1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулж байв.
Энэ өдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрэмжит чансаа өндөр 128 бөхийн барилдаан болдог. Энэ барилдаан эхлэх үеэр төрийн гурван өндөрлөг бөхийн өргөөнд орж ирэх үеэр ард түмэн “бүүлж” дургүйцлээ илэрхийлсэн.
Тэгвэл бөхчүүдээс ч гэсэн эсэргүүцлээ илэрхийлээд амжлаа. Тодруулбал нүүрсний хэрэгтэй холбоотой жагсаалд хамгийн их очиж эсэргүүцлээ илэрхийлсэн Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва нэрсийг дуудах үеэр Ард түмэнтэйгээ мэндчилж мэхийн ёсолсон хэдий ч эргэн харж төрийн гурван өндөрлөгтэйгөө мэхийн ёсолсонгүй.
Түүний эл эсэргүүцлийг цахим орчинд сайшааж байгаа бололтой. Уг нь бөхчүүд үзэгч олон руугаа, төрийн өндөрлөгүүд рүүгээ харж хоёронтаа мэндчилдэг заншилтай юм. Харин Р.Пүрэвдагва арслангийн хувьд нэгийн даваанд аймгийн заан Б.Бадамдоржид өвдөг шорооджээ.
Мөн тус барилдааны үеэр улсын арслан Б.Орхонбаяр, бөх үзэж сонирхохоор ирсэн ерөнхийлөгчийн цомыг анх удаа авснаас гадна хоёронтаа түрүүлсэн Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат аваргад мэндчилж мэхийн ёсолсон нь олон түмний хайр хүндэтгэлийг хүлээлээ.
Б.Орхонбаярын хувьд гарын бэртлээс болж улсын баяр наадмаас хойш барилдаагүй байсан хэдий ч ийнхүү ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлж цолоо мялаалаа. Тэрбээр үзүүр түрүүнд үлдэж барилдсан шинэхэн улсын харцага Г.Бадрахтай хоёр удаа таарч барилдахдаа нэг удаа өвдөг шороодож байсан бол энэ удаад давсан юм.
Улсын харцага Г.Бадрахын хувьд Хэнтий аймгийн харьяат бөх бөгөөд энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ойн барилдаанд зургаа давж харцага цолны болзол хангасан бөх юм.