Фото мэдээ

ИРГЭД: Хөл хорио тогтоох сургаар махны үнэ 2000 орчим төгрөгөөр нэмэгдээд байна

Хүчит шонхор худалдааны төв хөл хорионоос өмнө амжиж хүнсээ нөөцлөхөөр ирсэн иргэдийн хөлд дарагджээ. Удаан хугацааны хөл хорионы улмаас хүний хөл татраад байсан тус захад өнөөдөр хөл гишгэх зайгүй байсан гэхэд хилсдэхгүй.

Тээврийн цагдаагийн албанаас өнөө өглөө 09:00 цагийн үед “Хүчит шонхор худалдааны төв болон ойр орчмын зогсоол талбай дүүрсэн, тухайн худалдааны төвийг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн маш их байна.

Иргэдийн нягтрал, бөөгнөрөл үүсч байгаа тул аль болох худалдааны төврүү чиглэхгүй байхад анхаарна уу” гэсэн мэдээллийг өөрийн цахим хуудаснаа оруулжээ.

Ингээд биднийг 30 минут орчим түгжирч Хүчит шонхор захад очиход хаашаа л харна хонины гулууз мах үүрсэн хүмүүс. Иргэн Б “Хөл хорио тогтоох сургаар хонь, үхрийн мах нэмэгдсэн байна лээ. Тухайлбал өчигдөр, уржигдар л гэхэд адуу, хонины мах 11 мянган төгрөг байсан бол өнөөдөр 13500 болсон байна.

Нойтон мах авахыг бодно шүү дээ мэдээж. Гэхдээ махны үнэ 1000-2000 төгрөг хангалттай нэмэгдсэн байна. Дотор нойтон үнэтэй байгаа учир гулуузаар нь авч байна. Хонины мах бөөний үнэ нь 8800-9500 төгрөгийн үнэтэй байгаа” гэж хэллээ.

Өнөөдөр Хүчит шонхор худалдааны төвд жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 9500-11000, хонины цул мах 11000-11500, үхрийн ястай мах 12000-13500, үхрийн цул мах 13500-15000, ямааны ястай мах 8500-9500, ямааны цул мах 10000-11500 төгрөгийн үнэтэй байна..

“ХҮМҮҮСИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ЭРС МУУДСАН”

Махны үнэ ийнхүү яагаад нэмэгдсэн талаар жижиглэнгийн махны худалдагчаас тодруулахад “Махны үнэ тарган, туранхай, том, жижгээсээ шалтгаалан үнийн хувьд өөр өөр байгаа. Хөл хорионы сургаар махны үнийг нэмсэн гэсэн ойлголт байхгүй. Цаанаасаа мах ховор байгаа шүү дээ. Махны худалдаачид махаа өглөөгүүр өндөр үнээр зарж, үдээс хойш үнээ бууруулдаг.

Мөн тухайн өдрийн ханш махны нийлүүлэлт болон ченж нарын тогтоосон үнээс хамааран өөрчлөгддөг. Тухайн өдөр мах элбэг орж ирвэл үнэ нь харьцангуй хямд байна. Харин мах бага орж ирвэл үнэтэй байна гэсэн үг” гэдгийг хэлж байв.

Түүнчлэн худалдагч нарын зүгээс иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан гэдгийг онцолж байлаа. “Удаан хугацааны хөл хорионы улмаас хүнгүй шахам болсон зах өнөөдөр л хөл хөдөлгөөнд дарагдаж байх шив. Хөл хорионы улмаас иргэдийн орлого, худалдан авах чадвар буурсан гэдэг нь харагдаж байгаа.

Өмнө нь 10-20 кг мах авдаг байсан байнгын үйлчлүүлэгч нар маань одоо 5 кг мах авдаг болсон. Заримдаа байнгын үйлчлүүлэгч нараа алдахгүй нь тулд махаа ченжүүдээс авсан үнээр хүртэл худалдаалах тохиолдол бий“ гэж хэллээ.

ӨНДӨГ ХОВРЫН БАРАА

Махнаас гадна гурил, будаа, өндөг, хүнсний ногооны лангуунууд хөл хөдөлгөөн ихтэй байна. Өндөг 430-450 төгрөгөөр худалдаалж байгаа бөгөөд ихэнх лангуунд өндөг дуусжээ. Өндөг асуусан хүмүүсийн хөлд дарагдсан лангууны худалдагчид өнөөдөр дахин монгол өндөг татан авалт хийхгүй шүү.

Үүдээс хойш зөвхөн орос өндөг ирнэ гэдгийг сануулж байв. Хүчит шонхор худалдааны төв дэх гурил, будааны үнийг сонирхуулбал

  • 25 кг-тай гурил 29000-31000 төгрөг
  • 1 кг будаа 2200-3000 төгрөг
  • Ургамлын тос 3500 төгрөгөөс дээш
  • Төмс – 800
  • Лууван- 1500
  • Байцаа -2000
  • Сонгино -2000 төгрөг

Ийнхүү Хүчит шонхор захаас өргөн хэрэглээний барааны үнэ сонирхож явах хооронд залуу хосын харилцан яриаг санаандгүй сонслоо. “Махны үнэ нэмэгдсэн байна шүү. Ногоогоо ахиухан аваад лууван, байцааны салатаа хийж идээд байхаас даа. Тэгж байтал махны үнэ буурах байлгүй дээ” хэмээн ярьсаар захыг лангууг орхин гарлаа. source : gogo.mn

What's your reaction?

Related Posts

1 of 10

Leave A Reply

Your email address will not be published.