МҮОНРТ-оор овоглодог гайхалтай бүсгүй бол Б.Гантигмаа сэтгүүлч билээ. Тэрээр Москвагийн радиод таван жил ажиллаад тэндээсээ арвин туршилга хуримтлуулан ирж эх орондоо ажилллаж байгаа билээ.
Түүний ээж “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр олны танил болсон жүжигчин Дэлгэржаргал гуай. Харин аав нь геолoгич. Тиймээс ч охиддоо Болормаа, Гантигмаа, Жоншмаа, гэдэг нэрийг хайрласан гэдэг.
Бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дуу хоолой, дүр төрхөөс нь гадна түүнийг гэр бүлийнхээ төлөө асар их зүтгэл гаргаж ирсэн гэдгийг тэр бүр хүн мэддэггүй. Өдгөөгөөс нэлээн хэдэн жилийн өмнө түүний эгч хүнд өвдөж хагалгаа хийх шаардлага болоход Гантигмаа элэгний донор болж байсан.
Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Миний хамгийн хүнд он жил 2013 он байсан. Дүүгээ зүрхний өвчнөөр алдаад 49 хоног нь ч дуусаагүй байхад ээж минь элэгний хавдартай болсон байсан. Хавдрыг нь авхуулаад эмнэлгээс ч гараагүй байхад эгчид маань ганцхан сарын л нас байна гэсэн мэдээ сонссон. Ээжид дуулгахаас эмээгээд, ээж л бодогдоод байсан. Тэр хугацаанд донорын бүх л шинжилгээг өгөөд эгч бид хоёрын шинжилгээний хариу тохирсон ч санхүүгийн бэрхшээл тулгарч байлаа.
Ажлынхан маань хандивын тоглолт хийе, өөр арга байхгүй гэсэн л дээ. Бид бүгд эрүүл мэндийн даатгал төлдөг хэр нь эцэс сүүлд нь үр шимийг нь хүртэж чаддаггүй гажиг тогтолцоотой байдагт маш их гутарсан. Насаараа даатгал төлчихөөд ганц мэс заслын зардлын тал хувийг нь ч улсаас төлдөггүй юм билээ.
Элэгний донор нь болж хөөрхий эгчийнхээ насыг нь жаахан ч гэсэн уртасгасан даа гэж өөрийгөө уужруулдаг даа. Энэ ташрамд хандив өргөсөн Монголынхоо ард түмэнд мөнхөд талархаж явдгаа илэрхийлье гэжээ.