LifestyleДэлхийНийгэмСонирхолтойФото мэдээ

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудыг жагсаажээ

Нийтлэлийг уншихад НЭГЖ ДАТА унахгүй шейрлэж найз нөхөдтэйгээ хуваалцаарай

Их Британийн судлаачид янз бүрийн статистикийн хэмжүүр ашиглан дэлхийн аль улс хамгийн аз жаргалтайг тогтоохоор оролдсон байна гэж “Bloomberg”-ийн “Business Week” сэтгүүл мэдээллээ. Их Британийн “Leicester” их сургуулийн гаргасан судалгаанд тухайн улс орны баялаг, эдийн засгийн байдал, гэр бүлийн хэмжээ, байгалийн үзэсгэлэн, хүн ам, боловсрол, эрүүл мэндийн байдал зэрэг олон талтай үзүүлэлтүүд ашигласан.

Судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар Дани дахин тэргүүн байр эзэлжээ. Хамгийн доогуур үзүүлэлттэй оронд Зимбабве, Бурунди орж байна. Азийн орнууд ерөнхийдөө доогуур үзүүлэлттэй гарсан байна. АНУ харин ядуурал их, эрүүл мэндийн халамж доогуур зэрэг асуудлаас шалтгаалан 23 дугаар байранд орсон байна.

Харин Хятад 82, Япон 90, Энэтхэг 125, Орос 167 дугаар байр эзэлсэн байна. Судлаачид статистикийн тоо баримт ашиглахынхаа хажуугаар дэлхийн 178 орны 70 мянган хүнээс санал асуулгын хариу хүлээн авсан. Хамгийн аз жаргалтай улсууд нь “Эрүүл, баян чинээлэг, ухаалаг байгаа нь гайхах зүйл биш юм. Аз жаргалын шалгуурт эрүүл мэнд, ядуурлын төвшин, суурь боловсролын хүртээмж чухал нөлөө үзүүлсэн. Түүнээс гадна хүн амын хэмжээ нөлөөтэй байсан. Жижиг улсууд илүү үндсэрхэг, нэгдмэл үзэл бодолтой байсан. Гэхдээ хэний ч таамаглаагүй зарим улсууд аз жаргалын үзүүлэлтээрээ дэлхийн эхний арваад улсад багтсан ” гэж судалгааны багийн гишүүд ярьсан.

Энэ судалгааг Их Британийн хэвлэл мэдээллүүд амьдралын чанар, аз жаргалын тухай асуудлыг их хөндөх болсонтой учир хийсэн бөгөөд энэ оны сүүлээр тус судалгааны тайланг албан ёсоор хэвлэх болно. Саяхан “BBC”-гээс хийсэн судалгаанд Британийн иргэдийн 81 хувь нь Засгийн газар иргэдээ чинээлэг биш харин илүү аз жаргалтай болгоосой гэж хүсдэг гэсэн.

Цаг агаар зэврүүндүү байдаг ч Англи уг жагсаалтанд 41-д орсон. Амьдралын чанарыг хэмжихдээ дан ганц мөнгө биш бас аз жаргалтай байдлыг хэмжиж үзэх шаардлага, улс төрийн сонирхол улам бүр нэмэгдсээр байна гэж тус судалгааныхан ярьсан. Эхний 12 улсад ямар улсууд багтаж байгааг сонирхъё.

Нэгдүгээрт : Denmark /Дани/

Хүн ам: 5.5 сая

Дундаж наслалт: 77.8 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 34,600 ам.доллар

Амьжиргааны стандарт өндөр, бараг ядууралгүй, нийгмийн олон төрлийн халамжтай Дани улс яагаад аз жаргалтай улсын жагсаалтанд тэргүүн байр эзэлснийг тааж ядах зүйл үгүй. Боловсролын төвшин өндөр, улсын сургуулиуд нь өндөр чанартай, хувийн сургуулиудынх нь төлбөр боломжийн. Хүн ам цөөн нь үндсэрхэг, нэг улс гэсэн үзэл санааг нь бэхжүүлдэг. Данийн байгалийн үзэсгэлэнг өдөр тутам харж болно. Харин цаг агаар нь жаахан хатуу.

Хоёрдугаарт : Switzerland /Швейцарь/

Хүн ам: 7.5 сая

Дундаж наслалт: 80.5 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 32,300 ам.доллар

Европын голд, ил захидал дээр л харагддаг үзэсгэлэнт байгалиар хүрээлүүлсэн Швейцарь хоёрдугаар байр эзэлж байна. Тус улсад гэмт хэргийн гаралт бага, дэд бүтэц сайн хөгжсөн, чөлөөт цагаа гадуур байгальд өнгөрөөх сонголт арвинтай. Альпийн нуруунд ууланд аялахаас эхлээд Женевийн нууранд сэлэх боломжтой. Олон улсын Улаан загалмай, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага гэх мэт Нэгдсэн Үндэстний Байгууллагын салбарууд байдаг тус улсад жилдээ нэг иргэнийхээ эрүүл мэндэд 3,455 ам.доллар төсөвлөдөг. Мөн олон жил төвийг сахих бодлого баримталсан тул тус улсад хөршүүдтэйгээ ужгирсан зөрчил үгүй.

Гуравдугаарт : Austria /Австри/

Хүн ам: 8.2 сая

Дундаж наслалт: 79 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 32,700 ам.доллар

Альпийн нуруун дахь өөр нэгэн аз жаргалийн орон Австри үзэсгэлэнт байгаль өвөрмөц соёлоороо гайхалтай. Дэлхийн аз жаргалтай бусад улсуудын нэгэн адил Австрийн эрүүл мэндийн систем сайн хөгжсөн тул иргэдийнх нь дундаж наслалт өндөр. Байгаль хамгаалах хатуу бодлого нь үр дүнгээ өгч эхлээд байна. Ард иргэд нь тайван амгалан, олон нийтийн тээврийн хэрэгсэл сайн хөгжсөн, цэвэрхэн. Австрид гэхдээ ядуурал бий бөгөөд статистикаар зургаан хувийн ядууралтай гэж гарсан.

Дөрөвдүгээрт : Iceland /Исланд/

Хүн ам: 300,000

Дундаж наслалт: 80 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 35,600 ам.доллар

Исланд халуун рашаан болон дуучин Bjork нараас өөр гайхуулах зүйл ихтэй. Тус жижигхэн улсын нийгмийн халамж сайн нь иргэдийнх нь аз жаргалтай байдалд томоохон хувь нэмэр болдог. Исландын засгийн газар иргэддээ байр орон сууц авахад нь ихээхэн хөнгөлөлт, мөнгөн дэмжлэг үзүүлдэг ба ядуурал маш багатай, нийгмийн баялгаа иргэддээ тэгш хуваарилдаг байна. Бичиг үсэг тайлагдал өндөр бөгөөд ажилгүйдэл бага ердөө 2.1 хувьтай.

Тавдугаарт : Bahamas /Бахама/

Хүн ам: 303,800

Дундаж наслалт: 65.6 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 20,200 ам.доллар

Бахаманианчууд амьдралаас яаж таашаал авахаа мэддэг. “Бид хөнгөн хүнс иддэг, инээж баясах дуртай, хөнгөхөн зантай хүмүүс” гэж Бахамагын Аялал жуулчлалын яамны сайд ярьдаг. Хэдийгээр ажилгүйдэл харьцангуй өндөр буюу 9.3 хувь байгаа ч цаг уур сайхан, нэг л амралтын газар байгаа мэт байдал нь иргэдийнх нь инээмсэглэлийг нүүрнээс нь арилгадаггүй. Африк болон Европын соёл нэгдэж, гэр бүлийг дээдлэх үзэл, Христийн шашин Карибын тэнгис дэхь тус улсын иргэдийг аз жаргалтай байхад нөлөөлдөг бололтой.

Зургаадугаарт : Finland /Финланд/

Хүн ам: 5.2 сая

Наслалт: 78.5 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 30,900 ам.доллар

Энд өвөлдөө хүйтэн бас харанхуй бөгөөд Европтоо хамгийн өндөр татвартай. Гэхдээ энэ нь Финландчуудыг аз жаргалтай байхад саад болдоггүй. Эрүүл мэндийн үйлчилгээ сайтай, бараг ямар ч үнэгүй нь тус улсын иргэд урт наслахад нөлөөлж байна. Тус улсын үнэгүй боловсролын системийн ачаар иргэд нь 100 хувь бичиг үсэг тайлагдсан. Ядуу хүн маш ховор. Түүний нэгэн адил хэт баян хүн ч бас бараг үгүй. Финландчууд хөршөөсөө хоёр центээр илүү цалин авч байвал өөрийгөө баянд тооцож болно гэж ярьдаг.

Долоодугаарт : Sweden /Швед/

Хүн ам: 9 сая

Дундаж наслалт: 80.50 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 29,800 ам.доллар

Татвар өндөр, мөн өвөл нь хатуу. Гэвч нийгмийн халамжийн систем нь Европтоо хамгийн сайнд ордог ба ажил/гэр бүлээ зохицуулж чаддаг нь Шведчүүд ямагт инээмсэглэж байдаг. Эхчүүдээс гадна эцгүүд хүүхэдтэй болсны цалинтай чөлөө авдаг бөгөөд хүүхдийн халамж энэ бүхнийг нь дааж, бүгдэд хүртээлтэй байдаг. Шведийн Засгийн газар ер бусын ил тод. Засгийн газар нь хүн бүр тэгш эрхтэй, эрх чөлөөтэй байхад анхаардаг. Энгийн иргэн нь хүртэл Ерөнхий сайдад ирсэн захидлыг авч уншиж үзэх эрхтэй байдаг.

Наймдугаарт : Bhutan /Бутан/

Хүн ам: 2.3 сая

Дундаж Наслалт: 55 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 1,400 ам.доллар

Сюрприз: Азийн жижигхэн улс Бутан дэлхийд аз жаргалынхаа төвшнөөр наймд орж байна. Тус улсад дундаж наслалт доогуур, хүн амынх нь ердөө 47 хувь нь бичиг үсэг тайлагдсан, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн бага нь үүнд саад болсонгүй. Яагаад? Судлаачид үүнийг ер бусын хүчтэй үндсэрхэг, эх оронч үзэлтэй холбож байна. Мөн тус улсын үзэсгэлэнт байгаль, бараг хөндөгдөөгүй соёл
үүнд нөлөөлсөн бололтой.

Ердүгээрт : Brunei /Бруней/

Хүн ам: 380,000

Дундаж наслалт: 75

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 23,600 ам.доллар

Газрын тостой байвал жаргалтай байж магадгүй. Брунейн Засгийн газар иргэдийнхээ аз жаргалтай байдалд ихээхэн нөлөөтэй. Зүүн өмнөд Азийн тус улсыг нэгэн гэр бүлийнхэн зургаан зуун жилийн турш хаанчилж байгаа ч иргэдээ үнэгүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангаж чадаж байгаа. Дээд сургуулийн төлбөрийг хүртэл Засгийн газар нь төлдөг бөгөөд өдөр тутмын хүнс болон орон байр худалдан авахад нь ихээхэн хөнгөлөлт үзүүлдэг. Үүний үр дүнд тус улсад ядуурал бараг байхгүй.

Аравдугаарт : Canada /Канад/

Хүн ам: 33 сая

Дундаж наслалт: 80 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 34,000 ам.доллар

Канад заримдаа урд нь орших том гүрний сүүдэрт дарагддаг. Гэсэн хэдий ч Канадчууд халуун эх оронч хүмүүс бөгөөд үзэсгэлэнт байгальтай тархай бутархай суудаг тус улсын иргэдийг аз жаргалтай болоход нөлөөлдөг. Мөн нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд толгой цохидог улсуудын нэг. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ нь сайн хөгжсөн бөгөөд гэмт хэрэг багатай.

Арван нэгдүгээрт : Ireland /Ирланд/

Хүн ам: 4 сая

Дундаж наслалт: 77.7 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 41,000 ам.доллар

Нэгэн цагт маш ядуугаасаа болж иргэд нь сая саяаараа дүрвэж байсан Кельтчүүд өнгөрсөн арван жилд эдийн засгийн хувьд урьд байгаагүй хөгжсөн. Европын холбооны зээлийн гишүүн болж, амьжиргааны төвшин өндөр болсны улмаас гадагшаа цагаачилсан иргэдийн зарим нь нутагтаа буцаж эхэлсэн. Боловсролын систем сайтай, эдийн засаг нь нээлттэй нь Ирландчуудын аз жаргалд нөлөөлсөн байна.

Арван хоёрдугаарт : Luxembourg /Люксембург/

Хүн ам: 474,500

Дундаж наслалт: 79 жил

Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн: 55,600 ам.доллар

Мөнгө аз жаргал авчирч болно гэдгийг Люксембург нотолж магадгүй. Тус улс нэг хүнд ноогдох ДНБ-нийхээ хэмжээгээр дэлхийд хамгийн өндөрт ордог. Боловсролын систем нь маш сайн, иргэд нь 100 хувь бичиг үсэг тайлагдсан. Үзэсгэлэнт байгальтай. Нийгэм нь амгалан тайван. Тус улсын гэмт хэргийн төвшин дэлхийд хамгийн багад тооцогддог.

Source : news.mn Т.БАДРАХ

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close