НийгэмСонирхолтой

Чио Чио Саны гунигт амьдралын түүх

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай

Сакура цэцэглэсэн хаврын сайхан өдөр голын эрэг дээрх нэгэн байшингийн гадна хижээлдүү насны япон эр, залуухан америктэй ярилцан зогсоно. Зуучлагч Горо Америкийн цэргийн хурандаа, ноён Пинкертонд шинээр худалдан авсан байрыг нь танилцуулж буй нь энэ ажээ. Энэ байшинд ноён Пинкертон тун удахгүй гэрлэх гэж байгаа үзэсгэлэнтэй залуухан бүсгүй Чио Чио Сантайгаа амьдрах юм.

Зууч Горо байшингаа ихэд магтан түүнд Чио Чио Саны зарц бүсгүй Сузукийг танилцуулна. Энэ хотод суугаа Америкийн консул Шарплесийг Пинкертоны урилгаар ирэхэд тэрээр байраа үзүүлэх ялдамд япон бүсгүйтэй гэрлэх болсноо гайхуулан хэлдэг. Тэд дарс задлан тэдний аз жаргалын төлөө хундага тулган ууцгаана. Хашир Шарплес нөхрийгөө хэтэрхий хөнгөдөж өөрийнхөө толгойд гай хураах юм хийж байгаа юм биш биз гэж сануулахад Пинкертон япон бүсгүйн хашийн цагаан царай, эрвээхэй хоёр нүдэнд нь сэтгэл алдан хөтлөгдөж, эхнэрээ болгохоор эргэлт буцалтгүй шийдсэнээ ярина.

Энэ үед голын гүүрийг даван намуухан дуулсаар ойртон ирж буй бүсгүйчүүдийн дуу сонстоно. Чио Чио Сан найз хүүхнүүдээрээ хүрээлүүлэн гарч ирэв. Тэрээр үзэсгэлэн гоо дуу хоолойгоороо бусдаасаа илүү байлаа. Консул бүсгүйг хүндэтгэн яриа өдөхөд, өөрийнхөө гунигт бага насны тухай сэтгэлээ нээн ярьж, бас Пинкертонтой гэр бүл болсноо баяр хөөр болгон хэлдэг. Тэднийг ийнхүү хөгжилдөж байтал гэнэт бүсгүйн хамаатан болох лам Бонза ирнэ. Өвөг дээдсийн шашин шүтлэгийг үхтэл баримтлагч Бонза, Чио Чио Саныг шашин бурхнаас урван тэрсэлсэн, шившигт эм хэмээн хараан загнаж баярт уригдаж ирсэн олныг үймүүлдэг тараадаг. Балмагдсан бүсгүй уйлан хайлахад, Пинкертон аргадан тайвшруулна.

Тэдэнд хамтдаа байхаас илүү аз жаргал гэж хаа байх билээ. Дурлалт бүсгүйн шивнэх дуу дэслэгчийн сэтгэлийг хөдөлгөн, үүрдийн ханиа гэж дуудан үнэнч байхаа андгайлдаг. Үдшийн бүрийд амраг бүсгүйгээ хоёр гар дээрээ тэврэн шинэхэн байшиндаа орсноор нэгдүгээр үзэгдэл өндөрлөнө.

Хоёр дугаар үзэгдэл эхлэхэд Пинкертоны Японд байх хугацаа дуусч нутагтаа буцсанаас хойш гурван жил өнгөрчээ. Чио Чио Сан хайртай нөхрөө эргэн ирнэ гэж тэвчээртэй хүлээн элдэв доромжлолыг тэсвэрлэж байлаа. Сузуки ч хүртэл Пинкертоныг эргэн ирнэ гэдэгт эргэлзэж цаашид энэ байдлаар удвал хоол унд ч үгүй болно гэж хэлдэг ч Чио Чио Сан хайрт залуугаа явахдаа эргэж заавал ирэхээ амласныг дурсан санаж, яаж ирэхийг нь хүртэл Сузукидаа баяр хөөртэйгөөр дүрслэн ярина. Байшингийн ойролцоох цэцэрлэгт Горо, Шарплес гарч ирэхэд бүсгүй тэднийг баярлан угтана.

Консул Пинкертоноос эргэж ирэхгүйгээ бичсэн захиа хүлээн авчээ. Консул бүсгүйд энэ тухай яаж хэлэхээ мэдэхгүй тэвдэж байтал баян Ямадори хүрч ирнэ. Ямадори Чио Чио Саныг эхнэрээ болгохоор эртний хүсч явдгаа хэлэн гэрлэх санал тавьсан ч бүсгүй түүнийг үл тоон доогтойгоор эцсийн шийдвэрээ “гэрлэхгүй” гэж хэлдэг. Шарплес Чио Чио Саныг тайжтай суухыг зөвлөхөд бүсгүйд гомдох гэнэхэн сэтгэл төрж Консулын байдал нэг л сэжигтэй санагджээ. Чио Чио Санд хайрт залууг нь ирэхгүй болсон тухай хэлэхэд ихэд цочирдон, түүний хүү нь байгаа, Пинкертон хүүтэй болсноо мэдээгүй , мэдсэн дороо баярлан хөөрч хурдан эргэж ирэх ёстой гээд мэгшин уйлахад, зовж шаналсан Шарплес хүүгийн тухай Пинкертонд захиа бичихээ амлаад яаран гарч явна.

Энэ үед их буу буудах чимээ гарч боомтонд хөлөг онгоц орж ирснийг мэдэгдэнэ. Хөөрхий Чио Чио Сан догдлон хөөрч, Сузукийг хамгийн сайхан цэцэг түүлгэн авчирч байшин эргэн тойрноо амьд цэцгээр чимэглэн, хувцсаа сольж, үсээ янзалж хүүгээ дэргэдээ суулгаад, хүлээдэг. Цонхны цаана харанхуй болж , хүү нь Сузуки ч унтлаа. Чио Чио Сан л боомтлуу харсан чигээрээ байрнаасаа үл хөдлөн зогссон хэвээр л хоёрдугаар үзэгдэл төгсөнө.

Гуравдугаар үзэгдэл. Үүр цайж нар мандлаа. Чио Чио Сан шөнө өнгөрч шинэ өдөр эхэлснийг ч мэдсэнгүй Пинкертоноо хүлээсээр байлаа. Сузуки сэрээд гадагш гарч боомтын зүг харсан ч нэмэр болсонгүй. Хүүгээ сэрэхэд сая Чио Чио Сан байрнаасаа хөдлөн гунигтайгаар элгэндээ хүүгээ чанга тэвэрсээр унтлагын өрөөндөө орно. Гэнэт гадаа хүний ярих дуулдан Шарплес, Пинкертон нэгэн америк хатагтайн цуг ирэхэд Сузуки баярлан угтаж, эзэгтэй нь нөхрөө хэрхэн хүлээж, гэр орноо хүртэл амьд цэцгээр чимснийг сэтгэл хөдлөн ярьдаг.

Гэвч Сузуки цэцэрлэгт зогсох гоёмсог америк хатагтайг гэнэт олж хараад дуугүй болов. Консул энэ хатагтай Пинкертоны гэргий болох тухай Сузукид мэдэгдээд “Энэ бүсгүй хүнлэг сайхан сэтгэл гарган Чио Чио Саны хүүхдийг авч өсгөхөөр шийдсэн” гэв. Пинкертон энэ бүхнийг Сузукид тайлбарлан хэлээд Чио Чио Сантай уулзалгүй түрүүлээд явна. Зарц бүсгүй энэ бүхнийг эзэгтэйдээ хэлж үл зүрхлэн шанална. Гадаа чимээг сонссон Чио Чио Сан гарч ирнэ. Хайртай хүн нь ирснийг зөнгөөрөө тааварласан бүсгүй түүнийг нүдээрээ эрнэ. Шарплес харцаа буруулж , Сузуки уйлсан байлаа. Консултай цуг зогсох эмэгтэйг хараад бүх юм тодорхой болох шиг болов.

Тэд хүүхдийг нь авахаар иржээ. Шарплесс эцэгт нь хүүхдийг нь өгвөл өндөр боловсролтой хүн болж өсөхийг Чио Чио Санд хичээнгүйлэн тайлбарлана. Хөөрхий эхийн сэтгэл хямравч өөр зам байхгүйг бас мэдэж байлаа. Чио Чио Сан тэднийг нэг цагийн дараа ирж хүүхдээ авахыг хүсээд зочдыг буцаадаг. Энэ бүхний дараа Чио Чио Сан бүх цонх хаалгаа хаахыг Сузукид тушаагаад, суугаа бурхныхаа өмнө сөхрөн сууж гэмээ наминчлаад хананд өлгөөтэй хутгыг авах мөчид үнэнч зарц Сузуки хүүг нь түлхэн оруулна. Эх хутгаа алдан хүүгээ тэврэн энхрийлнэ.

Гэвч түүний шийдвэрт юу ч саад хийж чадахгүй болжээ. Нэгэнт энэ хорвоод догдлон хүлээж байсан хайртай хүн нь хүртэл түүнээс нүүр буруулан хамгаас эрхэм хүүг нь хүртэл авах болсонд шаналсан бүсгүй сүүлчийн удаа хүүгээ тэврэн үнсэж өрөө рүү нь оруулаад, өөрт нь байх орон зай үлдээгүй энэ амьдралаас үүрд явахаар шулуудан “Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн Ариун нэртэй үхнэ “ гэсэн үг бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорлодог. Яг энэ үед Пинкертон Чио Чио Саныг дуудан хүүгээ тэвэрсээр гүйн ирдэг ч хэдийнээ оройтсон байв. Эмгэнэлт Эрвээхэй хатагтайн дуурь ийнхүү гунигт хувь тавилангаар өндөрлөнө.

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close