Саяхан 15 настай охин алга болоод эрэн сурвалжилж, самранд явсан байсныг олж тогтоосон. Охин амьд мэнд олдсон нь баярт мэдээ боловч хүмүүс ямар нэгэн юманд муу хошуу нэмэхээ хэзээ ч мартдаггүй. Одоо харин тэр охиныг хэнтэй хамт самранд явсан, яах гэж явсан нь хүмүүст сонин байна. Хүн болгон л хамт явсан хүүг элдэв янзаар бодож хүү охин хоёрыг нүүр хийх газаргүй болгож байгаа юм шиг. Тэр хүүхдүүд өөрсдийн гэсэн хүрээлэлтэй. Бидний ингэж цахимаар тэдний тухай янз янзаар ярьж суухад тэдний эргэн тойронд юу болж байгаа бол? Тэдэнд үеийн хүүхдүүд нь яаж хандаж байгаа бол?
Энэ удаад Жаргалсайхан маань тэднийг өмөөрч ийн бичжээ:
“Өвлийн тэс хүйтэнд 15 настай охин самарт яваад ирэв. Түүнийг буруутгах хандлага нэлэнхүйдээ өрнөж сурган хүмүүжүүлэгч багш нар гал дээр тос цацаж байх юм. Тэр охинтой явсан шар толгойтой залуу хамаатан садан байвал яах вэ. Охиныг ашиглах, зугаацах зорилгоор бус туслах, хэдэн төгрөгтэй болгох гэж явсан бол яах вэ. Тэр муу залуу хүний царай яаж харах вэ. Учрыг нь олоогүй нөхдүүд охиныг үзлэгт оруулах, бага насны хүүхэд садар самуун хэрэгт уруу татсан зүйлээр хөөрхий залууг эчнээ 20 жилийн ял өгчихөөд байгаа билээ. Ямар баян таргандаа самарт явах вэ дээ. Одоо мөнгөтэй айлын хүүхдүүд зочид буудал, хаус чөлөөтэй болсон. Самар бус садар самуунд уруу татах байсан бол зочид буудал руу явах байсан. Яг үнэндээ бидний ахмад 17,18 насандаа үр хүүхдээ гаргасан гэдгийг бодолцон тэр муу хоёрыг бага чичлээрэй. Одоо бол хамгийн түрүүнд мөнгө олох арга ядуу тарчиг залууст самар болчихоод байгаа билээ. Тэр охинд яагаад мөнгөний хэрэг гарав гэдгийг бодолцох хэрэгтэй. Охины тухайд ар гэртээ хэлэлгүй олон хоног явсан буруутай ч уг шалтгаан өөр байвал яах вэ.”