–Хүчит бөхийн барилдааны түрүү булаалдах агшин буюу арвын давааны барилдааныхаа мэдрэмжийг ярихгүй юу. Барилдааны дундуур таны гарын шөрмөс татсан уу, их л зовуурьтай харагдаж байсан даа…
-Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс аваргатайгаа есийн даваанд тунаж барилдаад давсан.
Ес давчихаад аав дээрээ очлоо. Аав ч баярласан үгүй нь мэдэгдэхгүй их тайван хүлээн авлаа. Нутгийн бөхчүүд, ах нар маань ч за одоо ганцхан даваа шүү дээ Хангай минь л гэсэн. Өөр юм хэлсэнгүй. Ойр байгаа хүмүүсийн харц, сэтгэл санаа тайван байсныг ч хэлэх үү арвын давааны өмнө айхтар сандарсангүй.Ингээд арвын даваанд Б.Орхонбаяр дүүтэйгээ алгуурхан өрсөн дөө.
Барилдааны явцад гэнэт баруун гарын шөрмөс зангирчихаад огт сулрахгүй байсан. Баруун гарын атгалт таг алга болчихсон, гараа огт тэнийлгэж болохгүй байлаа. Өөрөө гараа хөдөлгөж барьж нэлээд үзсэн боловч булчин нь огт суларч өгөхгүй байсан болохоор эмч рүү хандсан. Ингээд хөлийн цэц, эмч нараар жаахан бариулж, цохиулж байтал овоо гайгүй болж барилдаанаа үргэлжлүүлсэн.
–Гантай жил хур бороо орохыг хүлээдэг шиг ховдчууд аваргатай болохыг 100 жил хүлээсэн. Энэхүү хүлээлтийг, хүслийг биелүүлж өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх болж, аварга цол хүртлээ шүү дээ. Тиймээс энэ их хүлээлт, хүсэл, итгэлийг дааж чадсан сэтгэгдэл, Төрийнхөө есөн хөлт цагаан тугаа арвантаа тойрох үеийн мэдрэмж ямар байв даа?
-Миний гаргасан амжилтын ард Монголын ард түмэн, үргэлж тусалж дэмждэг аав, ээж, хань, үр хүүхэд, хамаатан садан, ах, эгч, багш, найз нөхөд, хамт олон минь байдаг. Тиймээс юуны өмнө эдгээр эрхэм нандин хүмүүстээ танай сониноор дамжуулаад чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье ээ. Та бүхэндээ хайртай шүү, баярлалаа гэж хэлье. Мэдээж үндэсний бөхөөр хичээллэдэг, барилддаг бөх бүрийн зорилго, мөрөөдөл нь төрийнхөө их баяр наадамд түрүүлэх, шинэ цолонд хүрч барилдах байдаг.
Тэр утгаараа миний ч мөрөөдөл, зорилго энэ байсан. Би зорилго, мөрөөдөлдөө хүрч чадлаа. Мөрөөдөл, зорилго биелэх шиг сайхан зүйл хаана байх вэ. Үнэхээр их баяртай, бахархалтай байна.
-Ховдын хязгаар, Буянт голын хөвөөнөөс Монгол Улсын 47 дахь аварга төрлөө. Аварга цолтон төрөх тэр агшинд наадамчин олон бүгд “Тунгалаг Буянт” голыг дуулж, уухайлж байсан шүү дээ…
-Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадам цар тахлын дараа болж байгаа гэдэг утгаараа үнэхээр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэхүү түүхэн ойгоороо аварга хэмээх цолтны эгнээнд багтаж чадсан гэдэгтээ өнөөдрийг хүртэл итгэж чадахгүй л явна. Яг наадмын үеэр, барилдааны явцад өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулах, барилдаандаа анхаарлаа төлөврүүлэх зорилгоор дотор хүнтэйгээ их ярьсан. Нүдээ аниад нутгийнхаа уулсыг сэтгэлдээ харж, тунгалаг Буянт голынхоо урсах чимээг чихэндээ сонсож, залбирч суусан. Нутгийн минь уул, ус түшлээ л гэж бодож байна.
Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд бие болоод сэтгэлийн хүч тэгш, тогтвортой байж л амжилт гаргана. Мөн наадамчин олны уухайн дэмжлэг надад үнэхээр том урам зориг өгсөн. Намайг дэмжсэн түмэн олондоо үнэхээр их баярлалаа гэдгээ дахин илэрхийлье. Наадмын өмнө харцагуудын нэг шоу болсон. Тэр үеэр улсын засуул Б.Мөнхбаатар ахыг “Та намайг аварга болж байна гээд нэг сайхан аваргын цол дуудаад өгөөч” гэж гуйж аваргын цол дуудуулсан. Үүнийг би хувьдаа их бэлэгшээлтэй зүйл болсон болов уу гэж бодож байна. Тэрхүү сайхан бэлгэшээл, ерөөлөөр өдгөө би аварга цол хүртчихсэн явж байна.