжээгээр уудаг гэдэгтэй санал бүрэн нийлж, 52.0 хувь санал нийлж байна гэжээ.

Энэхүү хандлага эрэгтэй, эмэгтэй, аль ч насны хүмүүст ижил байгаа нь ерөнхийдөө ихэнх хүмүүс Монголчууд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг дадалтайг хүлээн зөвшөөрч байгаа нь илэрхий, уг асуудалд бүх нийтээрээ анхаарлаа хандуулах шаардлага зүй ёсоор харагдаж байгаа бөгөөд архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас үүсэх эрсдэлийг бууруулах ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж төсөл санаачлагчид үзжээ

Source : Zarig.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close