ДэлхийНийгэмСонирхолтой

Жо Байденд баяр хүргээгүй цөөн Ерөнхийлөгчийн нэг нь Х.Баттулга

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден сонгогдсон билээ. Сонгуулийн үр дүн ерөнхийдөө тодорхой болсны дараа Өмнөд Солонгос, Франц, Герман, Их Британи, Япон, Венесуэль зэрэг маш олон улсын удирдагчид Байденд баяр хүргэж, түүний ялалтыг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

Харин ОХУ, Хойд Солонгос, Турк, Бразил зэрэг улсуудтай цуг манай Ерөнхийлөгч Х.Баттулга Жо Байденд одоог хүртэл баяр хүргээгүй нь ихээхэн анхаарал татаж байна.

БНХАУ-ын дарга Си Жиньпин хамгийн сүүлд буюу энэ сарын 13-нд Жо Байденд баяр хүргэсэн. Харин ОХУ-ын төрийн тэргүүн Путин одоог хүртэл баяр хүргээгүй бөгөөд энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Бид сонгуулийн албан ёсны үр дүнг хүлээж байна” гэв. Жо Байден руу утас цохихгүй байгаа нь Трампын дэмждэг гэсэн үг биш гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Эргэн сануулахад 2016 онд Дональд Трамп ялсанаас нэг цагийн дараа Кремль түүнд баяр хүргэж байсан юм.

АНУ МАНАЙ УЛСТАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ БҮХИЙ ТАВ ДАХЬ УЛС

Харин манай улсын Ерөнхийлөгч одоог хүртэл баяр хүргэсэнгүй. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны талаар албан мэдээллийг хүргэдэг president.mn сайтад 2020 оны 11-р сарын 17-ны 12:30 цагийн байдлаар Жо Байденд баяр хүргэсэн талаарх мэдээлэл ороогүй байгаа юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад “Мэндчилгээ дэвшүүлсэн байх гэж ойлгож байна” гэсэн хариултыг өглөө. Хамгийн сүүлд Японы шинэ Ерөнхий сайд Ёшихидэ Сүгг томилогдсоны дараа Ерөнхийлөгч баяр хүргэж, улмаар энэ мэдээллээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны вэб сайтад байрлуулж байв.

Монгол Улс ба АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод 33 жил болж байна. Хоёр орны харилцаа энэ хугацаанд хөгжиж ирсэн ч өнгөрсөн жил шинэ шатанд гарсан юм. Тодруулбал өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч улмаар хоёр орны Төрийн тэргүүнүүд тунхаглалд гарын үсэг зурсан билээ.

АНУ дэлхийн 16 улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоогоод байсан бол Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын явцад Америкийн тал манай улсыг 17 дахь стратегийн түншээрээ сонгосон. АНУ-тай харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй Гуравдагч хөршийн бодлогод суурилсан маш чухал харилцаа билээ.

Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл дөрөвтэй нь стратегийн түншлэлтэй байсан. Үүн дээр АНУ нэмэгдэж байгаад баяртай байна. Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой” гэсэн юм.

Source : gogo.mn

What's your reaction?

Related Posts

1 of 35

Leave A Reply

Your email address will not be published.