ЗөвлөгөөНийгэмСонирхолтой

​Р.Энхтүвшин: Уурласан үедээ болчимгүй үг, үйлдэл гаргахаас сэргийлж дараах ГУРВАН зарчмыг баримтал

​Р.Энхтүвшин: Уурласан үедээ болчимгүй үг, үйлдэл гаргахаас сэргийлж дараах ГУРВАН зарчмыг баримтал

Хувь хүний харилцаа болон сэтгэл зүйн асуудлын талаар АШУҮИУС-ийн багш, сэтгэл заслын эмч Р.Энхтүвшинтэй ярилцлаа.

-Хүмүүс хоорондын харилцаа эрүүл байх нь чухал. Танд ихэвчлэн харилцааны ямар асуудлын улмаас иргэд ханддаг вэ?

-Харилцааны асуудлаар хандаж буй иргэд ихэвчлэн гэр бүлийн харилцааны талаарх зөвлөмжийг авдаг. Ихэнх залуу гэр бүлүүд өөрсдөдөө тулгарч буй үл ойлголцол, асуудлаа шийдэх үүднээс ярилцдаг юм.

-Залуу гэр бүлүүдэд ажиглагддаг харилцааны нийтлэг асуудал нь юу байдаг вэ. Хэрхэн зөвөөр шийдвэрлэх хэрэгтэй вэ?

-Залуу гэр бүлийн нийтлэг ажиглагддаг асуудал нь хардалт, араар тавилт бас гэр бүлийн хөрөлтийн асуудал зэрэг тохиолддог. Энэ байдлууд нь бие биенийгээ үл ойлголцох нөхцөлд хүргэдэг юм. Тэгэхээр хардалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэхээр эхлээд энэ хардалт үүсэж байгаа гол шалтгаан нь юу юм бэ гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл маш олон шалтгаан, хүчин зүйлээс улбаалан хардалт бий болдог байна. Гэр бүлийн харилцааны зөрчлүүд сүүлдээ даамжирч салж, сарних дээрээ тулсан хойно ирдэг. Учир нь үнэт зүйлээ алдах эрсдэл үүссэн гэдэг үүднээс сэтгэл зүйчийн зөвлөгөөг авах шаардлагатай гэж үзэн зөвлөгөө авахаар ханддаг л даа.

Зөвлөгөө авахаар ирж буй гэр бүлүүдийн хувьд эхлээд салах шаардлагатай гэр бүл мөн үү, биш үү гэдэг асуудал яригдах юм. Гэтэл ихэнх гэр бүлийн бараг 90 орчим хувь нь салах шаардлагагүй гэр бүлүүд байдаг. Учир нь, өөрсдийн бодит асуудал, нөхцөл байдлаа зөвөөр ойлголцож чадаагүй, нөлөөлж буй хүчин зүйлсийг шийдэх боломжтой байгааг мэдээгүй учраас салахад хүрч байгаа гэр бүлүүд байна. Гэр бүлийн зөрчлийн асуудал ихэнх тохиолдолд хэзээ ч нэг талынх байдаггүй. Ихэвчлэн хоёр талаас шалтгаалсан зөрчил, асуудалтай байдлаас энэ хүчин зүйл үүсдэг юм.

Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд хоёр хосын асуудлыг тус тусад нь шийдвэрлэх хэрэгтэй болдог. Үүнд хувь хүний бие хэв шинжийн асуудал байж болно. Жишээлбэл юмыг хэт эмзэг, мэдрэг байдлаар хүлээж авдаг, өөрөө өөртөө итгэлгүйн улмаас хардах, амьдралын буруу хэвшил, өдөр бүрийн үйлдлүүд нь гэр бүлийн үнэ цэнийг дутуу үнэлсэн зэрэг маш олон шалтгааны улмаас салалт үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймэээс шалтгаан тус бүрээс хамааруулан тухайн зүйлийн эсрэг арга хэмжээг зөвлөн өгдөг юм.

-Заримдаа хүн уурласан үед эсрэг хүнээ гомдоох үгийг хэлчихдэг. Үүндээ гэмшсэн ч уучлал гуйхаас эмээж явсаар тухайн харилцаа дуусах тохиолдол байдаг. Энэ асуудалд хувь хүн хэрхэн тайван хандах хэрэгтэй вэ?

-Уучлал гуйна гэдэг нь өөрөө зоригтой хүний шинж юм. Уучлалт гуйхаас айж байна гэдэг нь өөрөө хулчгар хүний шинж болж байгаа гэсэн үг. Яг үнэндээ уучлал гуйхаас айх юм огт байхгүй шүү дээ. Уучлалт гуйна гэдэг нь өөрийгөө ялан дийлсэн хүний үйлдэл юм. Хүн өөрөө өөртөө тэгш байх хамгийн том үзэл үүн дээр тогтдог. Бид дутуу юмаа мэдэж чадахгүй, сул талаа олж харж чадахгүй л байгаа бол хэзээ ч урагшаа алхахгүй шүү дээ.

Ихэвчлэн хүмүүс өөрийгөө хамгаалах механизмаар санамсаргүй, ухамсаргүйгээр хийгддэг үйлдлүүд байдаг. Гэхдээ үүнийг дараа нь тайвширсан үедээ бодохоор ямар тэнэг юм хэлсэн юм бэ, яагаад ийм буруу үг хэлчихэв дээ гэх тохиолдлууд маш их гардаг. Тэр үедээ бид нар үүнийг хүлээн зөвшөөрч, даруй тухайн хүнээсээ уучлалыг гуйх хэрэгтэй. Үүнийг хэлж, ойлголцохгүй байна гэдэг нь өөрөө маш их дутагдал, хор уршгийг дагуулна. Та уурласан үед дараах гурван зарчмыг заавал баримтлах хэрэгтэй.

Нэгд, хүн уурласан үед тархины ухамсарт хэсэг дарангуйлагддаг. Тэгэхээр уурласан байх үедээ хэзээ ч битгий чухал шийдвэр гаргаарай. Яагаад гэвэл энэ хэзээ ч зөв байх магадлал бараг байхгүй юм.

Хоёрт, таны уур нар жаргахаас өмнө дуусаж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэр уурыг тэр өдөрт нь дуусгах хэрэгтэй гэсэн үг. Та уураа ямар нэгэн байдлаар дотроо хадгалж үлдэхгүйгээр, түүнийгээ илэрхийлж үүнийг төгсгөх ёстой юм. Уур уцаар гэдэг зөвхөн хохирол авч ирдэг. Үүнийг ярилцаж бие биенийхээ яг юу хэлэх гэж байгааг ямар шалтгаанаар яагаад уурласныг ухамсарлаж ойлгохыг хичээх хэрэгтэй.

Гуравт, ярилцаад ойлголцохгүй байгаа бол 20 минутын завсарлага авах. Үнэхээр болохгүй ойлголцохгүй, ярих гэж хичээх болгонд улам илүү асаад хэрүүл нь нэмэгдээд байгаа бол завсарлага ав. Тайвширсан хойноо асуудлаа үргэлжлүүлж тодруулах хэрэгтэй. Бас хамтдаа шийдэлд хүрэх нь чухал юм. Мэдээж хоёр тал бие биедээ бууж өгч сурах хэрэгтэй. Бид ихэвчлэн автомат, багаасаа зуршсан үйлдлээсээ болж, үүнээсээ салж чадахгүйгээс ухамсарт бус үйлдлүүдийг гаргаж, энэ нь хэрүүл, маргаан, цаашлаад хүчирхийлэл болтлоо даамжирдаг байна.

-Бид бие биендээ сайн сайхан үгсийг хэлж байх нь ямар эерэг нөлөөллийг бий болгодог вэ?

-Сайн үг хүний зүрх сэтгэл болон оюун санаанд эергээр нөлөөлдөг. Сайн үг гэдэг нь зөвхөн магтаалын үгийг бас хэлж байгаа юм биш шүү. Сайн сайхан үг мөн зөв зүйлийг нь олж харах гэдэг утгаар юм. Хүнд тодорхой хугацаанд хүлээлтийг үүсгэж байгаад хэлсэн үг нь тухайн сонсож буй хүндээ маш их аз жаргалыг төрүүлдэг юм. “Хайртай шүү” гэдэг үгийг байнга хэлэх нь тухайн үгний үнэ цэнийг үнэгүйдүүлэх болно.

Хэдийгээр энэ сайн, сайхан сонсогддог үг ч гэсэн үүнийг байнга хэлснээр ач холбогдол улам бага болж, үнэ цэнэтэй чанарыг нь багасгадаг байна. Тэгэхээр тодорхой хугацаанд, хүлээлтийг үүсгэн тухайн хүндээ зориулж, чин сэтгэлээсээ хэлсэн тэр үнэ цэнэтэй үг нь аз жаргалын гормоныг улам ихээр ялгаруулах болно.

-Харилцаанаас гадна хувь хүний сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд өөрийн гэсэн онцлогтой. Үүнийг хэрхэн, хэвийн тогтвортой байлгах вэ?

 

-Сүүлийн үед Монголд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг чухлаар авч үздэг болсон. Дэлхийд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нь нийгмийн эрүүл мэндийн хамгийн том чухал субъект болсон байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг болох сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд дээр бид нар хэт их анхаарал тавихгүй бол болохгүй нь. Сүүлийн үед хамгийн их анзаарагдаж байгаагаар Z Generation дотор гутранги үе бий болж байна. Сэтгэл зүйн дархлаа, сэтгэлийн тэнхээ гэх ийм хэв шинжүүд сүүлийн үеийн залуус дунд их суларчээ.

Ялангуяа, жижиг асуудлыг хүртэл маш хүндээр тусгаж авдаг илүү их эмзэгшилтэй ийм залуус ихсэж байна. Энэ нь мэдээж цаг үеэ дагаад гарч буй өөрчлөгдөл гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд үүнийг буруутгаж бас болохгүй юм. Сэтгэцийн эрүүл мэндийг хэвийн байлгах энгийн зарчмууд байдаг. Үүнд зөв хооллолт, маш сайн нойроо авах, тоглох, харилцаа, хөдөлгөөн, стресс менежмент гэх зүйлс багтах болно. Эдгээрийг амьдралын зөв хэвшлээ болгосноор өөрийн сэтгэцийн эрүүл мэндийг тогтвортой байлгах болно.

-Ярилцсанд баярлалаа.

Source : itoim.mn

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close
Share via
Copy link
Powered by Social Snap