Саяхан болж өнгөрсөн зохиолч Стефен Майерын төрсөн өдөртэй холбогдуулан бид та бүхэнд түүний ижил нэрт зохиолоос сэдэвлэсэн Twilight цувралын одод өнөө цагт хэрхэн өөрчлөгдсөн тухай зурагт нийтлэл бэлтгэн хүргэж байна. Тус цувралаар анх олны танил болон гялалзаж, өдгөө ч алдар нэрийн оргилд яваа тэд тухайн цаг үед энэ кинонд дүр бүтээснээр амьдрал нь огцом өөрчлөгдсөн хэмээн дурдаж байсан түүхтэй.
Кристен Стюарт (Kristen Stewart)
2022 оны Оскарын шагнал гардуулах ёслолд Spencer киноны Диана гүнжийн дүрээрээ ялалт байгуулсан жүжигчин Кристен Стюарт 2000-аад оны сүүл, 2010-аад оны эхэн үед Twilight цувралаас гадна Adventureland, The Runaways гэх мэт жижиг төслүүдэд дүр бүтээж байжээ. 2012 онд Twilight цуврал “Breaking Dawn—Part 2” ангиар өндөрлөснөөр тэрээр Snow White and the Huntsman кинонд эмэгтэй баатрын дүрийг бүтээсэн билээ. Тухайн цаг үед тэрээр жүжигчин Робэрт Паттинсонтой болзож байсан ч найруулагч Руперт Сандерстай тун дотно буй гэрэл зураг цахим сүлжээгээр тарснаар харилцаагаа таслахад хүрч байжээ. Хэдийгээр салсан боловч тэрээр Робэрт Паттинсоныг анхны хайр нь байсан хэмээгээд одоо ч гайхалтай эр хүн хэмээн үнэлдэг гэж ярьж байв. Өдгөө тэрээр Дилан Мейертай сүй тавиад буй юм.
Робэрт Паттинсон (Robert Pattinson)
Цус сорогч Эдвард Калленийн дүр түүнийг өнөөгийн амжилтын эзэн болоход гол түлхэц болсон хэмээн тэрээр “E! News” хэвлэлд өгүүлж байв. 2010 онд нээлтээ хийсэн Remember Me, 2011 онд үзэгчдийн хүртээл болсон “Water for Elephants” кинонуудад дүр бүтээснийхээ дараа тэрээр Maps to The Stars, The Rover, Good Time, The Lighthouse зэрэг бүтээлүүдэд дүрээ мөнхөлжээ. Түүнчлэн The Batman кинонд тэрбумтан Брюс Уэйнын дүрийг амжилттай бүтээж, олон нийтээс эерэг үнэлгээ аваад буй билээ.
Хувийн амьдралын тухайд тэрээр жүжигчин Кристен Стюартаас дуулиан шуугиантайгаар салсныхаа дараа хайр дурлалын амьдралаа хүмүүст тэр бүр ил гаргахаа больжээ. Гэхдээ тэрбээр 2017 оныг хүртэл английн дуучин FKA twigs-тэй болзож байсан бол 2020 оны 1 сараас эхлэн одоогийн найз бүсгүй Суки Уотерхаустай үерхэх болсон. Тэд энэ сарын эхээр Египет улсад зохион байгуулагдсан Dior загварын шоуны үеэр анх удаа олон нийтийн өмнө улаан хивсний ёслолд хамтдаа оролцсон билээ. Sunday Times хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр тэрээр “Хайр бол хувийн зүйл. Гаднын хүмүүс оролцож эхлэх үеэс л хайр жинхэнэ дурлал байхаа больдог” хэмээн өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.
Тейлор Лотнер (Taylor Lautner)
Жейкобын дүрээрээ охидын зүрх сэтгэлийг эзэмдэж явсан жүжигчин Тейлор Лотнер тус цуврал дууссаны дараагаар тулаант төрлийн Abduction, инээдмийн төрлийн” Grown Ups 2″ болон Netflix-ийн “The Ridiculous 6” зэрэг бүтээлүүдэд тогложээ. Түүнчлэн тэрээр Scream Queens хэмээх инээдмийн, аймшгийн төрлийн цувралд тоглох үеэрээ жүжигчин Билли Лоурдтой танилцаж, 2017 оныг хүртэл болзож байв. 2018 оноос тэрээр Тейлор Домтой үерхэж байгаа бөгөөд энэ оны 11 дүгээр сард сүй тавьсан билээ.
Питер Фачинелли (Peter Facinelli)
Цус сорогч Карлайл Калленын дүрийг тун чадварлаг бүтээсэн Can’t Hardly Wait киноны од, жүжигчин Питер Фачинелли Twilight киноны зураг авалт эхлэх үед Nurse Jackie цувралд ажиллаж байсан бөгөөд тус бүтээлүүдэд зэрэг ажилласан түүхтэй. Тэрээр Nurse Jackie цуврал 2015 онд дуусах хүртэл өөрийн дүрээ бүтээсэн билээ. жүжигчин Питер Фачинелли урлагийн замналдаа American Odyssey, Glee, Supergirl, S.W.A.T., FBI болон Magnum P.I. зэрэг олон кинонуудад дүрээ мөнхөлжээ. Хувийн амьдралын тухайд тэрээр анхны гэргий Jennie Garth-аас 3 охинтой бөгөөд өдгөө жүжигчин Lily Ann Harrison-той болзож байгаа ба өнгөрсөн намар хүүЖакыгаа өлгийдөн аваад буй юм.
Элизабет Ризер (Elizabeth Reaser)
Цус сорогч Эсме Калленын дүрийг бүтээсэн жүжигчин Элизабет Ризер тус цувралаар амжилтыг олж, The Good Wife, True Detective, Mad Men, Law & Order True Crime: The Menendez Murders болон Manhunt зэрэг олон бүтээлүүдэд дүр бүтээжээ. Эдгээр бүтээлүүд дундаас тэрээр Netflix-ийн The Haunting of Hill House цувралаараа хамгийн алдартай. Мөн тэрээр The Handmaid’s Tale цувралын 3-р бүлэгт дүр бүтээсэн гэдгийг уншигч та мэдэх биз ээ.
Келлан Лутц (Kellan Lutz)
Эмметт Калленын дүрээрээ бидэнд танигдсан жүжигчин Келлан Лутц тус цувралаас хойш 2013 онд үзэгчдийн хүртээл болсон Tarzan анимейшн хүүхэлдэйн кинонд дуу оруулж, 2014 онд The Legend of Hercules кинонд гол дүр бүтээснээс гадна “The Expendables 3” киноны гол дүрийн залуу насны дүрийг бүтээсэн билээ. Түүнчлэн мөн онд HBO сувгийн The Comeback цувралд Крис Макнессийн дүрд тоглосон бол хамгийн сүүлд тэрээр What Men Want инээдмийн кинонд Captain F—ktastic-ийн дүрийг бүтээжээ.
2017 онд жүжигчин Келлан Лутц телевизийн хөтлөгч, загвар өмсөгч Бриттани Гонзалестай сүй тавьсан ч 7 сарын дараа хэвлий дэх хүүхэд нь зулбаж таагүй цаг үеийг туулжээ. Тэд 2021 оны 2-р сард охин Ashtyn-гаа өлгийдөн авсан бол энэ жил Kasen нэртэй хүүтэй болжээ.
Никки Рид (Nikki Reed)
Розали Хэйлын дүрд тоглосон жүжигчин Никки Рид олон телевизийн болон бүрэн хэмжээний төслүүд дээр ажилласны дунд Sleepy Hollow болон V-Wars кинонууд багтана. Тэрээр 4 жил хамт амьдарсан Пол Макдоналдаас салсныхаа дараа 2015 онд The Vampire Diaries цувралын од Ian Somerhalder-тай гэр бүл зохиож, Bodhi Soleil Reed Somerhalder охиноо 2017 онд өлгийдөн авч байв. Мөн Никки Рид нь Bayou With Love нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрийн үүсгэн байгуулагч бөгөөд Løci нэртэй ан амьтны материал ашигладаггүй, амьтанд ээлтэй пүүзний брэндийн загварын албаны эрхлэгчээр ажилладаг ажээ.
Эшли Грин (Ashley Greene)
2009 оны Teen Choice Award-ын Шинэ залуу эмэгтэй жүжигчин шагналын эзэн Эшли Грин Twilight цувралд дүр бүтээснийхээ дараа хэд хэдэн уран бүтээлд тоглосны дунд хамгийн амжилттай нь 2019 онд нээлтээ хийсэн Fox News агентлагийн Ерөнхийлөгч Рожер Айлсын бэлгийн дарамтын тухай өгүүлсэн Bombshell кино байв.
Rogue болон Step Up: High Water цувралд ажилласныхаа дараа тэрээр 2019 онд Christmas on My Mind, 2020 онд The Charm Bracelet кинонуудад дүрээ мөнхөлжээ. 2018 онд жүжигчин Эшли Грин удаан хугацаанд болзсон найз залуу болох Пол Хуритой даруухан хурим хийж, анхны хүүхдээ энэ оны эхээр өлгийдөн авчээ.
Жексон Рэтбон (Jackson Rathbone)
2008-2012 оны хооронд 100 Monkeys хамтлагийн гишүүн байсан тэрээр жүжигчний мэргэжлээрээ Жаспер Хэйлийн дүрээр танигджээ. Хэдийгээр амжилттай жүжигчин болсон ч тэрбээр ая зохиох, дуу бичих сонирхлоо хаяагүй бөгөөд American Spirit нэртэй цомог ч гаргаад амжсан аж.
2014 онд зорчиж явсан нисэх онгоцны хөдөлгүүр дэлбэрч ослын буулт хийх үед тэрээр азаар амь гарч байсан удаатай. Энэ тухайгаа тэрээр өөрийн твиттер хуудастаа жиргэж, 2 настай хүү Монро болон гэргий Шейла Хафсади нарын хамт ослын гулсуураар хэрхэн гарч байсан тухай өөрийн түүхийг шүтэн бишрэгчдэдээ хуваалцаж байжээ. Өдгөө тэрээр АНУ-ын Техас мужийн Остин хотноо хүү Монро, Феликс, охин Пресли болон гэргийн хамтаар амьдарч байна.
Рэйчел Лефевр (Rachelle Lefevre)
Тус цувралын хоёр ангид Викториягийн дүрийг бүтээсэн жүжигчин Рэйчел Лефевр Summit Entertainment студитэй киноны зураг авалтын цагтай тохирч чадахгүй байсан тул өөрийн дүрээ үргэлжлүүлэн бүтээгээгүй гэдэг. Харин түүний дүрийг жүжигчин Брайс Даллас Ховард хүлээн авсан билээ. Түүнээс хойш нэр бүхий хэд хэдэн уран бүтээлүүдэд ажилласны дотор зохиолч Stephen King-ийн ижил нэрт бүтээлээс сэдэвлэн хийсэн Under the Dome цуврал багтана.
Тэрээр 2018 онд мэргэжлийн тогооч Крис Крэйтэй гэр бүл зохиож, хүүтэй болоод амжсан аж. Гэрлэлтийнхээ тухай тэрээр нэгэн ярилцлагадаа “Гайхалтай амттай хоолоор намайг эрхлүүлэх дуртай нөхөртөө чамтай удаан хамт байхын тулд марафонд гүйж байх хэрэгтэй болох нь ээ” хэмээн наргих дуртай гэж өгүүлж байжээ.
Кам Гигандет (Cam Gigandet)
Өшөө авах сэтгэлдээ баригдсан цус сорогч Жеймсийн дүр романтик хайрын түүхээр баян киноны хэсэгхэн тулаантай үзэгдлийг чимдэг байсан гэхэд хилсдэхгүй биз ээ. Ийнхүү хайрын түүхийг өгүүлсэн кинонд богинохон харагдаад өнгөрөх дүрийг бүтээсэн ч тэрээр Easy A, Burlesque, The Magnificent Seven зэрэг бүтээлүүдэд дүр авч чаджээ.
Хамгийн сүүлд тэрээр гэмт хэрэг, драм төрлийн Ice цувралын хоёр бүлэг болон Without Remorse, Last Shoot Out нэртэй бүтээлүүдэд тогложээ. Тэрээр жүжигчин Доминик Гейсендорфтой болзож хоёр охин, нэг хүүтэй болоод байсан ч энэ оны эхээр салсан билээ.
Брайс Даллас Ховард (Bryce Dallas Howard)
The Village, Manderlay, Lady in the Water, As You Like It, “Spider-Man 3” болон Terminator Salvation зэрэг олон алдартай бүтээлүүдэд дүрээ мөнхөлж байсан жүжигчин бүсгүй цус сорогч Викториягийн дүрийг The Twilight Saga: Eclipse ангид бүтээжээ. Мөн тэрээр The Help, 50/50 болон Jurassic World кинонуудад тоглохын зэрэгцээ Black Mirror цувралын Nosedive хэмээх ангид алдарт Элтон Жонын хамт дүр бүтээж байв. Хамгийн сүүлд тэрээр энэ жил нээлтээ хийхээр төлөвлөөд буй Argylle кинонд жүжигчин Хенри Кавиллын хамтаар тоглосон байна.
Анна Кендрик (Anna Kendrick)
2008 онд Беллагийн атаархуу найз Жессикагийн дүрийг бүтээж явсан тэрээр 2009 оны Оскарын шагнал гардуулах ёслолын Шилдэг туслах эмэгтэй дүр номинацид Up in the Air бүтээлээрээ нэр дэвшиж байжээ. Түүнчлэн тэрээр мюзикл төрлийн The Last Five Years, Into the Woods, тулаант төрлийн The Accountant, гэмт хэргийн төрлийн A Simple Favor болон Trolls хэмээх анимейшн кинонд дуу оруулж, дүрээ мөнхөлж бүх талын авьяастай нэгэн гэдгээ харуулсан билээ. Тэрээр 2016 онд өөрийн намтар зохиол болох Scrappy Little Nobody-ыг хэвлүүлэн гаргаж байжээ.
Кристиан Серратос (Christian Serratos)
Беллагийн өгөөмөр сэтгэлт найз Анжелагийн дүрийг богинохон хугацаанд тун чадварлаг бүтээсэн жүжигчин Кристиан Серратос The Walking Dead цувралд Росита, American Horror Story: Murder House ангид Беккагийн дүрийг бүтээж байжээ. Тэрээр хамгийн сүүлд Netflix-ийн Selena: The Series цувралд поп од Селена Квинтаниллагийн дүрийг бүтээжээ. Өдгөө тэрбээр New Politics хамтлагийн дуучин Дэвид Бойд болон охины хамт амьдарч байна.
Дакота Фэннинг (Dakota Fanning)
Бага наснаасаа олны танил болон гялалзсан тэрээр 2009 онд 15 настайдаа Волтуригийн гишүүн Жэйнын дүрийг бүтээсэн билээ. Тэр цагаас хойш тэрээр American Pastoral, Ocean’s 8 болон Once Upon a Time in Hollywood зэрэг олон томоохон бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн юм. Өдгөө тэрээр эгч Элле Фэннингийн хамтаар Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Франц орны тухай өгүүлэх The Nightingale зохиолоос сэдэвлэн хийж буй кинонд ажиллаж байна.
Маккензи Фой (Mackenzie Foy)
The Twilight Saga: Breaking Dawn–Part I кинонд Эдвард болон Белла нарын охин Ренесмийн дүрд тоглохдоо тэрээр 10 настай байсан аж. Түүнээс хойш тэрээр The Conjuring, Interstellar, The Nutcracker and the Four Realms болон Black Beauty бүтээлүүдэд дуу оруулжээ.