НийгэмФото мэдээ

Бичиг баримтгүй, мөн бүртгэлгүй иргэд мөнгөн дэмжлэгээс хоцорч байна

Бичиг баримтгүй, мөн бүртгэлгүй иргэд мөнгөн дэмжлэгээс хоцорч байна

Засгийн газраас Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар иргэдийн 90 хувь нь мөнгөн дэмжлэг аваад байна гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр одоо гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд болон дансаа бүртгүүлж амжаагүй цөөн тооны иргэд үлдсэн хэмээн хэлсэн юм.

Сангийн яамнаас одоо хэчнээн иргэн мөнгөн дэмжлэг аваагүй байгаа тоон мэдээллийг нэгтгэж буй аж. Зарим иргэдийн нэр дээр 2-3 банкны данс бүртгэлтэй байдаг учраас аль данс руу нь мөнгө шилжүүлэх вэ гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй байгааг албаныхан хэлж байв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас нийгмийн халамж, дэмжлэг хүртэж чадахгүй байгаа иргэдийн талаар тодрууллаа.

-Нийгмийн халамж, тэтгэмж авах хүсэлтэй иргэдэд ямар шалгуур тавьдаг вэ. Жишээлбэл, хогийн цэг дээр амьдардаг иргэд халамж, дэмжлэг авч чадаж байна уу?

-Ер нь нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрх, иргэдэд төрөөс тодорхой хэмжээний халамж, тэтгэмж олгодог. Ингэхдээ Монгол Улсын иргэн мөн эсэх, зорилтот бүлэгт хамрагдах уу гэдгийг албан ёсоор тодорхойлж, журмын дагуу бичиг баримт бүрдүүлдэг.

Энэ шаардлагыг хангасан хүнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж дэмжлэг үзүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж авах гэж буй иргэд өөрийн хүсэлтээ гаргаж өгнө гэсэн үг.

Хогийн цэг дээр амьдардаг хүмүүс дунд нийгмийн халамж авч байгаа иргэд ч бий. Зарим нь иргэний үнэмлэхгүй, оршин суугаа тодорхой хаяггүй, ямар ч бичиг баримтгүй байдаг. Эдгээр хүмүүсийг бичиг баримтжуулж, нийгэмшүүлэх, халамжид хамруулах ажлыг шат дараатай хийж байгаа. Тухайн дүүрэг, хорооны удирдлага, нийгмийн ажилтнуудтай хамтран ажилладаг.

–Хогийн цэг дээрээс амьдралаа залгуулдаг хэчнээн хүн байдаг бол?

-Эхний ээлжинд төрд бүртгэлтэй, арилжааны банкинд данстай иргэдэд 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийг олгож байна. Цаана нь цөөн тооны өөрийн гэсэн дансгүй, бүртгэлгүй иргэд үлдэнэ. Холбогдох төрийн байгууллагууд хамтран ажиллаж, ямар ч байсан бүх иргэнд 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ямар ч бичиг баримтгүй, халамжид хамрагдах хүсэлтээ гаргаагүй, мэдээлэл дутуу, авах ёстой тэтгэвэр, тэтгэмж, мөнгөн дэмжлэгээс хоцорч байгаа иргэд ч бий. Ийм хүмүүсийн тоог багасгах тал дээр ажиллаж байна. Одоо хэчнээн хүн бүртгэлгүй, ямар ч дансгүй байна гэдгийг хэлж мэдэхгүй.

Нийслэлийн хэмжээнд 800 гаруй тэнэмэл иргэн бий. Хог түүж амьдардаг зарим иргэд тодорхой хаягтай, бичиг баримттай, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан байдаг.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мөнгөн дэмжлэгийг иргэдийн данс руу шилжүүлэхэд хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

-Засгийн газраас олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэгийг Сангийн яамнаас олгож байгаа. Бидний зүгээс иргэдийн данстай холбоотой бүх мэдээллээ Сангийн яаманд өгч байна. Монгол Улсын 3.3 сая иргэний бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлнэ. Эдгээрээс арилжааны банкинд бэлэн данстай иргэдийн данс руу эхний ээлжинд шилжүүлсэн.

Хүүхдийн мөнгөний программд бүртгэлтэй 1.2 сая хүүхдийн дансаар эхний гүйлгээг хийж, 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийг шилжүүлсэн. Мөн дөрөвдүгээр сард төрсөн 4-5 мянга орчим хүүхдийн мөнгийг дансаар нь олгож байна.

Эх сурвалж : www.news.mn

What's your reaction?

Related Posts

1 of 19

Leave A Reply

Your email address will not be published.