FunnyСонирхолтой

МОНГОЛ АРДЫН ХАМГИЙН ХАРГИС ҮЛГЭР ** ФАРТ №1

МОНГОЛ АРДЫН ХАМГИЙН ХАРГИС ҮЛГЭР ** ФАРТ №1

Долоон Хожгор нэг Можгор

Энэ үлгэрт ах дүү найман хүний тухай гардаг. Гэвч ах дүү долоон Хожгор нь Можгор гэгч нэгийгээ үргэлж гадуурхаж байдаг. Нэг удаа долоон Хожгор нэг Можгорынд очоод гэр нь эзгүй байсан тул гадаа нь хүлээнгээ тамхи татаж байгаад санамсаргүй цог унаган гэрийг нь галдаж орхидог. Можгор гэртээ ирээд шатсан гэрийнхээ үнсийг шуудайнд хийн олон хөлийн газраар явах бөгөөд юу үүрч явааг нь асуусан хүн бүрт “Үзвэл үнс, харвал хальс болчихно” гэж хэлээд л холхиод байна.

Гэтэл нэг баян худалдаачин “Үнэхээр үзэхээр үнс, харвал хальс болчихвол наад шуудайг чинь алт мөнгөөр дүүргэж өгье” гэхэд Можгор шуудайны амсраа дэлгэн үнсээ харуулаад хайран сайхан эрдэнэсийг минь үнс болголоо хэмээн баянд уурладаг. Ингээд баян арга буюу шуудайг нь алт мөнгөөр дүүргэж өгнө. Ингээд Можгор “луйвардаж” олсон алт мөнгөөрөө шинэ гэр худалдаж авахаар явж байтал долоон Хожгортой тааралдан энэ их алт мөнгийг хаанаас олсныг нь асуухад “шатсан гэрийнхээ үнсийг зарсан” гэж хэлдэг. (Ах дүү нар нь гэрийг нь шатаасныг огт мэдээгүй мөртлөө шүү)

Тэгмэгц долоон Хожгор бүгд гэрээ шатаан, эхнэр хүүхдүүдээ гудамжинд хаяад шатсан гэрийнхээ үнсийг шуудайлан зах руу явцгаадаг. Мэдээж үнс зарна гэхийг сонссон хүмүүс тэднээр элэг доог хийн, долоон Хожгор ч өдөржин шуудайтай үнс үүрч яваад ядран буцаж явтал нэг Можгорын саалийн ганц үнээ бэлчиж явахтай таараад үнээг төхөөрч орхижээ. Можгор үнээнийхээ олгойд цусыг нь хийгээд явж байтал долоон хөх халзан тэмээ бэлчиж явахтай таараад үнээнийхээ цусаар улаан болтол будаж орхидог. Тэгээд явж байтал нэг өвгөн таарч долоон хөх халзан тэмээ сураглав.

Можгор гэтэл “Хөх халзан тэмээ харагдаагүй. Харин улаан халзан тэмээнүүд ойрхон байна лээ” гэж хэнэггүй “залжээ”. Өвгөн ч мөчөөгөө өгөлгүй заавал хөх халзан байх ёстой гэж дайрна. (Тэр нутагт өвгөнийхөөс өөр тэмээтэй айл байдаггүй бололтой). Тэгэхээр нь Можгор “Улаан халзан бол би авъя, хөх халзан бол та ав” гэж хэлдэг. Өвгөн очиж хараад улаан халзан тэмээ байсанд Можгорт өгч явуулна. (Хүний тэмээг дур мэдэн өгчихөж байгаа юм). Ингээд Можгор мөн л “луйвардаж” олсон тэмээнүүдээ туугаад явж байтал долоон Хожгор таараад яаж тэмээтэй болсныг нь асууна.

Можгор ч үнээнийхээ олгойтой цусаар долоон тэмээ сольж авсан юм гэхэд нөгөөдүүл нь мөн л итгэн бүгд саалийн ганц үнээнүүдээ алаад зах дээр очиж олгойтой цус тэмээгээр солино хэмээн доог тохуу болж өдөржин зогсдог. (Өмнө нь гэрээ шатаачихаад хашрахгүй үнээгээ алж л байдаг).

Ингээд орой болоход өлсч ядарсан долоон Хожгор уурандаа Можгорын эхнэрт хор уулгаад алчихав. Можгор уйлан гашуудаж байгаад хааныд очиж, эхнэр нь хичнээн уран болох тухай тэнгэрт тултал магтан ярихад хаан маргааш эхнэрээ дагуулж ирээд юм оёулж үзэхээр болжээ. Можгор үхсэн эхнэрээ тэмээний бөхөн завсар элдэв юмаар түшүүлэн суулгаад хааны гадаа очмогц тэмээг тэвнээр хатган туйлуулж эхнэрийнхээ цогцсыг унагаагаад хайран сайхан эхнэр минь хааны гадаа үхэв хэмээн орь дуу тавин уйлав. Хаан сандарч хамгийн үзэсгэлэнтэй оёдолчноо Можгорт эхнэр болгон өгч “амыг нь тагладаг”

Долоон Хожгор Можгорыг урьдынхаас залуу сайхан эхнэртэй болсон байхыг хараад яасан тухай нь асуухад үхсэн эхнэрээ зах дээр аваачаад, “Хэрүүл маргаан гаргадаггүй, хоол хувцас хэрэглэдэггүй, үргэлжийн мөнх унтаж байдаг эхнэрээ үзэсгэлэнт хатнаар солино гээд хашгирсан чинь эрчүүд булаацалдаад авч байна лээ” гэжээ. Тэгмэгц долоон Хожгор яарч сандран гүйж гараад эхнэрүүдээ алж зах дээр очоод үзэсгэлэнтэй залуу хатнаар солино гэж хашгиралдаж байгаад хавийн амьтдын уурыг хүргэж үхтэл зодуулдаг байна. (“Дагздуулж” ханадаггүй долоон “донгио”).

Ингээд багтартлаа уурласан ах дүү долоо Можгорыг шатааж алахаар шийдэж, модонд хүлж орхиод аргал түүхээр явцгаав. Энэ хооронд адуунд явж байсан улцан нүдтэй баян өвгөн Можгортой таараад яагаад модонд хүлээтэй байгааг нь асуусанд Можгор сурсан зангаараа ингэхээр нүдний улцан арилдаг юм аа хэмээн хэнэггүй худал хэлжээ. Өвгөн ч дор нь итгээд “Чи яваад миний адууг туугаад ир, тэр болтол чинь би хүлүүлээд байж байя. Нүдээ эдгээе” гэж хэлээд хамаг юмаа Можгорт өгөөд оронд нь хүлүүлдэг. Можгор өвгөний хамаг юмийг аваад явсан хойгуур долоон Хожгор ирээд хөөрхий өвгөнийг шатааж алжээ.

Ингээд Можгорыг алчихлаа хэмээн баяр хөөр болон буцаж явтал нөгөө Можгор нь учиргүй ганган “амьтан” гэр рүүгээ явж байхтай таардаг. Тэгээд юу болсныг асууцгаахад Можгор утаа унаад лусын хааныд очиж бэлэг аваад явж байна гэж хэлэв. Долоон ах дүү нар нь түүнд итгээд бүгд лусын хааныд очихоор далай руу гүйлдэн ороод живж үхэцгээжээ.

МОНГОЛ АРДЫН ХАМГИЙН ХАРГИС ҮЛГЭР ФАРТ №1 удахгүй дараа дараагын харгис үлгэрүүдийг оруулах болноо

Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Don`t copy text!
Close
Close