Монголын волейболын холбооноос уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болжээ. Бид тус тэмцээнд оролцож буй Хөвсгөл аймгийн “Эгч дүүс” багийг онцлон хэсэг хугацаанд ярилцсан юм.
Учир нь тэд нэг айлын долоон охин бөгөөд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 жил хүрэл мэдаль хүртсэн амжилтаар улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд оролцхоор ирээд байгаа юм. Тэд амжилттай тоглож хагас шигшээ шатанд шалгараад байна.
-Сайн явж ирэв үү. Ирээд хэд хонож байна. Улсын аваргад оролцох шийдвэрийг хэзээ гаргасан бэ?
-Сайн явж ирлээ. Ирээд дөрөв хонож байна. 1000 км-ийн холоос зориод л ирлээ дээ.
Бид сурагч байх үеэсээ волейболын спортоор хамтдаа хичээллэж эхэлсэн юм. Ээж маань спортын хүн. Аав ч мөн адил спортод элэгтэй, дуртай сонирхогч хүн. Гэр бүлийн энэ зөв хүмүүжил бидэнд их чухал нөлөө үзүүлсэн гэж ойлгодог.
Бид эгч дүүсийн энэ багаараа 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн ахмадын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байсан. Энэ жил мөн адил хүрэл медалийн эзэд болцгоосон. Тэмцээний дараа хүмүүс биднийг дэмжиж байгаагаа илэрхийлж улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирэх саналыг их тавьсан. Нутаг орны болон бусад олон сайн хүний дэмжлэгээр бид ирэх шийдвэрт хүрч тэмцээндээ оролцохоор болсон.
-Нэг айлын долоон охин долуулаа энэ спортоор хичээллээд зогсохгүй улсын аварга шалгаруулах тэмцээнд шалгарч өрсөлдөж байгаа спорт сонирхогчдод сонин байх болов уу. Эхээс хэдүүлээ вэ. Зарим хүмүүс эгч дүүсийн хүүхдүүд ч гэх юм уу эндүүрч буруу ойлгох тохиолдол гарч байна гэсэн?
-Бид Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд амьдардаг Жамъянсүрэн гэж есөн хүүхэдтэй айлын долоон охин. Долоон эмэгтэй, хоёр эрэгтэй, аав, ээжтэйгээ нийлээд арван нэгүүлээ ийм өнөр өтгөн гэр бүлд өссөн. Хүмүүс төрсөн эгч дүүс гэхээр итгэхгүй ах дүүгийн хүүхдүүд байх ч гэдэг юм уу буруу ойлгох тохиолдлууд гардаг.
Том эгчээсээ эхлээд танилцуулбал, Ж.Эрдэнэцэцэг, Ж.Алтанцэцэг, Ж.Эрдэнэсүрэн, Ж.Итгэлмаа, Ж.Очирсүрэн, Ж.Должинсүрэн, Ж.Дуламсүрэн.
-Одоо хаана хаана амьдардаг вэ. Ажил, мэргэжлийн хувьд?
-Мэдээж өөрсдийн гэсэн хувь хувийн амьдралаа зохиогоод бусдын л адил хөдөлмөрлөж явна. Бидний зарим нь орон нутагтаа хувиараа бизнес эрхэлдэг. Том эгч маань тэтгэвэртээ гарсан. Хамгийн бага дүү сумын хүүхдийн цэцэрлэгт биеийн тамирын арга зүйчээр ажилладаг. Бидэн дунд эрүүл мэндийн салбарт ажилладдаг, хилийн цэрэгт 20 жил үүрэг биелүүлсэн нь ч бий. Бидний аав, ээж 70 гарсан хоёр сайхан буурай бий. Тэд маань сум, орон нутагтаа амьдарч байна.
-Тэмцээн наадам өрсөлдөөн хэдий ч та хэдийн хувьд ялгаатай нь мартагдахгүй дурсамжийг хамт бүтээж яваа шүү дээ. Тэмцээн хэр өрнөж байна, амжилттай юу?
-Энэхүү тэмцээн эхэлсэн өдрөөс л үзэгчид, шүүгчид, баг тамирчид гээд бүх л хүн биднийг маш гоёор хүлээн авч дэмжиж байгаа. Тийм учраас бид хол газраас зорьж ирсэний хэрэг бүтлээ гэж ойлгож сууна. Гэхдээ тэмцээндээ амжилт гаргахын төлөө мэдээж хичээж байгаа. Одоо нэг тоглоод хожиж чадвал тэмцээний финалд буюу сүүлийн дөрвөн шилдэг багийн нэгээр шалгарна.
Амьдралд ховор тохиох сайхан дурсамжийг эгч дүүсээрээ хамтдаа бүтээж яваа нь хамгийн сайхан мэдрэмж юм даа. Энэ мөч хэн бүхний амьдралд төдийлөн тохиогоод байхгүй ховор олдох боломж байх. Бид амьдралын нэгэн сайхан дурсамжаа бүтээхээр ирсэн.
-Эцэг эхээс олуул байхын жаргал их. Хүүхэд нас ялангуяа дурсамж ихтэй өнгөрсөн байх?
-Багадаа концерт тоглож байна гээд л гэртээ дуулж, бүжиглэж их тоглодог байсан. Бидний хүүхэд нас ихэвчлэн зааланд өнгөрсөн гэж хэлж болно. Би сайн тоглосон, чи сайн тоглосон гээд л хоорондоо их өрсөлддөг байж. Эргээд бодоход биесээ хурцлахад, улам сайжрахад, спортдоо дурлахад их нөлөө үзүүлсэн зөв өрсөлдөөн байжээ гэж боддог.
Сумын төвийн хүүхдүүд дулааны улиралд волейболыг түлхүү гадаа тоглодог байлаа. Хашаандаа хэц татчихаад л найзуудаараа, ангийнхнаараа нийлж тоглодог. Энэ байдал ч мөн адил спортод дурлаж, сонирхон хичээллэхэд нөлөө үзүүлсэн. Хүн дуртай зүйлдээ их цаг зориулж чаддаг. Үнэхээр л сурч хөгжмөөр байсан учраас сургуулийнхаа секц дугуйланд явдаг болсон.
-Улсын аваргын тэмцээнд оролцоход туслаж дэмжсэн хүмүүс олон бий юу. Хүндрэлтэй зүйлүүдтэй тулгарав уу?
-Биднийг сум, орон нутгаас нэлээдгүй дэмжсэн. Олон хүний дэм, сэтгэлийн хүчинд сайн оролцож байна. Ангийн найз нөхөд болон эдгээр бүх хүнд баярлаж талархсанаа илэрхийлье.
-Ярилцсанд баярлалаа
Мэдээллийн эх сурвалж: Eguur.mn