Зөвлөгөө

Бадамжунай багшийн нандин сургаал

Хамаг бурхадын номыг гурван оньсоор товчлон өгүүлсү: Гадаад үзэгдлийг ариусгаж, дотоод сэтгэлийг чөлөөлөхүйд хорвоогийн хүлээс аяндаа алдарна.

Гадаад үзэгдлийг ариусгахын тулд: Элдэв тусгалтай бүү зууралд. Сайхан, муухай үзэгдэл бүхнийг зүүд зэрэглээ төдийд ухаар. Эд хогшил, эдлэн сууц, уул ус болоод амраг садан, анд нөхөд, атаатан дайсан, ойр хол хэнийг ч, юуг ч өөртөө бүү хамаатуул.

Дотоод сэтгэлдээ ялгаа хийж, ягшин зууралдахгүй л бол гадна талын үзэгдэл аяндаа ариусна. Үзэгдэл ариусах нь хүртэх чадвараа алдахын нэр биш. Гагцхүү үзэгдлийн тунгалаг хоосон чанарыг ухаарч, түүнд уягдаж хүлэгдэхгүй эрх чөлөөтэй оршино гэсэн үг. Толинд элдэв дүрс тусгал тодровч тэр бүхнийг толь өөртөө нялзаадаггүй шиг.

Дотоод сэтгэлээ чөлөөлөхийн тулд: Бодол, төсөөлөл, дурсамж, мөрөөдөл, дурлал, хорсол юу төрөвч тэр бүхнийг зөнд нь орхиод ажиглах аваас аяндаа замхарна. Бодолд автахгүй байх нь сэрэх чадваргүй чулуу мэт болохын нэр биш.

Үлгэрлэвэл, Алтан арал дээрх бүх зүйл нь алт учраас энгийн чулуу тэнд байхгүй. Тэр утгаар нь чулуугүй арал гэж нэрлэдэг. Түүнчлэн бодол үгүй, сэтгэл үгүй гэгдэх арилсан төлөвт орсон үед атгаг бодол замхравч ухамсар сэрэхүй оршсоор байна.

Үүлэн хөшиг ярагдахад хөх тэнгэр гийх мэт бодлын бүрхээс сарнихад цэвэр тунгалаг ухамсрын огторгуй гийнэ. Угаас оршигч амар амгалан түүнийг Бурханы үнэн таалал, өөрийн мөн чанар хэмээн тань. Энэ бол зохиомол төсөөлөл биш, төрөлх зөнгийн ухаарал. Зүйрлэвэл, төрсөн эхийгээ хүүхэд миний ээж гэж санахдаа хүчилж боддоггүй шиг.

Тэрхүү цэвэр ухамсартаа орших тусам сансрын илбэнд хууртахаа болино. Үзэгдэл бүхэн тусдаа бүтсэн утга үгүйг таниваас үнэмлэхүй номын агаар өөрийн ухамсар лугаа нэгэн чанарт болохыг мэднэ. Тэр цагт дээд доод язгуур, сайн муу үйл, мэргэн мунхаг оюун, жаргал зовлонт заяаны ялгаа бүхэн сарниж, хамаг оршихуй арилсан гэгээн болъюу.

Ухаж ойлгоход төвөггүй, өдөр тутам хэрэгжүүлэхэд хялбар, үр шим нь адис буян төгөлдөр энэ сургаалыг дагавал амьд насанд зовлонгүй сайхан, үхэх цагт айдасгүй амгалан байна. Энэ номтой учирсан хүн эрхэм дээд хувь ерөөлт учраас өөрөө ухаарч, өрөөл бусдад түгээхдээ бүү назгайр. Эргэж буцалтгүй урсгалд орж, энэлэнт орчлоос гэтлэх болтугай. Ум аа хум базар гүрү бадма сиди хум.

What's your reaction?

Related Posts

1 of 39

Leave A Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!