Нийгэм

ЯПОНД ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ НЭЭГДСЭН БАЙНА

Япон улс Монгол улстай хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүчин авах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд нийтдээ 14 салбарт ажиллах хүч авахаар тохиролцсон. Одоогоор 14 салбараас эхний гурван салбар тодорхой болоод байгаа бөгөөд тухайлбал, Токиогийн олимп зохион байгуулах газарт хийгдэх бүтээн байгуулалтын ажил болон далайн тээвэр, өндөр настан асран халамжлах гэсэн гурван чиглэлд ажиллах хүч авах юм байна.

Ингэхдээ Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс нь тус улсын жишгээр тооцогдох бөгөөд төгрөгөөр тооцвол хамгийн багадаа 3-3,5 сая төгрөг байхаар байна.
Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч гаргах санамж бичиг энэ сараас хэрэгжиж эхэлнэ гэдгийг Хөдөлмөр Нийгмийн Хамгаалалын яамны сайд С.Чинзориг тодотгож хэлэв.

Харин ажиллах хүч гаргахтай холбоотой асуудлыг ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа бүртгэлийг хэзээнээс эхлэх, ямар шалгуураар гаргах зэрэг нарийн журмыг боловсруулна гэв.

Өнөөдрийн байдлаар Япон улсад дадлагажигч илгээх зөвшөөрөлтэй 67 байгууллага нийт 1154 иргэнийг тус улсад ажиллуулж байгаа гэх тоо баримт байна. Харин хөдөлмөрийн гэрээгээр ажиллах асуудалд дээрх зөвшөөрөл бүхий байгууллага оролцохгүй. Зөвхөн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар Японд ажиллах хүч илгээх асуудлыг зохион байгуулна гэдгийг салбарын сайд онцолсон.

Ингэхдээ Япон улс ажиллах хүч авах гурван салбартаа квот буюу хязгаар тогтоогоогүй юм байна. Мөн насны дээд хязгаар заагаагүй тул 18 аас дээш насны хүмүүс гэрээгээр ажиллах боломжтой гэлээ. Энэ онд барилга, усан тээвэр, асаргааны салбарт ажиллах хүч авах тул салбар салбараас шалтгаалж хэлний түвшин, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэх юм байна. Мөн япон улсад дадлагажигчаар ажиллаж байгаа иргэд гурван жилийн хугацаа нь дуусвал үргэлжлүүлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжийг нээжээ.

Шошго
Show More

Төстэй мэдээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button
facebook
Close
Close