Филлер тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Синдерелла гоо сайхны эмнэлгийн Олимп хотхоны салбарт өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр Герман улсад амьдарч байгаад ирсэн, 36 настай иргэн З Синдерелла эмнэлэгт бүтэн нүүрний филлер тарилга хийлгүүлжээ.
Тухайн тарилгыг Синдерелла эмнэлгийн арьс гоо заслын эмч Анагаах ухааны магистрант М тарьсан аж. Улмаар энэ үеэр иргэний нүд хараагаа алджээ. Синдерелла эмнэлгийнхэн тухайн үйлчлүүлэгчийн тарилгыг зогсоож, Улсын Гуравдугаар төв эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Гэвч “хараагаа алдсан, эмчлэх боломжгүй” гэсэн хариу авчээ.
Хохирогч З хараатай үлдсэн нүдээ хамгаалж үлдэх, эрүүл мэндийн бусад хор хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Герман улс руу яаралтай явжээ. Синдерелла эмнэлэг нь долоон салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг ба хүний хараа алдсан асуудал гарсан Олимп салбар нь өнөөдрийг болтол хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийгээд байгаа аж. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бид тус эмнэлэгтэй холбогдсон ч тайлбар өгөхөөс татгалзлаа.
Мэдээллийн эх сурвалж: medee.mn