СонирхолтойФото мэдээ

О.Энхбүжин охин cүлжээтэй газар ээжтэйгээ очиж, машинд цахим хичээлээ хийдэг ♥

Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны бага ангийн багш Б.Мөнхцэцэг “Хөдөөний нэгэн багш байна. Надад тохиолдсон нэг жишээг бичье. Манай ангийн нэг хүүхэд төвөөсөө зайдуу амьдардаг юм.

Сүлжээтэй газар ирээд машин дотроо хичээлээ хийж байгаа юм. Зүтгэлтэй байгаа нь хөөрхөн санагдаад оруулсан шүү. Сөрөг юм битгий бичээрэй” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант баг уулаар хүрээлэгдсэн газар тул утас болон интернетийн сүлжээ тааруу ч өөрсдийн нөхцөлд тохируулан цахим хичээл орж байгаа аж.

Ингэхдээ теле хичээлийн дагуу давтлага өгөх болон хичээлийн агуулгын хоцрогдлыг нөхөж буй юм. Бид багш болон охины ээжтэй холбогдлоо.

СҮЛЖЭЭГҮЙ ГАЗАР АМЬДАРДАГ ХҮҮХДҮҮД ЗАМЫН МАШИНД ДААЛГАВРАА ДАЙГААД ЯВУУЛДАГ

Багш Б.Мөнхцэцэг “Би 21 дэх жилдээ багшаар ажиллаж байна. Хичээл сарын хугацаанд танхимаар орж байгаад амарсан. Цар тахлын хөл хорионы улмаас IV/4-өөс цахимаар орж байна. Бүх багш байгаа нөхцөлдөө тохируулан боломжоороо цахим хичээл болон хөтөлбөрийн хоцорсон агуулгаа нөхөж байгаа байх.

Миний дааж буй анги 28 хүүхэдтэй, гуравдугаар анги. Утасны сүлжээ барьдаггүй газар амьдардаг ч ээжтэйгээ машинаар яваад сүлжээ ордог газар буюу зам дагуу очиж, машин дотроосоо хичээлдээ хамрагддаг сурагч бий. Бүр хайр хүрээд тэр тухай бичсэн. Хүмүүсийн бичсэн эерэг сэтгэгдлийг уншаад би ч урам авлаа.

Би Фэйсбүүкт хичээлээ хэрхэн хийж байгааг чинь бичтэл хүмүүс чамайг их магтаж байна гэхэд “Хөөх багшаа, тийм үү” гээд маш их баярласан. Бас хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг шавь охиндоо уншуулсан. Дараа нь надаас нэмэлт даалгавар авъя гээд нэхсэн шүү/инээв/.

Тэр охин маань хичээлдээ их сайн. Зурах, бүжиглэх авьяастай. Ээж нь ч охиноо маш сайн сургаж, хөгжүүлэх гэж их хичээдэг. Энэ мэт хүүхдийнхээ төлөө зүтгэдэг сайн аав, ээж олон бий.

Жижиг тосгон учир утасгүй ганц хоёр хүүхдүүдийнхээ гэрээр очих болон амрахад нь даалгавар өгөөд явуулна.

Энд үүрэн холбооны бүх сүлжээ байдаг ч мобиком анх орж ирсэн тул ихэнх нь мобигийн дата ашигладаг. Мөн цөөхөн айл юнител, жи мобайлын гэр интернет, холбооны интернет ашигладаг. Миний хувьд цахим хичээлээ гэр интернет ашиглан явуулж байна.

Амьдралын боломж, харилцаа холбооны хэрэгслийн ялгаатай байдлаас шалтгаалаад хүүхэд бүр онлайнд байх боломжгүй. Энэ үед ангийн грүпп чатад тухайн өдрийн хичээл, даалгаврыг оруулдаг. Заримдаа мэдээллээ утсаар хэлчихдэг. Мөн хэвлэмэл даалгавар, дасгал ажлын номыг ашиглаж байна.

Жижиг тосгон учир утасгүй ганц хоёр хүүхдүүдийнхээ гэрээр очих болон амрахад нь даалгавар өгөөд явуулна. Бугант уулаар хүрээлэгдсэн суурин учир төвтэй ойрхон байсан ч нэг уулын цаана орчихвол утасны сүлжээ барихгүй. Манай ангид малчны хоёр хүүхэд бий.

Тэд маань теле хичээлээ үзэж даалгавраа хийчихээд сүлжээ барьдаг газар очоод зургийг нь дараад бөөнд нь явуулдаг. Хөл хорионы үеэр гэрт ирж давтлага авах хүүхдүүд цөөнгүй байсан. Машингүй айл ховор болсон тул сүлжээгүй газар байгаа хүүхдүүд нааш цааш явж буй машинтай хүнд даалгавраа дайгаад явуулдаг” гэлээ.

АР ГЭРИЙН АЖИЛ ИХ БАЙВЧ ОХИНОО ЦАХИМ ХИЧЭЭЛД СУУЛГАХЫН ТУЛД ӨДӨРТ 4 КМ ЯВДАГ

О.Энхбүжин охины ээж:

-Танайх төвөөс хэр зайтай вэ. Охиноо цахим хичээлд суулгахын тулд утасны сүлжээ ордог газар машинаараа очдог гэж сонслоо?

-Бид мал маллаж, өвөө эмээтэйгээ Бугантаас 4 км-ын зайд аж төрдөг. Зам дээрээ гараад төв рүү 2 км орчим дөхөхөд сүлжээ ордог. Сүлжээ харж явсаар 4G орж ирсэн газраа зогсоод машиндаа цахим хичээлдээ хамрагддаг. Багш нь онлайнаар хичээл орно гэсэн өдрүүдэд бид хоёр яаруу сандруу явна аа.

-Хичээл нь хэдэн цагт эхэлдэг вэ. Хэр удаан үргэлжлэх үү?

-14 цагт хичээл ороод 17 цагт тардаг. Гэхдээ хэдэн хичээл орохоос шалтгаалаад янз бүр. Хааяа сүлжээтэй газраа дахин ирж, даалгавраа аваад буцах буюу өдөрт 2 удаа явах хэрэг гардаг. Багш нь тухайн өдөр хэдэн хичээл орохоос бид хоёр машиндаа хэр удаан суух шалтгаална.

Монгол хэл, математик үргэлжлээд орвол 17 цагт тарна. Багш нь сургалттай байвал орой 18 цагт хичээл нь орно. Оройтвол бид хоёр заримдаа хичээлдээ сууж чадахгүй байх нь бий. Харанхуй болохоос өмнө малаа хаших, саах ажилтай хичээлийн цаг зэрэгцвэл явж амжихгүй байх нь бий.

-Мал төллөж байгаа энэ үед ажлынхаа дундуур охинтойгоо байнга 4 км явна гэдэг амаргүй байх?

-Хүүхдээ сургахын тулд гэрийн ажлаа зохицуулаад л явна. Заримдаа цагт баригдаад яаруу сандруу л суудаг юм. Хичээлийг нь дуусангуут буцахгүй бол мал хуйгаа хариулах ажилтай. Үхэр тугал нийлэх бол энүүхэнд. Өвөө эмээ нь 70,80 гарсан настай хүмүүс тул малын араас хөөцөлдөх хүнгүй.

Малд өвс тавих, услалцах зэргээр ээждээ тусална. Охин минь хурдан ажлаа амжуулаад явахгүй бол хичээлээс хоцорлоо гээд их яарна. Хичээлээ таслах, хоцрох вий гэж их санаа зовдог. Ээж хурдлаарай гээд л нулимс нь цийлэгнээд эхэлдэг юм.

-Хоёр км замыг хэр хугацаанд туулах вэ?

-Энд болон Бугантын төвдөө зам маш хэцүү. Одоо онхол донхлын шавар, ус хатаад замын нөхцөл арай дээрдсэн. Хөдөөний хүүхдүүд цахимаар хичээлдээ хамрагдах асар хүнд. Манайхаас ч зайтай, сүлжээгүй газар амьдардаг хүүхдүүд төв рүү орж, даалгавраа бөөнд нь аваад явдаг юм билээ.

-Танхимаар хичээл орох үед та охиноо өдөр бүр төв рүү зөөдөг байв уу?

-Тэгдэг. Заримдаа гэрт ирчихээд буцаж очиж авна эсвэл төвөөр хөөцөлдөх ажилтай байвал амжуулж яваад охиноо хичээлээс нь аваад нэг мөр ирдэг. Зам муу, хонхор ихтэй учир цагийн өмнө гараад, гэлдэрсээр сургуульдаа хүрнэ дээ. Хөдөөгийн биш юмаа гэхэд тосгон доторх замаа сайжруулаасай гэдгийг орон нутгийн удирдлагуудад хэлдэг.” гэсэн юм.

Малчин өрхийн хүүхдүүдийн 67.2 хувь нь тв хичээл огт үзэж чадаагүйг судалгаагаар гаргасан. Харин О.Энхбүжин охин өөрөө хичээлдээ идэвхтэй, ээж нь ч охиныгоо теле хичээлээс гадна давтлагатай өдөр бүр утасны сүлжээ барьдаг газар руу 4 км явж хичээлд нь хамруулдаг нь бахархмаар, бас хайр хүрэм…

Эх сурвалж : Gogo.mn

What's your reaction?

Related Posts

1 of 36

Leave A Reply

Your email address will not be published.