2022 оны 11 дүгээр сарын 15-нд Turbat Nyamzai 11 дүгээр сарын 15-нд “Урт хугацааны хэлцлийн үр дүнд Монгол улсын “Wholesome Foods Mongolia” нь 2023 оны 1 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхэлхээр болсон тухай мэдээ сонслоо” гэж МакДоналдсын логотой зургийн хамт постолсон.
Түүнчлэн Bolod Mn нэртэй 78 мянган дагагчтай пэйж “McDonald’s Монголд нээгдэхээр боллоо. Бид анхныхаа салбарыг Хан-Уул дүүрэгт нээхэд бэлэн болоод байна. Гэвч Хятадын хилийн хорио цээрээс болоод манай нээлт 2023 оны 1 сарын 1нд болохоор боллоо” гэсэн тайлбартай McDonald’s хаягтай байшингийн зурагтай пост оруулсан.
Харин Twitter-т “AMAzing папААВ” /@papaavv8/ нэртэй хэрэглэгч жиргээндээ Монгол шуудан компанийн төв байрны урд талд байрлалтай Эко тауэрын сурталчилгааны дэлгэцэд гарч байсан МакДоналдсын сурталчилгааны видеог хамт оруулсан байна. Мөн “McDonald’s Mongolia” /@McDonaldsMGL/ нэртэй Twitter хэрэглэгч Монголд салбараа нээх болсон болон анхны салбарыг ХУД-т нээнэ гэх жиргээнүүдийг оруулжээ.
Энэ талаар тодруулга хүргэхэд:
АНУ-ын Чикаго хотод байрлалтай МакДоналдс корпорацийн Хэвлэлийн харилцааны хэлтэс “Одоогоор Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөө байхгүй” гэсэнмэдээлэл өгсөн.
Харин Эко тауэрын сурталчилгааны дэлгэцээр гарч байсан МакДоналдсын сурталчилгааны талаар тус дэлгэцийн хариуцсан компаниас тодрууллаа. 11 дүгээр сарын 18-нд тус дэлгэцийг хариуцдаг “Creative Forces” ХХК-тай холбогдоход, “Ийм сурталчилгаа гаргаж болно гэж туршилтаар жишээ болгон үзүүлсэн загвар. Ямар нэг байгууллагаас гэрээ хийж сурталчилгаа байршуулаагүй” гэж мэдэгдсэн байна.