АялалЗөвлөгөөСонирхолтой

Үүргэвчтэй аялагч нар гэж хэн бэ? Тэд монголын аялал жуулчлалд хэрэгтэй юу?

Доор бичсэн хүний Facebook post-ноос энэхүү зургийг нь авав.

Ийм нэгэн нэртэй тэмдэглэл бичихийг нилээн эртнээс бодож байсан юм. Саяхан нэг хүний facebook дээрх ийм постыг уншаад энэ талаар бичие гэж сэтгэл шулуудав.

“Анхааралдаа авахыг хичээнгүйлэн хүсье. Энд ямар ч расист үзэл байхгүй шүү. Энэ хүн Израйл нөхөр юм шиг байна. Эд бол монголын аялал жуулчлалд огт нэмэр оруулдаггүй орлого хийдэггүй хувалзнуудын нэг байна. Дэмий өрөвдөж болохгүй шүү. Хөдөө очоод айлын хоол буудаж буудаж худлаа мэдэн будилж 100 төгрөг өгөх жишээний маягаар өдөр хоног өнгөрөөдөг. Бас жоохон санаатай хулхидах арга олонтой. Монголд яаж үнэгүй аялах тухай хоорондоо өрсөлддөг гэсэн.

Ийм нөхдүүдийг яамнаас албан хүчээр даатгалд хамруулж бас тусгай зөвшөөрлөөр зам явахыг н /бичиг/ өгөх хэрэгтэй. Манай нийтийн тээвэр иргэдээ бодож алдагдалтай ажилладаг. Ийм цигануудад өндөр үнээр үйлчлэхгүй бол манай аялал жуулчлалын салбар уналтанд орох боломжтой гэдгийг ойлгоорой”.

Дэлхийн аялал жуулчлалын салбарын яах аргагүй нэг хэсэг нь үүргэвчтэй аялагч нар. Forbes сэтгүүлийн нэгэн дугаарыг интернэтээс үзэхэд 2012 онд л гэхэд дэлхийн нийт аялал жуулчлалын орлогын 1.1 триллион америк долларын 217 тэрбум америк долларыг үүргэвчтэй аялагч нар эзэлсэн гэсэн мэдээ байна. Сүүлийн үеийн статистикийг сайн мэдэхгүй юм, гэхдээ энэ тоо илүү өссөн гэж бодож байна. Үүргэвчтэй аялагч нар гэдэг хамгийн бага зардлаар, хамгийн адал явдалтай аялалыг урт хугацаагаар хийдэг хүмүүс, тэр дундаа залуучууд.

Миний хувьд ч гэсэн тэдний л нэгэн адил үүргэвчтэй аялагч. Бага зардлаар их зүйл үзэж харж мэдрэхийг хүсдэг. Дэлхийн аль ч оронд үүргэвчтэй аялагч нар ийм л зарчимаар аялаж байгаа, тэдэнд зориулсан хямд буудал, хонох газрууд, хоол гээд л үйлчилгээнүүд байдаг. Хэдийгээр бага зардлаар аяладаг ч тэд бүх эрсдэлээ өөрсдөө үүрдэг, мөн зардал хэдий хэмжээний бага байна төдий чинээ тав тух бас л бага. Үүргэвчтэй аялалыг голдуу АНУ, баруун болон хойд европын орнууд, Канад, Шинэ Зеланд, Австрали улсын иргэд хийж байгаа харагддаг, мэдээж дэлхийн бараг бүх орноос энэ аяллыг хийж буй хүмүүс бий.

Одоо гол асуудалдаа ороё. Манай монгол улсад үүргэвчтэй аялагч нар хэрэгтэй юу гэдэг асуудал хүмүүсийн дунд их байгаа харагддаг. Зарим нь хэрэгтэй, зарим нь хэрэггүй л гэдэг. Миний хувьд үүргэвчтэй аялагч нарыг дэмжих хэрэгтэй гэж үздэг, магадгүй би өөрөө үүргэвчтэй аялагч болхоор ч тэр байх. Гол нь яагаад гэдгээ өөрийн өнцөгөөс тайлбарлая.

-Үүргэвчтэй аялагч нар хамгийн их эрсдэлийг үүрч, хамгийн их мэдээллийг түгээдэг гэж боддог. Тэр бүр жуулчдын очоод байдаггүй газар тэд л аяладаг. Хэрэв та нар анзаарвал номын дэлгүүр дээрх аяллын номууд эсвэл facebook, интернэт блогууд дээр тухайн орны талаарх хамгийн хэрэгцээтэй, практик, сонирхолтой мэдээллүүдийг хүртээмжтэй нийтэд түгээдэг, сурталчилдаг хүмүүс голдуу л үүргэвчтэй аялагч нар байгаа. Жишээ нь бидний хувьд л гэхэд “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэг, Монгол Бадарчин Амай ахын үүргэвчтэй аяллын блог болон номууд нь ямар их хэмжээний мэдээлэл, танин мэдэхүйг монголчуудад олгож байсныг бодоод үзээрэй.

-Тэд дандаа л үүргэвчтэй аялагч насаараа байхгүй, өнөөдөр тэд залуу, мөнгө багатай байж болно. Гэхдээ ирээдүйд гэр бүлтэй болно, амьдрал нь өөрчлөгдөж мөнгө санхүүгийн хувьд ч нэмэгдэнэ. Аялалд дуртай хүмүүс насаараа л аяласаар л байх болно. Үүргэвчтэй аялал гэдэг бол нэг бодлын залуу насны аялал. 40 болон түүнээс дээш настай хүмүүс өдөржин 20 кг орчим цүнхтэйгээр хэдэн сарын турш хэдэн мянган км-ийг хоолтой хоолгүй, нойртой нойргүй, ядран байж аялана гэдэг бол амаргүй. Нас ахиад ирэхээр угаасаа л тав тухтай аялахыг бие организм, сэтгэл зүй нь шаардаж эхэлнэ.

Би л гэхэд одоо 27 хүрч байна, 30 хүртэлээ үүргэвчтэй аялал хийгээд тэрнээс арай илүү тав тухтай аяладаг болно гэж боддог. Гол хэлэх гэсэн санаа нь өнөөдөр тэд төсөв багатай жирийн нэг аялагч байж болно, гэхдээ тэд хэзээ нэг өдөр өсөж хөгжинө дэвжинэ, гэр бүлээрээ аяладаг болно. Хэрэв эх орон минь тэдэнд сайхан сэтгэгдэл үлдээвэл хэзээ нэг өдөр гэр бүлээ дагуулаад л дахиад хүрээд л ирнэ, эсвэл монгол улсад ирээдүйд өөр өөрсдийн хэмжээнд тус хүргэхийг ч үгүйсгэхгүй.

-Аялал жуулчлалын орлогын хувьд хэдийгээр бусад жуулчдыг бодвол бага ч гэлээ бас л орлого шүү дээ. Энгийнээр бодоод үзье л дээ өнөөдөр жирийн нэг дэлгүүр өдөрт 10 ш цэвэр ус зуны цагт зардаг байсан бол үүргэвчтэй аялагч нар нэмэгдсэнээр ядаж л энэ тоо нэгээр нэмэгдэж өдөрт 11 ш цэвэр усыг тухайн дэлгүүр зардаг болно. Энэ тоо өдөр бүр нэгээр нэмэгдээд байхад сард 30 ш цэвэр ус тухайн дэлгүүр өмнөхөөсөө илүү зарна. 30 ш цэвэр усны орлого гэдэг жижиг дэлгүүрийн хувьд бага ч гэсэн орлогод нь нэмэртэй шүү дээ. Жирийн цайны газарт ордог хүмүүсийн тоо ч нэг хоёроор нэмэгдэнэ. Наанадаж л иймэрхүү маягаар бодоод үзвэл.

Ер нь бизнес хийж байгаа хүмүүс ч гэсэн мэддэг шүү дээ, бага багаар тогтмол орлоготой байхыг боддог, тэрнээс биш нэг удаа гэнэт их орлого олоод гэнэт их хэмжээгээр баяжина гэж байхгүй, гэхдээ бас бий л дээ. Хамгийн гол нь практикт тогтмол байх нь чухал юм байна гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Өнөөдөр зүүн өмнөд ази бол үүргэвчтэй аялагч нарыг маш ихээр хүлээн авдаг. Тэнд аялах өртөг нь хямд, үзэж харах, хийх зүйлс ихтэй. Хямдхан юм байна гээд юмыг нь авсаар байтал л нэг мэдэхэд халаас хоосорчихсон л байдаг. Бид ч гэсэн яагаад тэр хэмжээний жуулчин хүлээж авч болохгүй гэж, мэдээж амаргүй гэдгийг ойлгож байгаа ч боломжгүй зүйл бас биш.

Хамгийн гол нь өнөөдөр тэд бага төсөв зарцуулж байгаа ч, хэрвээ бид тогтмол хүлээж аваад дээрээс нь жил ирэх бүр тоо нь нэмэгдээд байвал манай эдийн засагт багагүй нэмэр болно. Бид эдийн засгаа сайжруулахын тулд, иргэдийн амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд аялагч нарыг аль болох нээлттэй хүлээж авах хэрэгтэй.

-Үүргэвчтэй аялагч нар дотроо янз бүр. Тэдний дундаас hippie маягийн аялагч нар багагүй. Дээрх зурган дээрх магадгүй тэдний нэг бололтой. Иймэрхүү аялагч нартай ч зарим үүргэвчтэй аялагч нар нэг их айхтар харьцаад байдаггүй. Гутал хувцасгүй, бүр хөл нүцгэн эсвэл бараг хэдэн 7 хоног усанд ороогүй гээд л аялаж байгаа хүмүүстэй таарч л байсан. Зарим нь ч сайхан сэтгэлтэй, нээлттэй, ярилцахад сонирхолтой. Зарим нь ч нилээн үл бүтэх маягийн нөхдүүд байдаг л юм. Гэхдээ л хамгийн гол нь тэд тухайн оронд бусад үүргэвчтэй аялагч нараасаа ч бага мөнгө зарцуулж байгаа, бараг зарцуулахгүй байсан ч бид үзэн ядах хэрэггүй. Яагаад гэвэл нэгэнт албан ёсны бичиг баримтаа бүрдүүлээд хууль ёсны дагуу визээ аваад, визгүй аялах эрхээ эдлээд эсвэл манай оронд аялаж байхдаа хууль ёсыг зөрчөөгүй, гэмт хэрэг үйлдээгүй, бусдад хохирол учруулаагүй тохиолдолд бид хөөж, үзэн ядаж, харааж болохгүй.

Үнэхээр зөрчил гаргасан тохиолдолд хууль журмын дагуу бид хариуцлагаа хүлээлгээд л явах хэрэгтэй. Эд нарыг зарим хүмүүс хөдөөгүүр аялаж байхдаа хөдөөний юм мэдэхгүй, цайлган сэтгэлтэй айлд үнэгүй хонож, хоол ундыг нь идэж идэж явдаг л гэж байна. Нэг талаар энэ нь манай нүүдэлчин зочломтгой соёл. Нөгөө талаар хэрэв тухайн айлд хоол ундны мөнгө өгөх ёстой гэвэл тэр айл нь жуулчиндаа хоол үнэ нь тэд, хонуулахад тэд гээд хэлчихэж болно. Бүр тэр хүмүүс нь ойлгохгүй юм шиг царайлаад байвал англи хэл мэддэг хүнээр бичүүлээд тэрийгээ үзүүлчихэж болно. Эсвэл бүр тэр аялагчид тэр айл нь хоол өгөхгүй, хонуулахгүй байх нь тухайн айлын эрх шүү дээ.

Энэ үл ойлголцсон асуудлыг шийдэх хамгийн гол арга нь миний бодлоор нутгийн иргэддээ аялагч нарын талаар, аялал жуулчлалын талаар танин мэдэхүй, мэдлэг, мэдээлэл олгох сургалт явуулах хэрэгтэй. Жишээ нь аялагч нар гэж яг ер нь ямархуу хүмүүс байдаг, яагаад аяладаг, ямар ямар аялагч нар байдаг гэх мэтчилэн.

-Зарим хүмүүс үүргэвчтэй аялагч нар хөдөөгүүр хамгийн их хог тарьдаг гэх юм. Би огт хог тарьдаггүй гэж тэднийг хэлэхгүй ч, монголчууд бид ч өөрсдөө хөдөө хээр аялаад ирэхээрээ маш их хог хаядаг шүү дээ. Бид өөрсдөө нутагтаа ингэж хандаж байж бусад хүмүүсээс өөр зүйл шаардах нь жаахан утгагүй. Магадгүй аялагч нар хөдөө хээр байгаа хогийг эсвэл хаяж байгаа нутгийн хүмүүсийг, монголчуудыг хараад -Өө энд ингээд хог хаячихаж болдог юм байна, эд нар ингээд хаячихдаг юм байна гээд л дуурайж байгаа болов уу.

Яг хог их тарьдаг үгүйгээ ярина гэвэл монголчууд бид л илүүтэй хөдөөгүүр хог хаяж байгаа болов уу. Хэрэв бид өөрсдөө өөрчилөгдөөд, ёс зүй тогтчих юм бол тэд ч гэсэн биднийг дуурайгаад л хогоо хаяхгүй явна. Хамгийн гол нь бид монголд юуг хийж болох, юуг хийж болохгүй вэ гэдгээ өөрсдөө сайн мэдэх, тэрийгээ дагаж баримтлах, мөн эргээд жуулчидад тэрийгээ мэдүүлэх, сануулах, ойлгуулах хэрэгтэй.

Эцэст нь дүгнээд хэлэхэд аялал жуулчлал бол маш чухал ирээдүйтэй салбар. Тийм учраас бид үүргэвчтэй, үүргэвчгүй гэж ангилж ялгаж хүлээж авах гэхээсээ илүү үүргэвчтэй нь ч ирээд аялаад явдаг, илүү мөнгө зарцуулж тав тухтай аялая гэсэн аялагч нарт нь ч зориулсан тав тухтай орчиныг бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь бид аялал жуулчлалын орчинг л бүрдүүлэх нь бидний гол хийх ажил.

Доор бичсэн хүний Facebook post-ноос энэхүү зургийг нь авав.

Source : https://otgonbatseseer.wordpress.com/2016/07/23/%D2%AF%D2%AF%D1%80%D0%B3%D1%8D%D0%B2%D1%87%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B0%D1%8F%D0%BB%D0%B0%D0%B3%D1%87-%D0%BD%D0%B0%D1%80-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%85%D1%8D%D0%BD-%D0%B1%D1%8D-%D1%82%D1%8D%D0%B4-%D0%BC%D0%BE/

What's your reaction?

Related Posts

1 of 134

Leave A Reply

Your email address will not be published.