НийгэмСонирхолтой

Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөрөөс ОНЦЛОХ 6 зүйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Зөв ХҮН электорат эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбатын мөрийн хөтөлбөрийн онцлох заалтуудыг танилцуулж байна.

Тэрбээр Иргэдээ дээдэлж, эвийг сахиулан дэлхийн Монголыг бүтээх үйлсэд манлайлна уриаг дэвшүүлж, 9 зүйл бүхий мөрийн хөтөлбөр боловсруулжээ.

Нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн мөрийн хөтөлбөр бүрэн эхээр нь танилцах бол https://enkhbat.mn/  дарна уу.

Мөрийн хөтөлбөр, түүний заалтуудын хүрээнд хэрэгжүүлэх гол ажлууд:

Монгол малчин айл хаана байгаагаас үл хамааран интернэттэй, дататай болох гарцыг санаачилна. Малчин хүн хотноосоо дэлхийд борлуулалт хийх боломийг хангаж ажиллана.

Популизм биш технологид суурилсан эдийн засгийн бодлогыг дэмжинэ. Жил бүр 1000 залуусыг технологийн салбарт бэлдэх чиглэлийг дэмжиж ажиллана.

Аймаг, сум, хороо, дүүрэг бүрт сургалтын орчин бий болгоно. Жилд 10,000 залуус англи хэл сурах цахим хөтөлбөр санаачлан хэрэгжүүлнэ.

Эрх мэдэл цуглуулдаг, булаацалддаг ерөнхийлөгч болохгүй. Ерөнхийлөгчид хэрэггүй бүрэн эрхээс татгалзах шинэтгэлийг санаачлан ажиллана.

ТҮЛХҮҮР ҮГС: малчид, боловсрол, интернэт,

Малчны хотноос дэлхийн боловсролыг өвөртөлж, мэргэжлийн сургалтыг гэртээ, сумандаа аймагтаа цахимаар авч, мэргэжлийн мэдлэг олгоход төвлөрнө. Ингэснээр орон нутгийн иргэд нас, хүйс харгалзахгүй гадаад хэлийг сонирхон судлах, гадны орны төсөл хөтөлбөрийн үр шимийг бодитоор хүртэнэ. Англи хэл сурах цахим хөтөлбөрийг боловсруулан аймаг, сум бүрт сургалтын орчин бий болгоно.

Монголын уламжлалт нүүдлийн ахуйд цахим технологи, эрчим хүчний эх үүсвэр, цэвэр усан хангамж, түүхий эд боловсруулах бичил үйлдвэрлэл гэх мэт орчин үеийн технологийн ололтыг нэвтрүүлэх, малчдын эрүүл, тохитой орчинд амьдрах, хөгжих, аж ахуй эрхлэх боломжийг сайжруулах, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах бодлогыг дэмжинэ.

ТҮЛХҮҮР ҮГС: Залуус, англи хэл, технологи, шинжлэх ухаан

Англи хэл, мэдээллийн технологийн боловсролыг залууст олгох, залуусаа хөгжүүлэх хөдөлгөөн санаачилна. Технологийн чиглэлээр сонгон суралцах боломжийг шат дараатай дэмжиж, старт компанийг старт апын бойжуулагч Сингапур, Өмнөд Солонгос, Энэтхэг зэрэг орнуудаас туршлага судлах боломжийг нээнэ.

Шинжлэх Ухаан Технологийн их сургуульд түшиглэсэн олон улсын стандарт бүхий лабораторийг хөгжүүлнэ. Ингэснээр жилд 1000 залуусыг технологийн салбарт бэлдэнэ. Шинэ технологи, дэвшлүүдийг төр, бизнесийн салбарт нэвтрүүлэх, өрсөлдөөний давуу талыг олж, үр шимийг нь түрүүлж хүртэх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ.

ТҮЛХҮҮР ҮГС: Тэтгэвэр, хөрөнгө оруулалт, ахмадууд, оролцоо

Тэтгэвэрт гарсан ахмадуудын мэдлэг чадварыг үнэлэн салбартаа болон бусад салбарт менторлон ажиллах боломжийг нээнэ.

Тэтгэвэрээ өвлүүлэх, хадгалах, хөрөнгө оруулах зэрэг олон улсад хэрэгжиж буй аргуудыг нэвтрүүлэх боломжтой цогц хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хэрэгжилтийг ахмадууд өөрсдөө үнэлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хяналт тавих боломжийг бий болгосноор бодит оролцоог хангана.

ТҮЛХҮҮР ҮГС: ЖДҮ, бизнес, төрийн үйлчилгээ, зээлийн хүү, цар тахал, эдийн засаг

Төрийн үйлчилгээг цахимжуулах, татвар, зээлийн хүүг бууруулах замаар бизнес, бүтээн байгуулалт хийх эрх чөлөөг нээж өгнө.

Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, ажил эрхлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ЖДҮ, орон нутгийн хөгжил, орлого хуваарилалт, хүртээмжийн тэгш бус байдлуудыг бууруулах бодлогыг дэмжиж ажиллана.

Эдийн засгаа тэтгэх банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн хүчирхэг тогтолцоог хөгжүүлж, финтекийн салбарыг бэхжүүлж, бүс нутагтаа өрсөлдөхүйц хэмжээний үндэсний корпорацуудыг тэтгэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ.

ТҮЛХҮҮР ҮГС: Авилгал, батлан хамгаалах, гадаад өр

Авилгатай тэмцэх, авилгаас ангид ажиллаж, амьдрах ёс зүй, соёлыг хэвшүүлэх ажлыг бүхий л талаар дэмжиж ажиллана.

Гадаад өрийн асуудлыг богино болон дунд хугацаанд шийдэх талаар гадаад улсууд, олон улсын эдийн засгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, уул уурхайн салбарын бодлогыг эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг шийдэх гол салбарын бодлогын түвшинд авч үзэж, олон жил дамжсан улс төрийн популизм, авилгыг бууруулах бодлогыг дэмжиж ажиллана.

Батлан хамгаалах бодлогод түүхэн уламжлал, үндэсний болон газарзүйн онцлогийг дэлхий дахины хөгжил дэвшил, ололттой хослуулах зарчим баримтлана.

ТҮЛХҮҮР ҮГС: Эмэгтэйчүүд, тэгш боломж, хөдөлмөр эрхлэлт

Нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд иргэд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, албан тушаал болон бусад байдлаар ялгаварлан гадуурхахын эсрэг, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх үндсэн эрхээ эдлэх тэгш бололцоог хангахын төлөө зүтгэнэ.

Ёс зүйн хариуцлагын тогтолцоог төрийн албаны бүх шатанд бүрдүүлэх, төрийн үйлчилгээг ил тод, цахим хэлбэрт оруулах, улс төрийн томилгоог халж өндөр боловсролтой, мэргэшсэн төрийн албан хаагчийг дэвшүүлдэг болгохын төлөө улс төрийн намуудтай хамтран ажиллана.

Нас, хүйс, боловсролоос үл шалтгаалан иргэд нийгмийн үйл хэрэгт оролцох боломжийг нээж өгнө. Хувиараа бизнес эрхлэгч, ажил олгогч эмэгтэйчүүдийн хөгжлийн оролцоог нэмэхэд онцгойлон анхаарна. Монгол улсын иргэнийг өсгөж хүмүүжүүлж буй эхчүүдэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг олон улсын төдийгүй олон нийтийн байгууллагатай хамтран ажиллана.

“Зөв ХҮН электорат” эвслийн сонгуулийн штабаас бэлтгэв.

What's your reaction?

Related Posts

1 of 34

Leave A Reply

Your email address will not be published.