Телевизээр хонжворт сугалаа, бараа бүтээгдэхүүн үнэ хаялцуулан худалдах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ
Телевизээр эд мөнгөний хонжворт сугалаа явуулах, бараа бүтээгдэхүүнийг студид байрлуулан үнэ хаялцуулах, дуудлага худалдаа зохион байгуулах хэлбэрээр худалдан борлуулах нэвтрүүлэг гаргахыг хоригложээ.
Харин эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах нэвтрүүлэгт сугалааны тохирлыг дамжуулах нь хамаарахгүй аж. Ингэснээр НӨАТ-ын сугалааны тохирлыг телевизээр гаргана гэж ойлгох нь.
Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос/ХХЗХ/ телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах хэлбэрийн нэвтрүүлгийг нэгдүгээр сарын 9-ний дотор зогсоох мэдэгдэл хүргүүлсэн байна.
Тус газарт иргэдээс телевизүүдээр эд мөнгөний хонжворт сугалаа сурталчлан борлуулсан нэвтрүүлэг ихээр хийж байгаа нь соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэхгүй байна гэсэн гомдол тасралтгүй ирсний дагуу журамдаа өөрчлөлт оруулжээ.
2022-08-12нд мөн Сугалаа явуулдаг компаниудыг шалгаж, арга хэмжээ авсаныг эргэн сануулья
ШӨХТГ иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхлэгчдийг шалгалаа.
Өнөөдрийн байдлаар Сангийн яамнаас “Эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлтэй 9 ААН байгаагаас “Монгол сугалаа”, “Түшиг говь хангай”, ”Саятан лото”, “Чинчухажир”, “Эгнэшгүй Их” ХХК-иуд үйл ажиллагааг идэвхтэй явуулж байна.
Хяналт шалгалтаар “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчлүүд илэрч, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Үүнд:
“Он жим” ХХК, ”Нүүдэлчин гэр” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нь ”эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, улмаар сугалааны шууд нэвтрүүлгийг телевизүүдээр нэвтрүүлж байсан ба тухайн аж ахуй эрхлэгчдийн зөрчлийг таслан зогсоох талаар ШӨХТГ-ын даргын 2022.08.05-ны өдрийн 01/1350 дугаартай албан бичгээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” хугацаатай албан бичгийг хүргүүллээ.
Нийтийн цахим орчинд “эд мөнгөний хонжворт сугалаа гаргах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж байгаа нь хууль эрх зүйн зохицуулалтгүй байх тул боловсронгуй болгох, тусгай зөвшөөрөлд тусгасан нэрийг дур мэдэн өөрчилдөг, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад үйл ажиллагаа эрхэлсэн, тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, хариу мессэж илгээх, үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хэрэглэгчийг хангахгүй байх зэрэг зөрчлүүд илэрсэн ба эдгээрт хяналт тавих, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээ авч ажиллах талаар агентлагийн даргын 2022.08.05-ны өдрийн 01/1351 дугаартай албан бичгийг Сангийн яаманд хүргүүллээ.
“Саятан Лото” ХХК-ийн зүгээс 1900-0000 тусгай дугаараар “Үндэсний сугалаа” нэртэй сугалааг эрхлэн явуулахдаа тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа явуулсан, хариу мессэж илгээх болон үнэ, тарифын талаар урьдчилан мэдээллээр хангаагүй зэрэг нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчсөн байх тул 5 сая төгрөгийн торгууль ногдуулах арга хэмжээ авч ажиллсан байна