Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:
Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар Ерөнхийлөгч чуулганы завсарлагын үед хориг тавивал дараагийн чуулган эхлэхэд ажлын эхний 14 хоногт энэ хоригийг хэлэлцэх ёстой. Хоригийг нийт гишүүдийн 3/1-ээр хүлээн авдаг. Хүлээн авах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бүхэлд нь хориг тавьсан учраас хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжихгүй.
Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Учир нь:
1. Энэ хуулийг УИХ-д 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дотор баталсан. Энэ нь иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй. Ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийн саналыг аваагүй нь Үндсэн хууль зөрчиж байна.
2. Хүний эрхтэй холбоотой хуулийг батлахдаа олон нийтийн оролцоог сайтар хангаж, тодорхой хэлэлцүүлгийг зохион байгуулж хууль дээдлэх суурь зарчимд нийцүүлэх ёстой.
3. Ерөнхийлөгч хуульд хориг тавих бүрэн эрхтэй. Ерөнхийлөгчид энэ хуулийг нэгдүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хүлээн авсан өдрөөс хойш таван өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай. Хоёр сарын 1-ний өдөр хориг тавих хугацаа дуусаж байгаа. Тэгвэл энэ хуулийн дагаж мөрдөх хугацааг хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдах байдлаар уг хуулиудыг зохицуулсан байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар болсон. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийж байна.
Засгийн газраас 2023 оны 1-р сарын 18-ны өдөр уг хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд 3 хоногийн дотор баталсан юм.
Хуулийн төслийг богино хугацаанд хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчин баталсан төдийгүй хангалттай судалгаа хийгээгүй хэмээн хуульчид, хэвлэл мэдээллийнхэн, хүний эрхийн төлөө байгууллагууд эсэргүүцсэн.
Мөн хүний эрхийг хамгаалах бус иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халтай болсон хэмээн байр сууриа илэрхийлээд буй юм.
Хуулийн төслийг санаачилсан ЦХХХ-ны сайд Н.Учрал “Энэ хуулийн төсөл анх 2017 онд боловсруулагдсан. Холбогдох байгууллагууд болон олон улсын байгууллагуудын судалгааны хувьд хангалттай бүрдсэн олон жил хүлээгдсэн хуулийн төсөл юм.
Жишээ нь цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууныг сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн. Цахимаар залилах гэмт хэрэг нэг жилийн дотор 93.8 хувиар, цахимаар хүүхдэд садар самууныг сурталчлах гэмт хэрэг 2.8 дахин өссөн.
Эрүүгийн хуулийн 34 төрлийн гэмт хэргийн 94 хувь нь цахим орчинд үйлдэгдэж байна гэсэн судалгаа бий. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй тул энэ хуулийн төслийг даруй баталж, гэмт хэргээс сэргийлэх зорилтоор контентууд дээр нь холбогдох үйлчилгээ үзүүлэх байгууллагуудтай харилцах сувгийг тодорхой болгох шаардлагатай.
Энэ хууль нь төрийн гэмт хэрэг гарахаас сэргийлсэн, хохирогчдыг хамгаалсан хууль болсон. Тиймээс би троллчид буюу уул, ус, хадны зурагтай хүн биш, хүн хогуудыг шүүмжилж байгаа юм. Цахим орчинд гэмт хэрэг цаг, минут тутам гарч байгаа тул хуулиа хурдан батлах шаардлагатай байна” хэмээсэн юм.
Эх сурвалж : gogo.mn