Зөвлөгөө

Дотоожоо солихгүй удвал бидний биед ийм 5 зүйл тохиолдоно!

Бүгдээрээ зүгээр л нээлттэй байцгаая. Чи дотоожоо хэр тогтмол сольдог вэ? Эмч мэргэжилтнүүд өдөр бүр солихыг зөвлөдөг ч үүнийг барагцаагаар бүсгүйчүүдийн тал хувь нь дагаж мөрддөг. Харин үлдсэн тал нь долоо хоногт 2-3 удаа, шүршүүрт орохдоо гэх мэт өөр өөр хариултуудыг өгөх байх. Дотоож ямар нэг байдлаар толбо болоогүй, бохирдоогүй бол хоёр хоноход сөрөг нөлөөгүй гэж үздэг л дээ. Гэхдээ л аль болох тогтмол солимоор санагдуулах хэдэн онцгүй шалтгааныг дэлгэе. Дараагийн удаа “За за, өнөөдөртөө…” гэж бодохдоо эдгээрийг санаарай:

1. Арьс чинь загатнаж эхэлнэ: Биеийн ер нь аль ч хэсэг бохир хувцастайгаар удаан байвал хамгийн түрүүнд ийм хариу үйлдэл үзүүлнэ. Гэхдээ гар, хөл загатнахад хүн нэг их тух алддаггүй боловч яг тэр хавьцаа загатнаад эхэлвэл тэсэхүйеэ бэрх болдгийг мөөгөнцөр тусаж байсан бүх бүсгүйчүүд андахгүй. Угаагаагүй дотоожны даавуун дээр цугларч үржсэн бактериуд эмзэг арьсыг цочроосны үр дүнд загатнаа, улайлт үүсдэг.

2. Биржгэр эсвэл бэрсгэр: Загатнааг жаахан удаахад л ум дагны гадна тал, бэлгийн их уруулын орчимд улаан тууралт шиг биржрүү эсвэл бэрсрүү үүснэ. Ямар ч төрлийн ашиггүй нянгийн үржил нь үрэвсэл үүсгэх чадвартай учраас бохирдсон дотоож арьсыг үрэвсүүлж байгаа нь тэр юм.

3. Арай өөр үнэртэй болно: Жирийн үед ч эм эрхтэн маань өөрийн гэсэн үнэртэй байдаг л даа. Гэхдээ энэ удаад үнэр нь “Намайг анзаараад өгөөч” гэх шиг тод болно. Чамд ямар нэг хөлсөрхөг, хөгцөрсөн, муудсан зүйлийн үнэр шиг санагдаж магадгүй. Эсвэл зүгээр л жирийн үеийнхээс чинь өөрчлөгдсөн байхыг ч анзаарч болно. Бохирдсон дотоож бидний тэр хэсэгт очих агаарын урсгал, солилцоог хязгаарласнаар үнэрэнд нь өөрчлөлт ордог байна. Энэ бол мэдээж бэлгийн харилцааны идэвхтэй эмэгтэй бүрийн хувьд ичмээр асуудал мөн.

4. Мөөгөнцөртөж магадгүй: Суудлын ажил эрхэлдэг, бариу өмд юм уу шилэн трико өмсдөг бүсгүйчүүдэд ингэх магадлал илүү өндөр. Мөөгөнцөр нь чийглэг, халуун орчинд үржихдээ амархан учраас тэдэнд боломж бүү олгоорой. Даавуун биш торон, синтетик дотоож өмсөх дуртай бөгөөд түүнийгээ нэгээс дээш хоног өмсдөг бол чиний мөөгөнцөртөх магадлал бүр ч олон дахин нэмэгдэнэ. Нейлон, тороор хийгдсэн дотоожны дотор, доод хэсэг нь нэмэлт даавуун давхаргатай байсан ч гэсэн бүхэлдээ даавуун дотоожтой харьцуулахад агаарын солилцоо хамаагүй муутай, чийг, халууныг гадагшлуулалгүй түгжих чанараараа илүү байдаг. Тийм дотоожийг өдөр бүр өмсөөд байвал үтрээ чинь чамд нэг их талархахгүй л болов уу. Эцэст нь чи эмчид очихоос өөр аргагүй болно. Тиймээс тогтмол солих дотоож чинь бүхэлдээ даавуун байвал сайн гэдгийг сана.

5. Чи цистит тусаж магадгүй: Хэрвээ чи хэзээ ч цистит тусаж байгаагүй бол үнэхээр азтай эмэгтэй юм. Бохирдлоос үүдэлтэй ямар нэг бактер шээсний зам луу өгсөж орсноор үүсдэг өвчнийг цистит гэнэ. Зөвхөн доороосоо даарснаас, бие зассаныхаа дараа буруу арчсанаар биш дотоожоо солихгүй удахад ч энэ өвчин үүсэх нөхцөл болдог. Цистит тусъя эсвэл өмнө нь туссанаа сэдрээе гэж хүсэхгүй л байвал дотоожоо хурдхан соль.

Өдөр бүр солихоос гадна дотоожоо халуун усанд угааснаар цугларсан бактериудыг устгаж, чиний гэмгүй ариухан хэсгийг үрэвсүүлэхээс нь хамгаалж чадна. Мөн халууны улиралд болон бэлтгэл хийх үедээ өдөрт 1-ээс ч олон удаа солих шаардлагатай юм шүү. Чамдаа эрүүл энхийг хүсье!

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!